У Бангуо Таван толгойг толгой мэдэхээр ирэв үү?

mongoosӨнөөдөр Улаанбаатар хотноо БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга У Бангуо айлчлалаар ирлээ. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд албан ёсоор эх орондоо урьсан тул ийнхүү цаг алдалгүй нисэн ирж буй ажээ. З.Энхболд У Бангуотой 15.40 минутад уулзаад шууд хэлэлцээр хийх талаар ярилцаж эхлэх юм. Энэхүү албан ёсны айлчлалын үеэр Монгол, Хятадын харилцаа холбоо, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцаж, шийдвэр гаргахаас гадна олон нийтийн анхаарлыг гойд татаж буй зүйл бол Таван толгойн нүүрсийг нийлүүлэх тухай урт хугацааны гэрээ хийсэн Хятадын “Чалко” компанитай холбоотой асуудлыг хөндөж магадгүй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чалко”-той байгуулсан гэрээг ашиггүй хэмээн үзэж, тус компанид 180 сая ам.доллар төлөөд, үүн дээрээ дахин 50 сая ам.доллар нэмж төлөн гэрээг шууд цуцлах бодолтой гэдгээ хэдхэн хоногийн өмнө илэрхийлсэн билээ. Харин Хятадын тал гэрээг Монгол улсад ч, улсдаа ч ашигтай гэж үзсээр байгаа юм. Тиймээс урд хөршийн эрхэм дарга Таван толгойн асуудлаар Хятадын төрийн толгой юу гэж сэтгэж, аль талаас нь харж буйг дуулгаж, басхүү ямар нэгэн шаардлага тавих нь ойлгомжтой гэнэ.

У Бангуог айлчлах сургаар манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд хүртэл энэ асуудлыг хөндөн ярьсан нь сүүлийн үед анхаарал татаж, яриа үүсгээд байгаа билээ. БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Ван Шан Лун мэдээлэл хийхдээ “Монголын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж буй үүнтэй холбоотой мэдээллийг анхаарч байгаа. Хятадын тал Монгол Улстай урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай гэрээ байгуулсаар ирсэн. “Чалко” компани Монголын талтай Таван толгойн зүүн Цанхийн нүүрсийг арилжаалах гэрээ байгуулсан. Гэрээг анхнаас нь харилцан ашигтай байхаар, нүүрсний үнийг хоёр талаас тогтсоны үндсэн дээр байгуулсан байгаа.Хоёр тал ярилцаж зөвлөлдсөний үндсэнд нүүрсний үнээ тогтоосон шүү дээ. Нүүрсний үнийг тогтоохдоо янз бүрийн хүчин зүйлийг харгалзаж үзсэн. Энэ үнэ Монголын эрх ашгийг хохироосон гэж үзэхгүй байна. Өдгөө “Эрдэнэс Таван Толгой”-н санхүү үнэхээр хэцүү байна. Гэхдээ энэ нь “Чалко” компаниас шалтгаалаагүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Үүний бурууг Хятадын талд хүлээлгэвэл бодит байдалд нийцэхгүй, шударга бус гэж үзэх болно” хэмээн мэдэгдсэн юм.

Тиймээс хоёр улсын хооронд тулгамдаад буй энэхүү асуудалд Хятадын төр засаг ямар байр сууринаас хандаж буйг өнөөдөр зөвхөн монголчууд бид ч бус дэлхий нийт чих тавин чагнаж байна.

У Бангуо Хятадын төрийн шилдэг димломатчийн нэгд тооцогддог.Тэрээр өнөөдөр тусгай онгоцоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна.

У Бангуогийн манайд улсад нийтдээ гурав хоног айлчилж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхах юм.

У Бангуо нь 72 настай, 1992 оноос хойш Хятадын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байгаад 2003 онд БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны даргаар сонгогдон, 2008 онд энэхүү албан тушаалдаа улиран ажиллахаар болсон юм байна.

Хятадын тал У Бангуогоор дамжуулан ямархуу мэдээ, мэдлийг Монголын төрийн өндөрлөгт илгээсэн нь мөдхөн тодорхой болох биз ээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих