МАН-ын залуу гишүүн хүчингийн хэрэгт шалгагдаж байна

Сонгуулийн марофон хэдийнэ эхэлж, улс төрийн нам, эвслүүд, улстөрчид дор бүрнээ бэлтгэлээ хангаж байна. Эрх мэдэл, албан тушаал, мөнгөний амтыг мэдэрсэн тэд ирэх 2012 оны сонгуульд одооноос бэлтгэж, хэвлэлийнхэнтэй зангиатай, зангиагүй уулзалтуудыг сэм, сэмхэн хийх болж.
Саяхан л гэхэд МАН-ынхан сэтгүүлчдийг аваад салхинд гарчээ. Зангиагүй уулзалт нэрийн дор болсон сонгуулийн сурталчилгааны үеэр аймшигтай гэмт хэрэг гарсан байна. Юу гэвэл, намынхаа гишүүдийн татварын мөнгөөр сэтгүүлчдийг архидуулсны дараа хүчингийн хэрэг гарсныг МАН-ынхан тас нууж байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй залуу нь МАН-ын гишүүн, өдгөө өдөр тутмын нэгэн сонинд сэтгүүлчээр ажилладаг аж. Булган аймгийн харьяат, 1985 онд төрсөн тэрбээр Их Монгол дээд сургуулийг 2007 онд төгссөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэдгийг албан бус эх сурвалж өглөө.
Сэжигтэн этгээд одоо нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Сэтгүүлчид хэзээд нийгмийн дуу хоолой болж, сайн, муу бүхий л мэдээллийг ард түмэнд цаг алдалгүй хүргэж, давхар сэрэмжлүүлж байдаг. Нэг үгээр хэлбэл, “хоточ нохой”-н үүргээ биелүүлж байгаа нь тэр. Мэдээж, гэмт хэрэгт холбогдсон хүн хуулийн ямар хариуцлага хүлээдэг вэ гэдгийг ч маш сайн мэднэ. Гэтэл цагтаа хүчингийн гэмт хэргийн талаар мэдээ бэлтгэж явсан сэтгүүлч залуу өнөөдөр “улаан мах”-ны гэмт хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа нь харамсалтай, бас ичгүүртэй хэрэг биш үү.
Ер нь, урин дулаан цаг ирж, охид бүсгүйчүүд хөнгөн нимгэн хувцаслаад ирэхээр хүчингийн хэрэг ихсдэг гэдэг. Албаны хүмүүс ч энэ мэдээллийг үгүйсгэхгүй байна. 2011 оны эхний гурван сарын байдлаар л гэхэд зөвхөн нийслэлд хүчингийн 41 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс найм нь шүүхээр таслагдаж, 28 нь мөрдөн байцаалтын шатанд яваа юм байна. Эдгээр хэргийн 17 нь согтуугаар, 26 нь санаатай үйлдэгдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Мөн насанд хүрээгүй дөрвөн хүүхэд хүчингийн гэмт хэргийн золиос болж, үлдсэн амьдарлаа хар толботой өнгөрүүлэх нь. Харин охин үр шиг ээ, төрсөн дүү шиг ээ цэцэг цэврүү шиг охидын муу санаагүй гэнэн зан, бие хамгаалах чалваргүй сул талыг нь ашиглан гэмт үйлдлийнхээ “бай” болгосон “хүн араатнууд” эхнээсээ хуулийн дээд хэмжээ цаазын ялаар шийтгүүлж байгаа. Тэдний нэг нь жил гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай охиныг хүчиндэж, амийг нь зэрлэгээр хөнөөгөөд цогцосыг нь гар цүнхэнд хийж хаясан Н.Мөнх-Оргил гэгч юм. Түүнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оногдуулсан билээ.
Сүүлийн үед хүчингийн гэмт хэрэг бараг өдөр бүр гарах болсон. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд хүчингийн хэрэг гарчээ. Тус хороонд оршин суугч 46 настай А гэгч эмэгтэйг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1-р багийн иргэн, 29 настай Ц.Доржсүрэн гэгч залуу хүчиндсэн байна. Тэрбээр хэрэг хийх үедээ согтуу байсан бөгөөд А-гийн хоолойд сэрээ тулган, айлган сүрдүүлж байгаад бузар үйлдлээ гүйцэлдүүлсэн аж. Мөн энэ сарын 8-9-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст Баянгол дүүргийн 17 хорооны иргэн, 24 настай Батбаатар гэгч согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн 17 настай Н-ийг хүчиндсэн байна. Эдгээр хэрэг зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гарч, цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байгаа. Цаана нь бүртгэгдээгүй хэчнээн  хэрэг байгааг бид мэдэхгүй.
Хүчингийн хэрэг ихэнх тохиолдолд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед үйлдэгдсэн байдаг. Бие, үйлдлээ хянах чадваргүй болтлоо гашуун дарсанд “живсэн” хүмүүс гэмт хэрэг үйлдчихээд дараа нь толгойгоо “шаадаг” л байх. Хэдийгээр гэмт хэрэгтнүүд зохих ял, шийтгэлээ эдэлдэг ч энэ бүгдийн цаана хохирогч болоод үлдсэн охид бүсгүйчүүд хөөрхий. Тэд сэтгэл санааны хүнд цочрол, өвчин, хүсээгүй жирэмслэлтэд өртөхөөс гадна нэг насандаа сэтгэлийн дарамттай, бусдаас дальдчилж амьдрахыг үгүйсгэхгүй. Ялангуяа, бага насны охид. Тэгэхээр хүний амьдралыг там болгож байгаа “хүн араатнууд”-ыг яалтай билээ.
Ер нь, хүчингийн хэргийг ажилгүй, өөртөө итгэлгүй арчаагүй эрчүүд хийдэг гэж ойлгож болохгүй. Ажил, амьдрал нь тэгширсэн боловсролтой, сэхээтнүүд ч энэ гэмт хэргийг ихээр үйлддэг ч нуун дарагдуулах явдал цөөнгүй байдаг гэх…
Г.Нар
Эх сурвалж asunews.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.