Нутаг нэгтнүүдээ дээрэмдэж дээрэлхдэг эрийг хөнөөсөн залууд Монгол наймаачид хөшөө босгох нь холгүй болжээ

suhbartНамайг 10 жилийн дунд ангийн сурагч байхад буюу  бидэнд 1990-ээд оны эхээр Монголд тэр дундаа Улаанбаатарт тун эвгүй үе байсан гэж боддог юм. Тэр үед надаас 5-9 ах залуус янз бүрийн бүлэглэл байгуулаад дээрэм зодоон хийдэг байв. “Квантуны арми”. “холимог”. “Чингисийн модон ташуур” гэх мэтийн бүлэглэл байсныг үеийнхэн маань санаж буй биз. “Квантуны арми”-ынхны дүү нар ах нарыгаа “аавынх” руу явсны дараа “Квантуны арми-2″.-ыг байгуулж байсан түүхтэй. Тэр ч битгий хэл дөрвөн охин нэрийнхээ дөрвөн үсгийг нийлүүлээд “САБО” хэмээх бүлэглэл байгуулсан түүхтэй.

 
Тэгэхэд Микр /Сансар/-т  амьдардаг ч төмөр замд сурдаг миний хувьд нилээн хүнд байлаа. Яагаад гэвэл манай ангийн найзууд маань ганц хоёроороо манайд ирж болдоггүй байсан юм. Учир нь тэднийг цөөхүүлээ манай гэрийн ойролцоо явж байхад микрийнхэн тэднийг “барьдаг”байв. Харин микрийнхэн төмөр замд хэд гурваараа явж байвал цаадуул нь хариугаа авна.

 

Тухайн үед хулигаан, дээрэм, зодоон нүдээн ер нь л бүхий л болохгүй бүтэхгүй зүйлээр Сэлэнгэчүүд хамгийн алдартай байсан нь гэхэд болно. Ганзагын наймааны алтан үед хөлтэй нь хөлхөж. хөлгүй нь мөлхөж монголчүуд бараг бүгдээрээ хойшоо урагшаа явцгаадаг байсан билээ. Хойшоо явахад галт тэрэг Сэлэнгийн төв Сүхбаатар өртөөн дээр түр зогсдог ба энэ хугацаанд Сэлэнгийн атаманууд зорчигчид дээр ирж зодохыг нь зодож дээрэмдэхийг нь дээрэмдээд буудаг байсан гэдэг.

 

Тэндхийн хулигаануудыг нийслэлээс тусгайгийнхан сургаж номхруулахаар Сэлэнгэд очсон ч өөрсдөө хэмх зодуулаад буцсан гэдэг унэмшихэд хэцүү ч үнэн яриа бий. Доор өгүүлэх явдал чухам тэр үед болсон бөгөөд гол баатар М гэх залуу надад өөрөө ярьсан билээ.

-Өөрөө Сэлэнгийнх бил үү?

-Тиймээ, Хорин хэд хүртлээ аймгийн төв дээр амьдарсан. Манайх угаасаа Сэлэнгийн айл л даа. Одоо ч тэнд ах, эгч нар маань амьдарч байгаа.

-Бага насныхаа тухай яриач?

-Би чинь найман хүүхэдтэй айлын отгон нь шүү дээ. Тэгэхээр ямаршуухан эрх танхи амьтан байсан нь ойлгомжтой биз ээ. Үеийнхэнтэйгээ мөнгөднө, зодолдоно, тэвэгдэнэ. Арай том болохоороо аав ээж, ах эгч нараасаа нуугдаж, найзуудтайгаа нийлээд тамхи татна. Ахлах ангид орсон хойно хулигаантах маань ихэсч, зодоон нүдээн, бариа мариа хаан болно тэнд манлайлагч нь болж, эцэг эхийнхээ чихийг их халууцуулдаг болсон шүү.

-Хэр атаман байв?

-Атаман байсаан, байсан. Ямар сайндаа наймдугаар ангид байхад арвынхан надаас дөлж зугатаадаг байх вэ дээ. Наймдугаар ангийн хонхны баяраар найзуудтайгаа архи ууж согтчихоод арвынхны атамантай халз зодолдоод арай л барахгүй болохоор нь халаасалж явсан тонгоргоороо дүрчихээд арай л шорон руу ачигдчихаагүй ээ. Тэр үед аав маань аймагтаа нэлээд нэр хүндтэй, даргын алба хашиж байсан учраас нэр нүүрээрээ намайг авч үлдсэн юм. Уул нь би хэрэг тариагүй байсан бол хойтон жил нь аавыг хот руу дуудаж юуны ч билээ дарга болгох байсан гэдэг.

