Монгол тэрбумтнууд

miatТэрбумтан хэрхэн төрдөг вэ

Өнөөдөр дэлхий дээр 400 гаруй тэрбумтан байдаг гэнэ. Гэхдээ тэрбумтан гэдэг нь тэрбум ам.долларын хөрөнгөтэй буюу монгол төгрөгөөр бол 1,4 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгө. Манай улсын төсөв ердөө 7,5 их наяд төгрөг. Барууны таван жижиг тэрбумтны халаасны мөнгө. МИАТ компани 700 гаруй сая ам.долларыг хууль бусаар зувчуулсан тухай мэдээлэл цацагдаж байна.

 

Тэр их мөнгийг шатаадаггүй л юм бол юу хийсэн бол. Заамарын алтны хувийн уурхайгаас 50 грамм алт хулгайлсан залуу дөрвөн жилийн ял авсан түүх бий. Тэр нь тухайн үедээ 200 гаруй мянган төгрөгийн хохирол. Азгүй залуу хохирлоо төлөөд ялаас мултрахыг оролдсон боловч компанийн захирал нь бусдад хатуу сануулга болгох зорилгоор түүнийг торны цаана суулгаж амжсан гэдэг.

 

Дөрвөн жилээ нарсанд өнгөрөөсөн залуу “Шуналтаж, алтны уурхайд ажилласнаас, хуучнаараа самраа зараад явж байсан бол би өдийд хашааны мөнгө хийчих байсан” гэж санаа алдаж сууна. Энэ залуу 200 мянган төгрөг хийх санаатай амьдралаа сүйрүүлж. Гэхдээ одоо тэрээр наранд гачихсан хаягдал ноос цуглуулж, эсгий эдлэл хийдэг.

 

Тэрбумтнуудыг хэрхэн хөлжсөн тухай ном уншдаг. Барууны ямар тэрбумтан нэг сая ам.доллартой болох гэж хэрхэн хөдөлмөрлөдгийг тэрээр маш сайн ойлгосон аж. Түүний ярьснаар бол шударгаар саятан болох боломж барууны өндөр хөгжилтэй цөөн оронд байдаг. Тэр тусмаа АНУ-д дуслуулсан хөлс ногоон мөнгө болж хувирна. Сонирхолтой нь түүний үзэж буйгаар монголд тэрбумтан төрөх боломж байхгүй.

 

Тодорхой хэмжээгээр хууль зөрчиж байж л баяжина. Харин боломжтой болмогц хууль зөрчихөө болж, хуулийн цоорхойг ашиглаж мөнгөө үржүүлэх ёстой гэнэ. АНУ-ын тэрбумтан, нефтийн хаан Рокфеллер арван долларын ашгийн төлөө хэдэн бээр газрыг явган туулахад хүрч байсан аж. Мөнгө хэр зовж олно, тэр хэрээрээ өснө. Зүгээр орж ирсэн мөнгө зүүд мэт алга болно гэсэн үг байдаг гэнэ.

 

Сүүлийн үед дэлхийн тэрбумтнуудын тоо хурдтай нэмэгдэж байна. Тэрбумтны өсөлтийн тоогоор БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Харамсалтай нь тэднийг барууныхан бизнесменүүд гэхээсээ илүү хулгайч нар гэж харж байна, Том зах зээл дээр ажиллаж байгаа бизнесменүүд мөнгө хураах боломж маш их. Рокфеллерийн дэнлүү асаах зориулалттай газрын тос нь дотоод шаталтын хөдөлгүүрийн хувьсгал хийсэн бол, оюутны ширээгээ хаяад программ зохиож эхэлсэн Билл Гейтс өнөөдөр дэлхийг хавтгай болгож чаджээ.

Тэдний хийсэн бүтээсний дэргэд тэрбум доллар гэдэг юу ч биш Хөдөлмөрийн баатар, гавьяат цолыг хэдэн удаа өгсөн ч багадна. Тэд нэг хэсэг хүний биш. Нийгмийн хэрэгцээг хангасан бизнес хийсэн. Тэдэнд хэн ч юу ч өвлөөгүй. Ихэнх өндөр хөгжилтэй оронд өвлүүлсэн хөрөнгийн 90 гаруй хувийг төр хураана. Тэгэхээр нэг төгрөгнөөс эхэлж бизнес хийж байж л тэрбумтан болно гэсэн үг. Бас 10-20 жил борви бохисхийхгүй хөдөлмөрлөнө гэсэн үг.

Монгол тэрбумтан

Монголчууд хөрөнгөт ертөнц хэмээн ад үздэг байсан нийгмээ байгуулж байна. Хачирхалтай нь барууны ертөнцийг баясгаад байгаа капитализм Африк, Азийн монгол шиг хөгжил буурай орнуудыг “бар” болголгүй 20 жил болж байна. Гэхдээ манайх шиг хүн ам, нутаг дэвсгэр, баялагтай орон одоогоор дэлхийд бүртгэгдээгүй байна. Ирээдүйд ч төрөхгүй.

Зарим эдийн засагчдын тооцоогоор Монголд 40 гаруй ам.долларын тэрбумтан байгаа. Мэдээж бизнес хийгээд 20 гаруй жил болоход монгол шиг баялагтай газар тэрбумтан төрөхийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ сүүлийн аравхан жилийн дотор бизнес хийх нь бүү хэл лангуу түрээслэж байгаагүй тэрбумтнаар тодрох нь сонин. Тэр тусмаа 400 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагччид тэрбумтан болох нь гайхмаар.

 

Удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан үндэсний хэмжээний компаниуд томрох нь хууль ёсны үзэгдэл. “ХААН” банк, “МОБИКОМ”, “ЖЕНКО”, “АПУ” гэх мэтийн нийгмийн хэрэгцээний зах зээл дээр тоглож байгаа компаниудыг тэрбумтан болчихож гэж гайхах нь тэнэг хэрэг. Харин хэдэн арван тэрбум долларын хөрөнгөө алдсан төрийг юу гэж нэрлэхийг хэн ч хэлж мэдэхгүй гэнэ.

“МИАТ” компаниас алга болсон гэх 700 сая ам.долларын хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байгаа юм байх. 700 төгрөг авсан хэрэгт эцэг нь хүүгээ дөрвөн цаг тамласан хэрэг саяхан гарсан. Микро автобусны жолооч зорчигчоо 100 төгрөг дутуу өгсний төлөө хутгалсан байдаг. Жирийн иргэдэд 100-700 төгрөг их биш ч, мөнгөнд тооцогдоно. Гэтэл 700 сая ам.доллар завшсан хэрэг хоёр жил хуулийнхны нүдэнд өртөөгүй гэнэ. Гэхдээ цаашдаа хэд дахин нэмэгдэж илрэх магадлалтай аж.

Сүүлийн үед хэнийг хэлж байгаа нь мэдэгдэхгүй “Төрөөс төрсөн тэрбумтнууд” гэж зүхэцгээх болсон. Азгүйгээрээ Н.Энхбаяр л ганцаараа ял үүрч байна. Өмнө нь “Хадгаламжийн Чимэдцэрэн” 14 тэрбум төгрөгөөр казинодсон хэргээр шийтгүүлсэн. Одоогийн МИАТ- ын дэргэд бол тэр нь цайны мөнгө төдий зүйл. “Хувийн Таван толгой”-н хувьцааны үнэ 25 мянган төгрөгт хүрсэн гэнэ.

Нэгэн цагт нэг хувьцаа эзэмшигч хувьцааныхаа ашигт таван сая төгрөг авсан гэдэг. “Төрийн Таван толгой” гэж түүнээс хэдэн мянга дахин том орд байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй энэ орд өнөөдөр зудад нэрвэгдсэн үхсэн малын махнаас дор үнэтэй хэвтэж байна. Нохойн махаар хоол хийж зараад хэдэн төгрөг олсон хүн байдаг. Гэтэл “Төрийн Таван толгойг”-оос ганц машин нүүрс авна гэвэл хятадуудад 300 сая ам.доллар төлж байж авна.

Мөн тэндээс хаягдал дугуй, төмрийн хог ачна гэвэл зургаан тэрбум төгрөг төлнө. Энэ бүхний ард төрийн өмчийн томоохон луйвар байдаг ньэхнээсээ илэрч байна. Төрөөс төрсөн тэрбумтан гэж төрийн өмчин дээр суусан түшмэдүүдийг хэлдэг юм байна.

Төр хэр хүчтэй вэ

Монголыг дэлхийн хүмүүс Чингис хаанаар л төсөөлдөг байсан. Чингис хаан нь 24-хөн жилийн өмнө дэлхийн талыг цусанд умбуулсан нэртэй байсан. Харин Оюу толгой, Таван толгой илэрсэнээс хойш мянганы суут хүн болж хувирсан. Тэд цаашдаа биднээс цусны шинжилгээ авч Чингисийн ойрын хамаатан гэдгийг батална. Онгироо монголчууд энэ бүхэнд хөөрч юу байгаагаа зөөнө. Гэхдээ тэд төргүй болсноо мэдэхгүй.

 

Өнөөдөр төр нэрээр асар их мөнгө цуглуулаад түүнийгээ хувьдаа завших нь монгол төрийн жишиг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Би ганц Н.Энхбаярт хариуцлага тооцоход ийм их дарамт ирж байна. МИАТ үүнээс хэд дахин том асуудал” хэмээн санаа алдаж сууна. Хэдэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа хаяад явсан.

Гэтэл МАН тэднийг чихдэж байгаад буцааж авчрах ёстой гэсэн ухуулга тарааж байна. Сонирхолтой нь монголчууд идсэн, уусан бүхэнтэй нь хариуцлага тооцохоор “Монгол хүний өр зөөлөн сэтгэлээр” хамгаалдаг зураглал харагдана. Үнэн хэрэгтээ луйварчдыг хамгаалж буй нийгэм биш. Төрд үлдсэн авлигын араг яс л хаацайлж байгаа. МИАТ-ын хэрэг бол зөвхөн хэдэн луйварчдын хэрэг биш.

Энэ хэргийн ард нам, төр, улс дамжсан асар том сүлжээ байх магадлалтай. Хуулийнхан, ТӨХ, намууд, гадны мөнгөний сүлжээ ч энэ хэргийн эрэг, шураг болсон. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага энэ хэргийг хэрхэн шийдэхийг анхааралтай харж суугаа тухай мэдээ байна. Тэд нэг өдөр монголчууд мөнгө угаасан, төр нь түүнийг анхаараагүй гээд зарлачихвал монголын асар их баялаг түмний нуруун дээр овоолсон үнс болж хувирна.

Өнөөдөр Хууль зүйн дэд сайд нь дур мэдэн олон улсын байгууллагад бичиг илгээж байна. Төр нурааж мэргэшсэн нэгэн улстөрч монгол төрийн бодлогыг эсэргүүцэж сууна. Төрийн түшээд хэрэгцээний хэрээр биш. Чадлынхаа хэрээр төрийн өмчөөс халаасалж байна. Энэ бүхэнтэй тэмцэхэд төрийн чадал хүрэлцэх үү гэдэгт эргэлзээ төрж байна.

Хууль бусаар төрд ороод ирсэн эрхмүүд энэ бүхнийг өөгшүүлж байгаа хэрэг. Хэрэв дунд гарын луйварчдыг шийтгэвэл том ах нараа барьж өгөх аюул нүүрлэж байгаа гэнэ. Тэд шүүхийг хуулийг яллах оролдлого хийж байна. Төрийн албан тушаалаа ашиглан бүхий л байж болох хорлонг хийж байна. Эрүүл мэндийн сайд Н.Энхбаярыг сайд нарын хоёрт оруулахгүй бол ажилдаа ирэхгүй бололтой юм. М.Энхсайхан хятад руу төмөр зам тавихгүй бол төрийг түйвээх бололтой юм.

Төрөөс төрсөн тэрбумтнууд галзуурч байна. Төр дийлэх болов уу яах бол.
Х.Баттөгс

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.