ХОРНЫ ХӨРӨНГӨ БУЮУ “АЛТАН ГУДАС”-ЫН ЭЗЭН

4597-300x213Ардчиллын буянаар хэмжээгүй баяжсан Н.Алтанхуяг өдгөө ардчиллынхаа дайсан болж хувирсан олигархиудын нэг болжээ. Ардчиллын эхний жилүүдэд Монголд олон нам байгуулагдах цаг үеийн шаардлагаар МСДН-ыг МУИС-ийн хэсэг багш нар нийлж байгуулан, Н.Алтанхуяг нарийн бичгийн дарга нь болж байв. Ингэж соц нийгмийн үед бол сайндаа л доктор хамгаалж, насаараа багшийн ажлаа хийх байсан жирийн нэг биофизикийн багш улстөрд оржээ. Улмаар намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, АХ эвслийн үед Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллав. 2000 оны сүүлээр таван нам нэгдэж АН-ыг байгуулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн учир Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Монголын улстөрийн чигийг заагч хэмээгдэж ирсэн нам дамнасан “Алтан гадас” фракцийн эхлэл энэ цаг үеэс тавигдсан гэдэг.

Нам дамнасан фракц

Түүний найруулсан улстөрийн хорон дундаас өндийсөн “Алтан гадас” фракц “Алтан гудас” хэмээн нэрлэгдтэлээ адлуулсан ч байгуулсан эзнээ өнөөг хүртэл өөд татсаар байгаа билээ. Ардчилсан нам хүртэл өнөө хэр Н.Алтанхуяг буюу “Алтан гадас” -ын савраас гарч чадахгүй л байна. Н.Алтанхуяг хоёр ч удаа буюу 2004, 2008 онуудад гүйцэтгэх засаглалын нэлээд том албан тушаалд томилогдон ажилласан. Үнэндээ бол тухайн үед энгийн нүдээр харсан хэн ч түүнийг тийм өндөрлөгт хүрнэ гэж төсөөлөөгүй байх. Гэхдээ л тэр чадсан. Эхнийх буюу 2004 оны өмнө АН-ыг тус намын дарга М.Энхсайхан “Эх орон” намтай эвсүүлж, сонгуулиар тухайн үеийн МАХН-тай бараг л адил суудал авав. Парламент дахь суудлын харьцаа бараг л зөрүүгүй гарсан тул эвслийн Засгийн газар байгуулагдахаар болсон. Гэхдээ тэр тоглоомонд намаа сонгуульд нэн амжилттай оролцуулсан М.Энхсайхан бараг оролцоогүй ба гол хөзрийг генсек Н.Алтанхуяг нь атгаж тоглосон байдаг. Тэрбээр нөгөөх л ар хударгаар хор найруулж, хожоо үүсгэдэг арга барилаараа ажиллаж, үр дүнд нь АН-ын дарга М.Энхсайхан бус сонгуульд нэр дэвшээ ч үгүй Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, харин нөгөө намын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болов. Ингэхдээ М.Энхсайханыг дараа оных нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэжээ. Эвслийн Засгийн газарт Н.Алтанхуяг хамгийн гол албан тушаалын нэг, Сангийн сайд болов. Мэргэжил, мэдлэг талаасаа харвал биофизикийн багшид ахадсан албан тушаал. Ер нь 20 жилийн турш улстөрд унаж, босч ирсэн хүмүүст бас ч гэж үзэл бодлын, ухааны, туршлагын юм байх. Харин Н.Алтанхуягт энэ тухайд тэр гээд онцолчих зүйл нэгээхэн үгүй. Харин хамгийн сайн хор найруулагч гэсэн алдар хүндийн эзэн л болжээ. Мэдээж дараагийн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон АН доторхи сунгаанд М.Энхсайхан өрсөлдсөн. Гэхдээ тэр сунгаа гэгчид нь Р.Гончигдорж ялж, М.Энхсайхан ёстой л амаараа шороо үмхэж хоцорсон юм. Явсаар нэг л нартай сайхан өдөр М.Энхсайханаас намын даргын суудлыг булааж, намаасаа явахаас аргагүй байдалд оруулсан билээ. Гүйцэтгэх засаглалын дараагийн том суудлыг Н.Алтанхуяг 2008 онд олж авлаа. АН 2008 оны сонгуульд Ц.Элбэгдорж даргатай ороод ялагдсан юм. Улмаар долдугаар сарын 1-ний хэрэгт буруутай учир түр ч атугай зайлсхийх, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх холын бодлоор намын даргын суудлаа өгсөн түүний орыг Н.Алтанхуяг залгаж, МАН /тухайн үеийн МАХН/-тай хамтарч засаг байгуулахаар уухайн тас зөвшөөрлөө. Мэдээж олонхи биш ч нэгэнт хамтарч байгаа юм чинь түүнд засгийн дээрээсээ хоёр дахь суудал ногдов. Магадгүй энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том бас хамгийн их хэл ам дагуулсан бизнес байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн хожил, албан тушаалаар  наймаалцдаг  гахай чирдэггүй ганзагачны энэ  ажилдаа  Н.Алтанхуяг гаргуун. Гаргуун ч гэж бүр гаршчихсан. Энэ л түүний  өмч хөрөнгө, бэл бэлчингээ  арвижуулж ирсэн дөрөөвч гэдэг нь 2008-2012  оны бүрэн эрхийн хугацаанд илүү  тод харагдлаа. Тэргүүн шадрын эрхлэх асуудлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Алтанбулаг, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүс зэрэг багтдаг. Алтанбулаг, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүс байгуулах ажил алхам ч урагшлаагүй. Үнэн хэрэгтээ тэрбээр засгийн ажилд “нухлагдах”, улстөрийн хор найруулах гэж явсаар төрийн түшээгийн ажлаа бараг л хийгээгүй. Тэргүүн шадар сайд болсноосоо хойш “Сурсаныг сураар боодоггүй” гэгчээр  асуудал хариуцсан салбартаа  өөрийн охиноос эхлээд олон хүнийг   “шахаж”  дур зоргоороо авирлаж, төрийн албаар наймаалцав. Тухайлбал, Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд даргаар төрийн албаны тангараг өргөх байтугай төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг томилж  хэл ам таталж  байв. Стандарчлал, хэмжилзүйн газарт ч мөн адил энэ байдал хавтгайрсан нь Н.Алтанхуягийн төрийн албаар наймаалцдагийн нотолгоо болно. Тэрээр тус газарт  өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан болон найз нөхөд, танил талаа төрийн албаны тухай хуулийг гууль болгож байгаад томилуулсан байдаг. Төрөх дөхсөн охиноо хүртэл ийм маягаар   төрийн албанд “шахсан”  нь шуугиан тарьж байв.

Албан тушаалаа “алтан гудас” болтол ашигласан нь

Анхнаасаа л АН-ын даргын суудлыг хууль бусаар авсан хэмээн журмын нөхдөдөө байнга гөвүүлсээр ирсэн Н.Алтанхуяг 2012 оны сонгуульд намаа удирдаж орлоо. Ардчиллыг цээжээрээ хамгаалагч, АН-аа барууны үзлээр замнах ёстой гэдэгт үнэн голоосоо итгэдэг баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар үзэл, онолын ялгааг мэддэггүй даргынхаа талд бат зогссоны хүчинд нам нь яльгүй олон суудал авч, засаглал барих эрх өвөртөлсөн юм. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг харамсалтай нь үзэл онолын ялгааг ч мэдэхгүй. Халамжийг хавтгайруулан олгож ирсэн хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар Ардчилсан намын “Алтан гадас” фракцийнхаа адил замаар оруулж, МАН-ын нэг фракц төдий болгосон түүхтэй. Тэр угаасаа улстөрийн үзэл, онолын талаар юу ч мэдэхгүй. Анх МУИС-ийн багш нар нам байгуулаад МСДН гэж нэрлэхэд социал демократ үзлийг Баабар санал болгосон тухай Н.Алтанхуяг өөрөө ч хэлжээ. Тэр уг нь АН-ын дарга. Гэхдээ түүнийг АН-ынх гэхээсээ илүү “Алтан гадас”-ынх л гэдэг билээ. Тиймдээ ч өнөөгийн АН-ын байгуулсан шинэчлэлийн гэх засгийн газар ардчиллын гэхээсээ илүү коммунизмын хачирхалтай үнэр анхийг нэвт ханхуулах болсон нь гайхах зүйлгүй. Яагаад гэвэл, Н.Алтанхуяг ардчиллыг зүй ёсных нь зүй тогтлоор ойлгохоосоо илүүтэй албан тушаалын өгөө аваа, эрх ямбын таатай хуваарилалт гэж үздэг эвгүй нөхөр. Засгийн газрын тэргүүн болмогцоо бүхнийг өөрийн мөнөөх үзэл баримтлалыг тулган хэрэгжүүлэх боломж гэж олж харсан нь аймгуудын Засаг дарга нар хийгээд яам, агентлаг, газруудын сайд дарга нарын томилгоо бүхэнд нь тод илэрсэн билээ.

Түүний хөрөнгө энгийн нэгэн их сургуулийн багш байсан үеийнхтэй нь харьцуулшгүйгээр өсөн нэмэгджээ. Уг нь албан тушаалаа амин хувьдаа завшин, олз ашиг бий болгох үзэгдлийг үгүй хийхэд л ардчиллын зорилго агуулагддаг. Гэтэл Ардчилсан намын дарга нь тэрхүү ардчиллыг өөрийн баяжих, хөлжих хэрэгслээ болгон, ичгүүр сонжуургүйгээр төрийг хувьдаа завшиж байна. Н.Алтанхуягийн хөрөнгө орлого жилээс жилд тодорхойгүйгээр өсчээ.  2010 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 108 сая, гэр бүлийнхээ орлогыг 178 сая, дөрвөн орон сууц, нэг барилга байгууламжтай энэ бүхэн нийлээд 626 саяар үнэлэгдэнэ гэжээ. “Лексус” маркийн автомашин ганцтай, тэр нь 40  саяар үнэлэгдэх бол  хадгаламждаа  40 сая төгрөгтэй гэсэн байна. “Махэкспорт” компанийн 50 хувь, “Хаан жимс” –ийн 33 хувь, “Эмнэлгийн техник”-ийн 86.6 хувь, “Увс байгаль” компанийн 50 хувийг тус тус эзэмшдэг. Өртөг нь 881 саяар үнэлэгддэг гэсэн тооцоог гаргаж өгчээ. Тэгвэл 2011 онд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийнх нь орлого 108-аас 146 сая, гэр бүлийнх нь орлого 178 саяас 197 сая болж өссөн бол  нэг машин нь хоёр болж үржжээ. Харин хувьцаа  эзэмшилдээ “Чамон” компанийн 33 хувийг  нэмж бичжээ. Ил байгаа, хөрөнгө орлогын мэдүүлэгт  нь туссан, олон нийтийн мэдэж байгаа түүний хөрөнгө, орлого  ийм аж. Үл үзэгдэх, тэгсэн атлаа өсөн нэмэгдсээр байдаг хөрөнгийнх нь  эх сурвалжууд  юу вэ гэдгийг хөөн мөшгих шаардлага байсаар. Албан тушаалд дуртай “Алтан гадас”-ынхан гэгчээр төрийн алба  руу үхэн хатан зүтгэж ирсэний  учиг, улс төрд урт удаан хугцаагаар байх гэж тохиролцож, толхилцож байдаг нь  чухамдаа албан тушаалын өгөө аваа, ганзага наймаа гэж хэлж болно. Түүний хөрөнгөө арвижуулдаг аргыг илэрхийлэх нэгээхэн ажил нь “Бодь” группд цахим үнэмлэх хийх эрхийг тендергүйгээр давуу эрхээр олгосон явдал. Цахим үнэмлэх хийх тендерийг “Бодь” шууд булааж авсан нь Н.Алтанхуягийн зохицуулсан ажил гэдэг. Тиймдээ ч тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг цахим үнэмлэх хэвлэх ажлыг хойш татаж байна хэмээн цухалдаж уурласны учир энэ бөлгөө. “Алтан гадас” фракцийн албан тушаалын ашиг хонжоо маш их гэдэг нь Н.Алтанхуягийн баяжиж буй зам мөрөөс илэрхий харагдана. Тэрбээр МУИС-ийн эзэмшлийн талбайд 12 давхар хоёр барилга бариулах гэж байна хэмээн шуугиж байна. Учир нь тэрбээр бар ажиллуулж, түрээсэлж байсан газраа өмчлөхөөр зориг шулууджээ. Н.Алтанхуяг тус талбайг түрээслэн “Титаник” барыг ажиллуулдаг байснаа Төрийн өмчийн хороонд барныхаа газрыг хувьчилж авах өргөдөл гаргаж улмаар хоёр өндөр барилга босгох гэж буй юм байх аа. Ийм л хорны хөрөнгө дөө, Норовын Алтанхуяг. Албан тушаалыг “алтан гудас” болгон ашиглаж буй ийм нэгэн олигархи төрийн хөнжилд улам лав шургалсаар л…

Д.Дорно

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.