-Аавынхаа дэвших замд усан гуу татсан хүү хэр хүмүүжив?

-3-4 жилийн хугацаанд маш сайн хүмүүжсэн шүү. Арваа төгсөөд наймдугаар ангиасаа үерхэж ирсэн охинтойгоо суусан. Авгай маань дунд сургуулиа гурван сартай жирэмсэн төгссөн юм. Ингээд 19 нас ч хүрэлгүй аав боллоо. Хөөрхий муу аав маань албан тушаал, нэр нүүрээрээ хөөцөлдсөөр байж бид гуравт нэг өрөө байр авч өгсөн. Гэрийнхэн маань бид гурвыг мөн ч их харж үзсэн дээ.

 

Тэднүүс маань ардаа амьдралтай юм болохоор бид гурвыг дандаа харж үзнэ гэж юу байх вэ. Ингээд би хойшоо наймаанд явах боллоо. Манай Сэлэнгэчүүд хойшоо Алтанбулагаар дамжиж гардаг байхгүй юу. Эхлээд хэдэнтээ гурван ахтайгаа хамт ганзаганд явлаа. Ашиг их олж, овоо мөнгөтэй болоод найзуудтайгаа явдаг болсон.

-Бидний яриа гол сэдэв рүүгээ дөхөж байна шүү?/ тэрээр над руу ихэд гайхсан янзтай харав/

-Тэр үед Москвад нутаг нэгтнүүдээ дарамталж дээрэмддэг байсан Сэлэнгийн атаманыг хоёр монгол залуу хөнөөсөн гэж сонссон юм байна?

-Сэтгүүлчид та нар үнэхээр урт чихтэй улс шүү./инээв/ Бага нас , нутаг ус, асуугаад байсан чинь ийм учиртай байж л дээ. Ер нь 90-ээд оны эхээр манай Сэлэнгийхэн бараг цөмөөрөө хойшоо наймаанд явсан шүү. Ихэвчлэн савхин хүрэм, тарваганы арьс нууж гараад спирт, тамхи гээд янз бүрийн юм авчирна. Тэр үед Сэлэнгийн нэг залуу Москвад таньдаг улсуудаа зах дээр ч, зочид буудлынх нь өрөөнд дээрэмддэг байлаа.

 

Бараа мөнгө төгрөг өгөхгүй бол шууд хутгална. Гэхдээ аминаас хол газар ч гэлээ нэлээд зовж зовиурлах тийм газар нь , ёстой л янаглан хорлоно доо. Намайг ч хэдэн удаа дээрэмдсэн.Тэр их муу санаатай хүн байсан юм. Сэлэнгийнхэн болон монголчууд түүнд дургүй болж эхэлсэн учир өөрийн гэсэн итгэлтэй дотно улс хэрэгтэй болжээ. Ингээд мань хүн 3-4 хүнийг туслахаараа авсан. Туслах ч гэж дээ, мэдээлэгч юм даа.

 

Олон хүний уур дургүйг хүргэсэн болохоор тэр атаманыг хэн нь ч яаж ч мэдэх байлаа. Миний сонссоноор ямар ч байсан гурван залуу мань атаманыг устгахаар ярилцаад тохирчихсон байтал цаадах нь аль хэдийнээ мэдчихээд тэр гурав дээр түрүүлж очоод гурвууланг нь үүрд тахир дутуу болгож байсан гэдэг. Дээр нь Оросын цагдаа нартай холбоотой болохоор хүн алахаас өөр ямар ч хэрэг хийсэн цаадуул нь тоодоггүй.

 

Би 3-4 удаа татвар төлснийхөө дараа тэрэнд “Чи манай эгчтэй арван жилийн нэг ангийн хүүхдүүд шүү дээ. Ангийнхаа хүүхдийн дүүгээс татвар авахаа одоо болихгүй юм уу? Тэгээд ч би чамд нэлээн бараа, багагүй бараа өгсөн” гэсэн чинь” чи бусдаас юугаараа илүү юм бэ? Манай ангийн охины дүү мөн л дөө чи. Гэхдээ би чамайг өөр улсуудаас яагаад ялгаж харьцах ёстой гэж. Долоо хоногийн дараа зах дээр очиж татвараа авна шүү.

 

Бэлэн байгаарай. Яахав чи гурав хоногийн дараа миний буудлын өрөөнд орой хүрээд ирвэл талыг нь авч болох юм ” гэлээ. Ингээд нэг найзтайгаа ярилцлаа, атамантай гурав хоноод уулзах уу, долоо хоногийн дараа ирэхийг нь хүлээх үү гэж. Тэгсэн нөгөөх маань “Хоёулаа маргааш орой буудалд нь очоод алж орхиё, муу хулгайчийг. Нэг амьдрахаас ямар хоёр амьдрах биш. Очиж очиж тэр мууд дарамтлуулж татвар төлж амьдарна гэж юу байсан юм бэ” гэхэд нь зөвшөөрлөө.

 

Тэгээд маргааш орой нь атаманы буудалд хаалгыг нь тогшсон чинь тэр оруулснаа ” Чамайг ганцаараа ирээрэй гэсэн биз дээ. Наадхөа яах гэж дагуулж яваа юм бэ?” гээд намайг цохиод авч байна. Уур хүрсэн ч жигтэйхэн. Хутгаа өврөөсөө гаргаж ирээд… За одоо больё, тэгэх үү.Тэр аймшигт явдлыг нэг бүрчлэн ярьмааргүй байна. Хэдийгээр новшийн амьтанг үгүй хийсэн ч хүн л юм хойно бодогдоод, нүдэнд харагдаад,    заримдаа зүүдлэгдээд хэцүү юм билээ.

-Тэгээд хэзээ баригдав?

-Уул нь бид хоёр маргааш өдөр нь галт тэргээр монгол руугаа гарна гэж байсан юм л даа. Тэгсэн өглөө есөн цагийн үед унтаж байхад өрөөний хаалгыг гаднаас нь түлхүүрээр онгойлгож хэдэн цагдаа орж ирээд л мань хоёрт гадуур хувцсыг маань ч өмсгөлгүй аваад гарсан даа. Тэгээд бид хоёрыг салгаж өөр өөр камерт хийлээ. Манай камерт хоёр орос, нэг бага ястан байсан санагдана. Намайг монгол гэж сонсоод нөгөө багын баярлаж байгаа гэж жигтэйхэн.

 

Оросууд их дээрэлхдэг болохоор багууд тэд нарт дургүй. Ингээд мөрдөнд бараг зургаан cap болж байгаа юм чинь. Долоо хоногт, заримдаа хэдэн долоо хоногт ганцхан удаа байцаана. Ахмад цолтой мөрдөн байцаагч залуу “За монгол, тэр монголыг яаж алснаа нэг бүрчлэн ярь.Чамтай хамт баригдсан залуу чамайг ганцаараа үйлдсэн гээд байгаа” л гэнэ. Би ч  юугаа ярихав дээ. Тэгсэн нэг өдөр харгалзагч камерт орж ирээд намайг аваад гарлаа.

 

Мөрдөн байцаагч ” Хөөе монгол оо, танай нөгөөхийн бие их муу, эмнэлэгт байгаа. Тэр атаманыг ганцаараа алсан гэсэн мэдүүлэг өгсөн. Чамайг тэрэнтэй нүүрэлдүүлнэ ” гэдэг байгаа. Мөрдөн байцаагчаас гадна хоёр цагдаагаар харгалзуулаад эмнэлэгт очсон чинь найзын маань бие үнэхээр муу, юм ярих нь битгий хэл ганц хоёр үг ч аятайхан сольчих тэнхээ алга. Гэхдээ л тэр эцсийн хүчээ шавхан байж ” Найз нь хэргийг өөрөө даагаад гарсан шүү.

 

Би ингэж удаан зовохгүй байлгүй. Удахгүй үхэх биз ээ. миний найз сайн явж эхнэр хүүхэд, аав ээждээ очоорой. Ямар над шиг гэр бүлгүй, аав ээжгүй биш дээ. За, сайн яваарай. Баяртай” гэсэн юм. Ингээд хэд хоногийн дараа мөрдөнгөөс гарч, эрх чөлөөтэй болоод шууд зах дээр очсон. Надад ямар очих зочид буудал, айл байх биш. орос хянагчаас хэдэн ширхэг тамхи авсныхаа нэгийг асаагаад цээж дүүрэн сороход үнэхээр сайхан байсан шүү.

-Нутаг нэгтнүүд чинь хэрхэн хүлээж авав?

-Хамгийн түрүүнд хятад бараа зардаг багын найз дээрээ очлоо. Тэр хятад футболк, гурван ямаатай шаахай зардаг байсан юм. Монголчууд ч гэсэн тухайн үед тийм шаахайгаар гоёдог байсан даа. Наймаа хийж байхад нь өмнө нь очоод зогстол нөгөөх чинь над руу их л сонин хараад байнаа “Хөөе чи намайг танихгүй байна уу? Найзыгаа арай шууд шорон руу ачигдчихсан гэж бодсон юм биш биз дээ, багын анд минь” гэтэл “Чи … чи… чи мөн байна шүү дээ” гэж хашгирснаа тэврээд авсан.

 

Тэгтэл ч тэнд байсан Сэлэнгийнхэн тэр дороо цугларч, намайг тэвэрч аваад л. Тэгэхэд өдрийн хоёр цаг л болж байсан юм. Зах орой долоон цагаас хаах ёстой. Тэнд зогсож байсан Сэлэнгийнхэн хамаг бараагаа цүнхэлж хураагаад намайг авч явж, нэлээд том ресторанд орж том хүлээн авалт хийлээ. Зуугаад хүний суудалтай рестораны хаалгачид “өөр хүн битгий оруулаарай” гээд өглөө хүртэл эр эм хөгшин залуугүй наргицгаасан.

-Тэгээд хэзээ нутагтаа ирсэн юм бэ?

-Хагас cap архидан наргисны эцэст нэг юм галт тэргэнд суугаад л Сүхбаатар хотдоо ирсэн. Москвагийн зах дээр наймаа хийж байсан монголчууд мөнгө, төгрөг, эд бараанаасаа харамгүй өгсөн шүү, хөөрхий. Зарим нь буусан буудлынхаа хажуугийн өрөөний мөнгийг төлөөд архи дарс, тамхи, идэж уух юм, дээр нь монгол , орос залуухан хөөрхөн хүүхэн авчирч өгнө.

 

Ёстой тансаглаж тансаглаж байгаад овоо мөнгөтэй, нэлээн бараатай нутагтаа ирсэн чинь эхнэр маань охиноо аваад төрхөмдөө буцчихсан байсан. Орос дахь Монголын Элчин сайдын яамнаас намайг хүн амины хэрэгт холбогдсон тухай бичиг Сэлэнгэд маань ирсэн юм билээ. Тэгээд л тэр нэг өрөө байраа аав, ээжид маань хүлээлгэж өгөөд гэртээ очсон гэсэн.

 

Би авгайтайгаа очиж уулзсан ч надтай дахин амьдрахыг хүсээгүй. Мөрдөнгөөс гараад хагас cap гаруй хойно архидаж байхад тэд наймаа хийж байгаад надтай уулзаж нэг өдөр архидсан Сэлэнгээгийн ангийн нэг залуу миний хамаг юмыг тэрэнд ярьчихсан юм билээ. Тэр залууд би согтуудаа болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьчихсан нь буруудсан л даа.

-Тэр аймшигт явдал хааяа бодогддог уу?

-Одоо ч ер нь мартагдсан шүү. Өдрийн од шиг л хаа ганц зүүдлэгддэг юм. Бараг 20-иод жил өнгөрч байна шүү дээ. Мөрдөнгөөс гарсны дараа нэг хэсэг хэцүү байсаан. Согтчихоод л унтахгүй бол шөнө дунд хар дарж зүүдлээд хэцүү байсан. Гадуур явсан ч цагдаа нар хаанаас бариад авах бол гэж бодогдоод л. Гудамжинд цагдаа харахаар дав дув гээд л их сонин болчихдог юм билээ.

-За, за уучлаарай, сэтгэлийн шархыг чинь хөндсөнд.

-Зүгээр ээ зүгээр. Нас ч 40 нэлээн гарчихлаа. Сүүлийн үед хийсэн энэ нүглээ хэн нэгэнд сэтгэлээ онгойтол ярих юмсан гэж бодогддог байсан юм. Нас ахихаар янз янзын л юм бодогдох юм байна шүү дээ. Харин миний нэрийг бүтнээр нь битгий бичээрэй. Мэдэх нэг нь мэднэ л биз. Тэгээд ч би ямар гавьяа байгуулсан биш.

-За, за, тохирлоо. Баяртай.

Ярилцсан Я.Ирээдүй

Эх сурвалж: “Болсон явдал”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.