Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ажилтнууд ялагдлаа

emnelsegНийслэлийн Захиргааны хэр­гийн шүүх өчигдөр хуралдаж, хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Уг эмнэлгийг Хууль зүйн яамны харьяанаас Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн юм. Тус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгох шийдвэр гаргаад байгаа. Тиймээс Захиргааны хэргийн шүүх “Цэргийн зориулалттайгаар зохион байгуулагдах энэ эмнэлэг Батлан хамгаалах яамны харьяанд шилжсэн учраас одоо Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байхгүй” гэж үзээд, дээрхи шийдвэрийг гаргасан байна.

Харин Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэн дээрх шийдвэрийг эсэргүүцэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд оны сүүлээр нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарыг хариуцагчаар татаад байсан  юм. Шүүх хуралд Хууль зүйн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмар нар оролцсон бол нэхэмжлэгч талаас хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгчөөр Ц.Монгол нар оролцсон аж. Дашрамд дурьдахад Төрийн албан хаагчдын гэх тодотголтой уг эмнэлгийн шинэ байрыг хууль, прокурорын байгууллагын ажилчдын оффисс болгохоор Х.Тэмүүжин сайд шийдвэр гаргасан. Гэтэл эмнэлгийн ажилчид болон УИХ-ын зарим гишүүд түүний эл шийдвэрийг нэлээд эсэргүүцэж буй. Эмнэлгийн даргын хэлснээр “Эмнэлгийн шинэ барилга хэн нэгний оффис байхыг эрс эсэргүүцэж байна. Энэ эмнэлэг ганц төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх биш. Монголын бүх ард түмэнд хамааралтай байхаар төлөвлөсөн. Тэгээд ч техник технологи нь Монголд анх удаа оруулж ирэх орчин үеийн шинэ тоног төхөөрмж байна” гэдгийг хэлж байв.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.