Нөөцийн мах гарсаар махны үнэ буусан уу?

897ytrtgrgtfd879Нөөцийн махны нөөц бүрдүүлэлт, борлуулалттай танилцахаар “Жаст Агро” компани болон нийслэлийн махны бөөний худалдааны төв болох “Хүчит Шонхор” захыг зорьсон юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /ҮХХААЯ/ тогтоосон нөөцийн махны үнэ тус зах дээрх үнээс 200-500 төгрөгөөр хямд гэдгийг албаныхан хэлсэн.
Махны ченжийн хэлж буйгаар нөөцийн махны үнэ бодит байдалд нийцэхгүй байгаа аж. Тус захад махны үнэ өглөөдөө харьцангуй хямд, өдөртөө ялимгүй өсдөгийг тэд учирлаж байв. Нийслэлчүүдийн нөөцийн махны хангамжийг хариуцан ажиллаж буй “Жаст Агро” ХХК “АСА” циркийн гадна талбайд нөөцийн мах худалдаалж буй. Тус цэгт ҮХААЯ-наас тогтоосон ханший дагуу үхрийн гулууз мах кг нь 5700 төгрөг, жижиглэн 5900 төгрөг, хонины гулууз 5200 төгрөг, жижиглэн 5700 төгрөг, ямааны гулууз 4200 төгрөг, жижиглэн 4600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байлаа. Харин “Хүчит Шонхор” зах дээр өнөөдөр (2013 оны нэгдүгээр сарын 29) хонины мах 5000-6000 төгрөг байсан бол ямааны мах 4000-4300 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Нөөцийн махны худалдааны зорилго нь хямд үнэ биш аж. Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоон хэлснээр үнийн хөөрөгдлийг багасгаж, өрхийн орлого доогуур иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэхэд нөөцийн махны худалдааны зорилго орших аж. Тэрбээр “Махны үнэ өндөр байгаа шалтгаануудын нэг нь иргэдэд бэлэн мөнгө тараасан явдал” хэмээв.

Нөөцийн мах бэлтгэх ажил энэ жил хожуу эхэлсэн тухай махны үйлдвэрүүдийн удирдлагууд дуу нэгтэй хэлж байна. “Жаст Агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхишиг “Нөөцийн мах бэлтгэх ажил дууссан. Ингэхдээ махны 30 хүртэлх хувийг ченжүүдээс авсан” гэв. Өнөөдрийн байдлаар (2013 оны нэгдүгээр сарын 29) нийт 88.7 тонн нөөцийн мах борлогджээ. Энэ нь “Хүчит Шонхор” захад өдөрт 3.2-3.5 тонн мах, “АСА” циркэд өдөрт 5-6 тонн мах борлогдсон гэсэн үг юм.

Нийслэлчүүдийн хэрэглээний махны нөөцийг “Жаст Арго” ХХК 6000 тонн, “Саян-Уул” ХХК 400 тонн, “Монгол мах экспо” ХХК 500 тонн зэргээр нийт есөн компани хуваан хадгалж байна. Энэ жилийн нөөцөд 14 мянган тонн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар нийслэлд 9.1 орчим мянган тонн мах бэлтгэсний 1099.6 тонн нь үхэр, 3457.5 тонн хонь, 4481.8 тонн нь ямааны мах байгаа аж. Энэ сарын 17-ноос нөөцийн мах худалдаанд гарснаар хонины ястай махны үнэ 13 хувиар буусан тухай ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг хэллээ.

Түүнчлэн Цагаан сарын баярыг угтан ойрын өдрүүдэд махны борлуулалт 2.5 дахин нэмэгджээ. Амжиргааны баталгаажих түвшин доогуур өрхүүдэд нөөцийн махыг хүргэх үүднээс ирэх гуравдугаар сарын 15-наас эрхийн бичиг олгох юм байна.

fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих