“Эрдэнэт”-ийн дэд захирлыг сольжээ

906cea162f1a7ac0big“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар С.Сувдааг, Баяжуулах фабрикийн даргаар н.Батхуягийг томилох тушаалыг үйлдвэрийн удирдлагууд өнөөдөр гаргасан байна.

Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Г.Зоригт нь Орхон аймгийн Засаг даргаар сонгогдсоноос үүдэн уг шийдвэрийг гаргасан аж. Түүний оронд томилогдож байгаа С.Сувдаа нь Орхон аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан хүн юм байна. Харин үйлдвэрийн үндсэн дөрвөн цехийн нэг болох баяжуулах фабрикийн даргаар Ц.Батмөнх ажиллаж байгаад энэ удаад дээрх шийдвэрийн дагуу ажлаа хүлээлгэн өгөхөөр болж буй гэнэ.

“Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлыг өөрчлөх эсэх асуудал энэ хүрээнд яригдаагүй гэж эх сурвалж хэллээ. Монгол, Оросын хамтарсан тус үйлдвэрийн ТУЗ буюу Советийн хурал оны өмнөхөн Улаанбаатарт болж, уг хуралд ОХУ-ын “Ростехнологи” компанийн ерөнхий захирал ноён С.Чемезов оролцсон юм. Энэ хурлын үеэр С.Чемезов “Эрдэнэт” үйлдвэр хямралын үед өндөр үр ашигтай ажилласныг онцлоод үйлдвэрийн удирдлагыг өөрчлөх үндэслэл байхгүй гэж үзсэн талаар www.news.mn мэдээлж байсан. Гэхдээ тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийг улс төрийн намын харьяаллынх нь улмаас уг албанаас өөрчлөх байх гэсэн хүлээлт байдаг ч ямар ч байсан өнөөдрийн байдлаар ажлаасаа чөлөөлөгдөөгүй байна. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэдэг мэдээлэл твитер хуудсаар мэдээлэгдэж байгаа ч эх сурвалжууд үүнийг нотолсонгүй.

З.ОРГИЛ


URL:

Сэтгэгдэл бичих