“МИАТ”-ЫН ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

big_miatХоёр долоо хоногийн өмнөөс олон нийтийн анхаарлын төвд орсон МИАТ компанийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийг завшиж, мөнгө угаасан хэрэгт өнөөдрийг хүртэл 9 сэжигтнийг баривчилж,  хэд хэдэн сэжигтнийг гадуур шалгаж байна. Өмнөх долоо хоногийн баасан гарагт “Зиндаа” группын захирал Б.Мандахбаярыг баривчилсан бол, өчигдөр түүний ах МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэгийг Канадаас эх орондоо эргэн ирж, онгоцноос буунгуут баривчилсан юм.
Мөн УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Монголиан Эйрлайнз”, “Монголиан Эйр Маркет” зэрэг компаниудын гүйлгээг шалгахад ТӨХ-ын дарга асан, өдгөө Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугартай холбоотой хэд хэдэн сэжигтэй гүйлгээг илрүүлсэн тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал прокурорын шатанд яригдаж эхлээд байна.

Түүнийг ТӨХ-ны дарга болон МИАТ-ын ТУЗ-ын дарга байхдаа удирдах албан тушаалтнуудын санхүүгийн бусармаг явдлыг өөгшүүлж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчилж, их хэмжээний хахууль болон, гадаадад биет үл хөдлөх хөрөнгө авсан хэмээн үзэж байгаа аж.
МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хамаатан, тойрон хүрээлэгчид болон Ерөнхий сайд асан С.Баяр нарыг ч уг хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар УЕП Д.Дорлигжав мэдээлсэн. ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй “Монголиан Эйрлайнес” компанийн эзэн Ч.Хоролсүрэнгийн эхнэр нь Н.Энхбаярын хамаатан ажээ. Прокурорын зүгээс уг хэргийг хоёр жилийн өмнө шалгах хүсэлт тавьсан ч өдий хүртэл дараастай байсан шалтгааныг ч тодруулна гэж мэдэгдсэн юм.
МИАТ компанийн хувьчлалыг түргэсгэж, хувьцааг үнэгүйдүүлэхийн тулд энэхүү хэргийг бодлогоор задалсан тухай яриа олон нийтийн дунд газар авсан. Харин шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тус компанийг үндэсний тээвэрлэгчийн статустай болгож, 51 хувийг нь төрийн мэдэлд байлгахаар тусгасан нь эргэлзээ төрүүлж байна.

    Я.Баяраа

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих