АНУ-д оюутан зуучлах олиггүй бизнес “цэцэглэв”

anudСүүлийн үед гадаад руу хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор оюутнууд зуны амралтаараа явцгаах болсон. “Summer work&travel”  буюу зуны улиралд АНУ-д аялж, ажиллах боломж монгол залууст нээгдсэнд хүн бүхэн талархаж хүлээн буй нь мэдээж. Сурлага сайтай шилдэг залуус газар үзэж нүд тайлахын зэрэгцээ сургалтын төлбөртөө нэмэр болох алтан боломж  гэж бодож байлаа. Гэвч гадаадад амьдран суугч монголчуудын ордог сайтууд дээр дээрх шугамаар явсан оюутнуудын тусламж хүссэн зарууд хөвөрч эхлэв. Телевизийн нэвтрүүлэг ч гараад амжсан шүү. Монголоос оюутнуудыг зуучилж аваачсан компаниуд нь гэрээнд заасан шигээ ажилд оруулж, байрны асуудлыг нь зохицуулж өгөлгүй тэр чигт нь орхиод явчихдаг бололтой. Одоогоор оюутнуудад олддог ажил нь цайны газар аяга угаагч, дэлгүүрийн үйлчлэгч гэх мэт. Өөрөөр хэлбэл, оюутнуудын дийлэнх нь хоосон хонож гудамжинд гарахгүйн тулд хэн хүний л хий гэсэн халтар булдар ажлыг хийдэг аж. Ер нь зуны амралтаараа АНУ-д очиж суралцаж ажилласан залуус дахиж тийшээ зүглэхийг хүсдэггүй болсон гэнэ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн залуу тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд гурван сарын турш таньдаг мэддэг хүмүүсийн буянд АНУ-д амьдарч байгаад ирсэн аж. Тэрбээр ийн ярьлаа.

-АНУ-д ажиллах гэсэн нэртэй оюутнуудын гурван сарын хугацаатай зуны хөтөлбөрт хамрагдсан юм. Гэтэл тухайн зуучилсан компани биднийг Америкт авчраад л хаячихсан гэхэд болно. Уг нь бол солилцооны хөтөлбөр гэдэг нь оюутнууд амралтаараа англи хэлээ сайжруулахын тулд Америкаар аялах, долоо хоногт тодорхой цаг ажиллах, америк айлд байрлах гээд бүх зүйл нь бэлэн гэж хэлсэн юм. Гэтэл ажил болоод байрыг маань зуучлагч компани хариуцах ёстой хэмээн гэрээн дээрээ заасан байсан боловч Америкт очоод л алга болсон. Биднийг тэгээд л зөнд нь орхисон. Эхлээд би Лос-Анжелист байсан юм. Тэнд их сургуулийн ангийнхаа найзын хамаатныд гурван долоо хоносон. Өдөрт зургаан цаг нийтийн хоолны газар аяга таваг угаач хийж үзлээ. Дараа нь нөгөө эгч ах хоёр надад жаахан тиймэрхүү хандаад байхаар нь Лас-Вегас руу хамаатныхаа нэг ахынд очиж амьдарсан тэнд их дэлгүүрийн цэвэрлэгч хийж амиа зогоосон. Зуны улирал учраас зарим өдрүүдэд гадаа ч хоноглох үе их байсан. Ер нь бол дахиж явах хүсэл байхгүй болсон доо. Гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй асуудал их гарч байсан юм. Надтай хамт явсан 15 хүний дийлэнх нь надтай адилхан байсан гэж хожим нь тааралдаад сонссон. Ер нь энэ зуучлагч компаниудтайгаа сайн тохиролцож яг таг гэрээ хийхгүй бол ийм асуудалд орох нь их байдаг юм байна лээ.

Одоогоор АНУ-д оюутан солилцооны хөтөлбөрөөр Монголын дөрвөн компани голлон зуучилж, 1200 орчим оюутнуудыг АНУ-руу зуучилсан гэдэг албан бус мэдээлэл байна. Тэдний талаар ам дамжсан олон мэдээлэл байдаг. Харин бодит байдал дээр зарим зүйл нэлээд хүндхэн байдаг хэмээн зарим эх сурвалжууд хэлж байлаа. Тэд оюутнуудыг бүртгэхдээ цагийн долоон ам.доллароос дээш үнэлгээтэй бэлэн ажлаар хангаж, амралтын өдрүүдээр нэмэлт ажлаар хангах боломжтой хэмээн сурталчилдаг. Харин оюутнуудаас зуучлалын хөлсөнд 1350 доллар авдаг гэнэ. Оюутнууд зардлын 1395 доллар, бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой бүх зардлаа өөрсдөө гаргана. Анх гэрээ хийсэн болон амласан олон ажлын байр нь цуцлагдсанаас оюутнууд олдсон ажлаа хийцгээдэг ажээ.  Тэд ямар ч хараа хяналт, хамгаалалтгүйгээр, “бор зүрхээрээ” ажиллаж амьдарч байгаа нь маш олон эрсдэлийн үүдийг нээж байгаа юм. Зарим нь бүр бүртгүүлсэн оюутнуудыг Монголд 230 мянган төгрөгийн төлбөртэй хэлний сургалтад ч хамруулсан гэнэ. Энэ мэт мөнгийг нь авчихаад харийн нутагт аваачиж хаядаг байгууллагууд шил, шилээ даран үүд хаалгаа нээсээр байна. Үүнээс үүдэн гадны оронд монголчууд хэрэг төвөгт орооцолдож Консулын газрынхны чихийг халууцуулдаг болсон гэхэд буруудахгүй. Тиймээс төр засгаас энэ асуудалд хараа хяналт тавьж дээрх байгууллагуудыг шалгах цаг болжээ.

 

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих