Өүлэн эхийн хөшөө Монголын ард түмний өмч

044uhygf“Өүлэн эх” хөшөө дурсгалын цогцолбор Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдогт Чингэс хааны морьт хөшөөний өмнөөс харсан байрлалтай хийгдэж байгаа билээ.

Уг хөшөөг “Цэцэн билигт Өүлэн эх” ТББ-ын тэргүүн орчуулагч, яруу найрагч А.Лхамжав санаачлан бүтээж эхлээд одоогоор Өүлэн эхийн есөн метр өндөр хөшөөг босгоод байна. Түүнтэй хөшөө хэрхэн босч байгаа талаар ярилцлаа.

-Таныг хүн арддаа хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байгаа гэж сонслоо. Энэхүү утга учир бүхий бэлгэдэл хөшөө олон зүйлийг агуулж байгаа байх гэж бодож байна?
-Монгол туургатны эх Өүлэн хатан юм байна гэж бодсон. Дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд дэлхийн хэмжээний их гүрнийг байгуулсан хүн Чингис хаан. Тийм болохоор чингис хааны ээжийг бүх монгол туургатны бүгдийнх нь эх гэж бодсоны үндсэн дээр Өүлэн эхийн хөшөөг босгоё гэсэн бодол төрсөн.

Эх хүн насан туршдаа үр хүүхдээ хүлээдэг. Тэр дундаа Чингэс хаан шиг дэлхий даяар явж байсан хаан хүүг ээж нь хүлээж байсан байх. Тийм учраас хөшөөнийхөө агуулгыг даалиар мордоод ирж яваа хүүгээ угтаад алхаж яваа Өүлэн эхийг ингэж дүрслэх нь зүйтэй юм гэж үзээд Чингэс хааны хөшөөний өөдөөс хараад алхаж яваагаар хөшөөгөө хийсэн.

Хөшөөн дээр ирж буй хүмүүсийг хараад монгол хүн ээжийгээ ямар ихээр хайрлаж, үгүйлж байдгийг улам их ойлгосон. Ер нь хүн ээжийгээ алдсаны дараа ээж гэж дуудмаар санагддаг юм байна лээ шүү.Тийм учраас энэ хөшөө ээжийгээ алдсан олон хүний сэтгэл дэх эхийн орон зайг нөхөж байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ энэ цогцолбор зөвхөн Өүлэн эхээр зогсохгүй 2,5 метр өндөр, 23 метр урт гантиг ханан дээр түүхэн их хатдын дүр бүхий хүрэл релепэн хөшөө монгол ахуйг харуулсан урлал байхаар төлөвлөсөн.

-Энэ бүгд дээр нэмж өөр юуг багтаасан байх бол?
-Дэлхий дээр хамгийн сайхан нүүдлийн амьдрал монголчуудад л байгаа шүү дээ. Мэдээж тэр бүхнийг харуулна. Тухайлбал хүрэл релепэн хөшөөний урд талд 900-гаад метр квадрат шулуун шигтгэмэл талбай дээр баяр ёслол цэнгүүн зохиоход зориулсан талбай гаргана. Түүн дээрээ жил бүр ээж, эмэгтэйчүүдийн баярын өдрүүдээр Эхийн баяр тэмдэглэж бай гэсэн санааг хүмүүс хэлж байгаа.

Ер нь бидний амьдралын бүхий л цаг хугацаанд бидэнтэй хамт байдаг шүү дээ. Талбайн эргэн тойронд 200-гаад метр кв байгалийн чулуун шигтгэмэл талбайд 1300 км газар дээр цэцгийн мандал бут сөөг ногоон байгууламж байна. Бас мөнх ногоон мод тойрсон байгууламж байна. Үүнд одоогийн төлөвлөснөөр 2500-гаад шилмүүст мод таригдах байх.

Дөрвөн талаасаа гардаг гишгүүрүүд хийгдэнэ. Гишгүүрүүд нь гурваас таван метрийн өргөнтэй, чулуун гантиг гишгүүр, сүүдрэвч, цэцгийн мандлууд гээд аль болох хүмүүс сэтгэл санаагаа амирлуулах газар олон байхаар төлөвлөөд байгаа.

-Хүмүүс өгөөмөр сэтгэлээрээ нөгөө талаас нийгмийн хариуцлага гэдэг үүднээс ард түмэн, нийгэмдээ хандсан ажлууд их санаачилж хийдэг болж. Та ч мөн тэдний нэг?
-1990-ээд оноос манайд дугана сүм,суваргууд их босгогдлоо. Хүн өөрөө буяны төлөө төрсөн. Тиймээс хүн төрөлхтөний хөгжил нэг босго даваад дахиад нэг босгоор орж ирж байна уу даа гэж би боддог юм. Ялангуяа глобалчлалын үед улс үндэстнүүдийн бусад үндэстэнүүдээсээ ялгарах зүйл нь юу юм, юугаараа бид дэлхийд үнэлэгдэх юм гэдгээ мэддэг байх ёстой.

Бид их монгол гүрний үеийн газар нутгаасаа 24-хөн хувь дээр нь амьдарч байгаа юм байна гэж нэг хүн нэвтрүүлгээр ярьж байна лээ. Хэдийгээр тийм боловч хүн төрөлхтөний соёл иргэншил оршин тогтнож байгаа цагт чингэс хаан түүний их гүрэн монголыг хичнээн үе дамжаад ч мартахгүй. Тийм учраас тийм зүйл байсан юм шүү гэдгийг эргэн сануулах дурсгалт газрууд байна гэдэг их өөр зүйл юм.

Яахав сүүлийн үед сайхан хөшөө дурсгалыи газрууд байгуулагдаж байна л даа. Гиймдээ ч хүмүүс өнөөдөр үндэсний бахархал улам сэргэж түүх уламжлалаа сурталчлах, дэлхий нийтэд таниулэн мэдүүлэх тал дээр хичээж байна. Ийм томоохон бүтээн байгуулалтын ажилд төрөөс нэгдсэн удирдлага дэмжлэг нэгдсэн төлөвлөлт байх ёстой. Бас нэг сайшаалтай зүйл нь хичээлийн хөтөлбөрт нууц товчоо, аялал жуулчлалын хичээлийг заавал оруулж, хүүхэд залуучуудынхаа түүхэн боловсролыг дээшлүүлэхэд илүү анхаарч байгаа юм билээ.

Одоо байгаа дурсгалт газрууд дээр манай цогцолбор баригдчихвал энэ бодлогод тус нэмэр болох байхаа. Тэгээд би өөрийнхөө хүчээр Өүлэн эхийнхээ хөшөөг босгочихоод цогцолбор болгохоор төслөө хийлгэтэл тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа. Энэ бол монголын ард түмний өмч учраас монгол хүн бүр оролцвол ямар вэ гэж бодлоо. Гэхдээ өнөөдөр янз бүрийн аргаар хандив цуглуулаад хүмүүс түүнээс залхчихсан байна.

Уг нь том бүтээн байгуулалт, ядарсан зүдэрсэн нэгэндээ тусалдаг нь хаана ч байдаг л зүйл л дээ. Хамгийн гол нь түүхэн зүйлдээ оролцоно гэдэг нь сайхан байгаа юм. Би хувьдаа нэг сая хүн нэг нэг мянган төгрөг өгчихөд л тэрбум төгрөг босоод ирэх юм байна гэж бодсон. Эхнээсээ ажлыг минь дэмжиж хандив өргөж байгаа хүмүүс, байгууллага байна.

Тухайлбал Хасбуу групп, Номин холдинг байна. Бас иргэдээс хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийн иргэн Дандар гэж хүн сая төгрөгийн хандив өргөсөн. Энэ завшааныг ашиглан тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Эрдэнэтэд байгаа Архангайн нутгийн зөвлөлөөс хандив өргөнө гэсэн. Энэ мэтээр монголын ард түмэн оюунлиг болж, оюунлиг зүйлийг дэмждэг болж. Эндээс надад үүх түүх, эх орноо гэсэн сэтгэлгээ нь сэргэж байна гэсэн бодол төрж байгаа.

-Бурхан таныг энэ том ажлыг хийж чадна гэж даалгаж дээ?
- Хүн байна гэдгийг хүмүүс өөр өөрөөр харж эхэлж байна. Тиймээс би өөрөөсөө “Надад монголын ард түмнээс аваагүй юм байхгүй, харин өгсөн юм юу байна вэ” гэж асуусан. Ер нь хүн ингэж өөрөөсөө үе үе асууж байх хэрэгтэй. Тийм учраас энэ бол миний олон жилийн хугацаанд цогцлоож ирсэн оюун бодлоороо бүтээж үлдээх гэж байгаа үнэт зүйл гэж хэлж болно.

Нэг үеэ бодвол хүмүүс мөнгөтэй болсон байна. Манайхан өөрсдийгөө ядуу гэж ярьдаг боловч жинхэнэ ядуу амьдрал монголд байхгүй. Наад зах нь л ууландаа гүйж гараад ургамал түүсэн ч иддэг ургамал нь байна. Нэг жижигхэн газар шуудай төмс тариад идсэн ч байж л байна. Ингээд бодохоор монголчууд маш баян ард түмэн.

Г.Сийлэгмаа

Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих