Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

d25d5d5d5sdsМонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны нэгдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

“Шинэ төмөр зам” төслийн эхний санхүүжүүлтийг ирэх сард  хийнэ

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

 

Мөн “Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

 

 

Хөдөө аж ахуйн биржийн туршилтын арилжаа энэ онд болно

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.

 

2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахаар 5 тэрбум төгрөг батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас туршилтын арилжаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ асуудлыг биржийн дүрэмд тусгажээ.

 

Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨК байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогчид, арилжааны зах зээлд оролцогчид, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдээс 49 хүртлэх хувийн хувьцааг санал болгох замаар бүрдүүлэн компанийг бэхжүүлэх боломжтой гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам үзэж байна.

 

 

 

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах” хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа

 

Үр хүүхдээ ганцаараа өсгөж, гэр ахуйгаа хөтөлж яваа өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 1990 оныхоос 5 дахин нэмэгджээ. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралт залуужсан, 20 хувь нь архинд донтсон, олон мянган эрчүүд хар ажил хийхээр харийг зорьсон зэргээс үүдэлтэй гэж үзэх үндэстэй. Ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 14,3 хувиар бага бөгөөд ажил эрхэлж буй, бага насны буюу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн орлогоо нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага байхгүй байна.

 

Энэчлэн жендерийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй зарим талаар шинэ асуудал гарсаар байгаа нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачилга, хүсэл зориг, үндэсний болон орон нутаг салбарын түвшинд хангалтгүй байгааг илтгэж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөөг баталлаа.  Стратеги, төлөвлөгөө нь Монгол Улсад жендерийн тэгш байдлыг хангах чадавхитай, тогтвортой, үр нөлөөтэй орчныг бүрдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

 

 

Элчин сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад Зоригийн Алтай, Болгар Улсад Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Товч мэдээ

·      Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Ингэснээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход улсын төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд МСҮТ, политехник коллежууд цалингийн сандаа багтааж, эсвэл орлогын эх үүсвэрээсээ санхүүжүүлэх боломжтой болж байна.

·      “Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Автотээврийн үндэсний төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE, Share хийгээрэй. Танд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих