Бямбын Ринчений ач охины байшин ор сураггүй болжээ

Надя Рушевагийн амьдарч байсан байр
энд байв

1952 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр энэ ертөнцөд алдраа мөнх үлдээх бяцхан охин мэндэлжээ. Амьдралынхаа нялх нахиа улиралд асар ихийг хийж бүтээгээд алс холын ертөнц рүү одсон Надя охиныг монгол нь мартсан ч дэлхий мартсангүй. Надягийн зурсан “Кибальчин хүү” зургийг Н.К.Гречко аваад сансарт ниссэн юм. Надягийн зураасан зургийн ур чадварыг Анри Матисс Пикассогийн хэмжээнд үнэлдэг. Тийм ч болоод Надяг “Суутнуудаас хамгийн залуу нь Залуусаас хамгийн суут нь” хэмээн нэрлэдэг биз ээ. Ингээд бодохоор Надя “Аав орос, ээж тува би өөрөө монгол” гэж шал дэмий хэлж дээ. Бямбын Ринчений “Найдан” хэмээн нэр хайрласан энэ охин Итали, Франц, АНУ-д үзэсгэлэнгээ гаргаж Японд шагшин алдаршиж байлаа. Тэрбээр дэлхийн 160 гаруй оронд уран бүтээлээ сонирхуулжээ.

…1950 оны эхээр Улаанбаатар хотноо улсын хэвлэлийн комбинат МУИС хоёрын хооронд орших хоёр давхар жижигхэн ягаан байшингийн нэгдүгээр давхарт Москвагаас ирсэн зураач Николай Рушевынх амьдардаг байсан юм. Энэ байшинд нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Ардын зураач Н.Цүлтэм, Ардын жүжигчин Б.Цогзолмаа гээд тухайн үеийн урлаг соёлын алдартнууд амьдарч байсан учир “Ухаантны ухаа ягаан” хэмээн уг байшинг нэрлэдэг байжээ. Одоо энэ байшин байхгүй болсон шалтгааныг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн удирдлагууд тайлагнах цаг ирнэ. Монгол Улс ийнхүү дэлхийд данстай зураач охины байшинг нурааж байхад өөр нэг улс Надя Рушевад зориулан гэр музейг нь байгуулах, марк хэвлүүлэх, бодит амьдралаас нь сэдэвлэсэн кино бүтээх гэж байна. Хэрэвзээ түүний амьдарч асан байшин өдийд байсан бол уг нь бид гэр музейг нь байгуулж, киног нь хийх байлаа.

Гэ. Батболд

URL:

Сэтгэгдэл бичих