Ядуучуудад өгөх мөнгийг хувьдаа идсэн Сүхбаатар аймгийн засаг дарга

Сүүлийн үед манай зүүн хэдэн аймгийн засаг ноёд, орон нутгийн удирдлагууд гаднынхан, бизнесийнхэнтэй их орооцолддог болжээ. Гадна дотны бизнесменүүдтэй нутаг орноо хөгжүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр хамтарч ажиллах ёстой ч сайн гэхээсээ саар талруугаа эргэчихэж. Уг нь тэдэнтэй төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж хууль журмын дагуу харилцаж ажиллах учиртайсан. Гадны бизнесмэн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх ёстойгоос бус тэдний гүйдэг менежер шиг авирлаж нэр нүүрээ алдах хэрэг байна уу? Тэгвэл манай орон нутгийн засаг ноёд яг үүнтэй адил аашилж байна. Саяхан Дорнод аймгийн АН-ын дарга хятадын нэгэн компанид газар олж өгнө гээд 30 сая төгрөг авсан тухай шуугиан дэгдсэн бол хөрш Сүхбаатар аймгийн засаг дараг бас л урд хөршийнхөнтэй холбогдсон хэл аманд оржээ. Засаг дарга Ж.Батсууриас хятад компани 7010 сая төгрөгний үргүй зардал гаргуулсан, нөхөн төлбөр өг хэмээн заргалдаж явна. Ж.Батсуурь дарга Мөнххаан сумын нутагт байдаг гөлтгөний ордыг хятадуудад өгнө гээд тохироо хиячихэж. Ингээд эрх мэдэл албан тушаал гээд хамаг хүч чадлаа гарган гадныхны төлөө зүтгээн боловч барсангүй. Бүхэл бүтэн аймгийг атгасан  “бүдүүн” даргын үгэнд итгэсэн хятадууд уурхай байгуулна, олборлолт хийнэ гээд баахан тоног төхөөрөмж машин техник оруулж иржээ. Уул уурхайн тоног төхөөрөмж өндөр үнэтэй байдаг тул энэ ажилд нийтдээ 700 гаруй сая төгрөгний зардал гарсан юм байх. Дэлхий даяар ховор металл үнэд орсон болохоор хэрвээ гөлтгөний уурхайг гартаа оруулчихвал асар их ашиг олох байсан нь ойлгомжтой. Гэтэл засаг даргаар дэмжүүлсэн хятадууд хүслэн болсон уурхайгаа атгаад л алджээ. Учир нь тэр орд нэгэн монгол компаны эзэмшилд байдаг, зохих зөвшөөрөл нь хууль номын дагуу авагдсан аж. Урьдчилсан тооцоогоор бараг 10 тэрбумаар үнэлэгдэх орд гэнэ. Өрөм тос шиг ордод татагдсан засаг дарга хувааж эзэмших саналыг албан бус шугамаар тавьсан бололтой. Өөрөөр хэлбэл 50 хувийг нь өөрт нь шилжүүлж өгөөч гэжээ. Гэсэн ч хэн ч гэсэн зовж олсон зүйлээ бусадтай тэр тусмаа ганц ч хүрз шорооны ажил хийгээгүй засаг даргатай хуваалцах билээ. Монгол компани татгалзсан бөгөөд хууль дүрмийн дагуу орон нутагтай хамтарч ажиллана., татвар хураамжаа номоор нь төлнө, өөр юм байхгүй гэсэн хариу өгчээ. Хүлээж байсан хариугаа аваагүй засаг дарга Ж.Батсуурь шаралхаж ямар ч аргаар хамаагүй ордыг салгаж авахаар дайрчээ. Эхлээд аймгийн ИТХ-д иргэдийн  “нэрээр” хүсэлт гаргаж орд байгаа талбайг орон нутгийн хэрэгцээнд авна гэжээ. Нэг намынх нь журмын нөхөд ИТХ-д олонхи тул ядах юмгүй тогтоол гаргуулж ордыг  “орон нутгийн тусгай хэрэгцээ”–нд гэдэг нэрээр дайчлан   хураасан гэнэ. Дараа нь ажилгүйдлыг бууруулан ядуурлыг багасгаж байна хэмээн баахан ажилгүй залуусыг өнөөх орд руу оруулжээ. Харин гөлгөнө нь алт, нүүрс биш юм болохоор гар аргаар олборлоно гэж байдаггүй бололтой. Яг энэ үед “сайн хүн санаагаараа” гэгчээр нөгөө хятад компани гараад ирж. “ хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг байтал Ж.Батсуурь эсрэгээр нь хийж монголоосоо булаан хятадуудад өгөх гэсэн байх юм. Гэсэн ч тэрээр гурван шатны шүүхэд дараалан ялагдсан тул хятад андынхаа өмнө хэлсэндээ хүрч чадсангүй. Харин цаадуул нь болно бүтнэ гээд баахан техник төхөөрөмж оруулж ирээд зад шатжээ. Тоног төхөөрөмж оруулж ирсэн, буцааж гаргасан гээд 700 сая төгрөгөөр хохирчээ. Үүнээс гадна уул уурхаөйн компаниудаас өгсөн тусламж гэж ямарч тайлан тооцоогүй эд байдаг аж.уг нь аймгийн амжиргааны түвшин доогуур иргэдэд өгөх мөнгө байж. Нэлээд олон компани мөнгө өгсөн бөгөөд доод тал нь 10 саяыг хандивлажээ. Ж.Батсуурь дарга зарим нэгээс нь машиндаа оруулж байгаад бүр бэлнээр тоолж авсан гэдэг. Гэтэл тэр их хөрөнгө хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй бөгөөд тамгын газар нь шаардуулж байж “ Улаанбаатарт өнгөрсөн жил Чингис зочид буудалд хийсэн Сүхбаатар аймгийг хөгжүүлэх форумд зараад дууссан” гээд хэдэн тоо тавьсан алга дарам цаас өгчээ. Бүх компанид ийм тайланархуу юм өгч. Гэтэл хурал цуглаан хийх зардал төсөвт суусан төдийгүй оролцсон дотоодын компаниас 100 доллар, харин гадны компани бүрээс 200 долларын хураамж авсан гэдэг. Тэр мөнэгөөрөө хурлын зардлаа төлсөн байх учиртай ч, ядуучуудад өгөөрэй гэсэн олон арван сая төгрөгийг зарцуулчихсан сууж байгаа нь тун хачирхалтай.


URL:

Сэтгэгдэл бичих