Миний “хатан” болсонгүй гээд 21 настай бүсгүйн судсыг ханасан бөө Ф.Баянжаргал ялаас мултарсан нь тэнгэрийн ивээл үү, авлигын шид үү

Шүтэн бишрэх нь хүмүүсийн эрх чөлөөний илэрхийлэл. Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд болсон болоогүй бөө, бусад шашны янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайх нь юунд ч хүргэж болдогийг сүүлийн үеийн үйл явдлууд бэлхнээ харуулсаар байна.  Шинэ оны босгон дээр Солонгост ажиллаж байсан нэгэн эмэгтэй байрныхаа гурван давхараас унаж нас барсан мэдээ бий. Үхлийн шалтнаан нь хуурамч бөөтэй холбоотой гэсэн яриа чих дэлсээд чимээ тасарсан. Талийгаач тэр орой гэртээ Монголоосоо очсон нэгэн бөөгөөр засал хийлгэж баахан бөөлүүлсэн гэдэг. Тэр бөө нь түүнд юу гэж зөвлөснийг бүү мэд, нэг л мэдэхэд амиа хорлосон байжээ. Энэ явдлаас хэдэн сарын өмнө өөрийгөө бөө гэж өргөмжилсөн эр хүмүүст чадал чансаагаа үзүүлэх гэж дөвчигнөн түүдэг гал асааж дээгүүр нь хөл нүцгэн алхахдаа түлэгдсэнээс болж өвчин нь улам хүдэрсээр нас барсан байна. Тэгвэл саяхан нийслэлд Ф.Баянжаргал гэгч бөө 21 настай бүсгүйг “Удган болох тавилантай” хэмээн мунхруулж, ар гэрийнхэнийг нь “Мөнх тэнгэрийн хүч”-ээр далайлган баахан дарамталсан хэрэг илэрсэн юм.

Тэрээр дөнгөж 31 настай. Боловсрол гээд байх гавьтай юмгүй. Дэнжийн мянгад амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байв. Жил гаруйн өмнөөс ойр хавийнхаа бөө нэр зүүсэн хэдэн хүнийг даган дуурайж яваад гэнэт “Бөө” болчихжээ. Намтар түүх нь гэвэл товчтой иймэрхүү. Харин гэрийнхэн нь түүний бөө энээ тэрээ болж сүржирнээд явахад анхнаасаа дургүй байсан юм билээ. Нэг удаа ойрын хамаатан ах нь түүнд “Чи бол бөөгийн уншлага, дуудлага байтугай олигтойхон шүлэг ч уншиж чадахгүй хүн шүү дээ” гэж зэмлэж байжээ. Гэвч мөнгө олох үүнээс өөр амар хялбар арга зам олдоогүй бололтой. Тэгээд нэг өдөр найз залуугаа дагуулан явж байгаад Н.Гэрэлмаа гэдэг эмэгтэйтэй танилцжээ. Гэрэлмаа тэднийг машиндаа суугаад засварын газар руу явах хооронд Ф.Баянжаргал “Чиний машинд албин чөтгөр байна” гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн байна. Н.Гэрэлмаа угаасаа бөө, лам нарыг тоодоггүй тул ярьж хэлснийг нь ойшоосонгүй. Харин машин тэрэг янзалдаг гэхээр нь хэд хоногийн дараа машинаа засуулахаар болсон гэдэг. Ингэж явахдаа Ф.Баянжаргал түүний дүү эмэгтэйгийн утсыг авч, цаашлаад тэдний ар гэрийнхэнтэй танилцаж амжжээ. Н.Гэрэлмаагийн нэг эмэгтэй дүү нь Солонгост ажиллаж байгаад ирсэн байлаа. Тэд сүүлдээ цөмөөрөө Баянжаргалд итгэж, бөөгийн сахиусаа авахад нь баахан мөнгө төгрөг, эд агуурсаар тусалж байв.

Гэвч тусыг усаар, ачийг бачаар гэгч болжээ. Мань эр Н.Гэрэлмаагийн бага дүү бүсгүйд дурласан хэмээн өдөр шөнөгүй утасддаг болж, хожим нь нэг өдөр “дурлалт” бүсгүйгээ нөгөө солонгосоос ирсэн дунд эгчийнх нь хамт гэртээ дагуулж аваачаад бэлгийн гаж үйлдэлд уруу татахыг оролдсон байна. Хоёрын хоёр, тэгэхдээ бүр төрсөн эгч дүү хоёртой нэгэн зэрэг бэлгийн харилцаанд орох гэж тэнэгтжээ. Ингээд адгийн луйварчин, бэлгийн гаж донтон гэдгээ илчилж орхив. Гэхдээ муу хүнд ч бас өөрийн гэсэн нарийн арга байдаг хойно доо. Үхэн хатан дуралсан царай гаргасаар, дүү бүсгүйтэй нь суухгүй бол боож үхнэ гэж сүрдүүлсээр өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр Дарханд “хайртыгаа” дагуулан очоод гэмт хэргээ үйлджээ. Тэнд зочид буудалд байрлаж, бүсгүйд “Танай гэрийнхэн бид хоёрыг ойлгохгүй байна. Чи миний хатан болохгүй бол амиа хорлоно.

Хоёулаа хамт үхнэ” хэмээн архидан согтуурахдаа судсыг нь ханасан байлаа. Маш их цус алдсан бүсгүй үхсэн амьд нь мэдэгдэхгүй шахам эмнэлэгт хүргэгдсэнийг уншигчид маань сонссон байх. Харин ийм хэрцгийгээр гэмт хэрэг хийсэн Ф.Баянжаргалыг саяхан Дарханы цагдаагийн хэлтэсийнхэн мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн чинь хэрэгсэхгүй болгочихсон байна. Амиа алдахаа шахан хохирсон бүсгүйгээр “Гомдолгүй” гэсэн бичиг хийлгээд прокурорт өгчээ, өнөөх бөө нь.  Ингээд бүх юм дуусаа гэж байна. Юу гэсэн үг вэ. Энэ бол хохирогчийн гомдлоор үүсдэг хэрэг огт биш баймаар юм. Яаж ч бодоод үзсэн санаатайгаар, урьдаас бэлтгэж хийсэн эрүүгийн ноцтой хэрэг байх учиртайсан. Гэтэл ийм хэргийг хэрэгсэхгүй болгосон нь өнөөх мөнх тэнгэрийн ивээл гэгч нь үү, эсвэл авлигын ид шид юм болов уу.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.