Эзэн Чингисийн удамт хазаруудыг Афганистанд яагаад байна вэ?

7e3d948d8ad62009big2013 он гараад Афганистанд хазар монголчуудыг гадуурхан, аймаглан устгаж буй таагүй мэдээ чихэнд хүрч элгэн халуун сэтгэлт монголчуудын сэтгэлийг сэртхийлгэлээ. Афганистанаас Монголд суралцаж буй оюутан Аббас ч бас өөрсдийнхөө тухай хэвлэлийн бага хурлаар дуулгаж амжив. Ерөөс хазарууд гэж хэн бэ? Яагаад тэнд нүд үзүүрлэгдэн шоовдорлогдох болов оо? Афганы нийт хүн амын 19-25 хувийг бүрдүүлдэг хазара монголчууд тус орны гурав дахь том угсаатанд тооцогддог. Афганистанд 3-4 сая орчим хазарууд амьдран суугаа гэсэн баримт байгаа нь Төв Азийн Монголоос гадна монголчууд хамгийн олноор суурьшсан газар  нь яах аргагүй Афганистан болохыг гэрчилж байна.

Өнөөдөр афганистанчууд талибуудын дэглэмээс салаад арав гаруй жилийн нүүр үзэж байгаад дэлхий нийт сайшаалтай хандаж, ардчилсан Монгол Улс энхийг сахиулах сайн дурын цэргээ тийш нь илгээсэн удаатай. Тэдний хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, ардчилсан чиг баримжааг чиглэсэн гэдэг. Олон жилийн дайн самууны дараа олон үндэстний засаглалыг тогтооход тэд хүчин чармайлт тавьж байгаа ч санааны зоргоор болохгүй байгаа бололтой. Хазарууд болон Азийн бусад жижиг угсаатны бүлэг Афганистанд хамгийн ихээр ялгаварлагдан гадуурхагдаж, мөрдөлт мөшгилтөд өртсөөр ирсэн түүхтэй.

Афганы иргэний дайн болон Талибан дэглэмийн үед хазара монголчууд ямар нэг хийсэн гэмгүй атлаа үндэс угсаагаараа гадуурхагдан, үй олноороо хороогдон хядагдаж ирсэн байдаг нь ертөнцийн нүдэн дээр нууц биш. 1998 онд тэр үеийн Мазари Шариф хотын захирагч Мулла, Ниази фатва буюу лалын шашны ялын дээд хэмжээ ногдуулах захирамждаа хазаруудыг аймаглан устгаж, бүрэлгэх нь гэмт хэрэг бус хэмээн тунхаглаж тэднийг устгахыг хуульчлан батлаж өгсөн байдаг юм билээ. Энэчлэн аймшигтай, хүний ёсноос гадуур үйл ажиллагаа гадаад ертөнцийн сонорт хүрч чадаагүйгээс хазара монголчуудын эмгэнэлт хувь заяанд санаа тавих хүнгүй хөсөрт хаягджээ. Устад Абдул Аль Мазари /1946-1995/ бол дэлхийн хазаруудыг нэгтгэсэн хамгийн эрхэм хүндтэй удирдагч нь юм. Түүнийг хазарууд “Баба Мазари” буюу эцэг Мазари гэж дууддаг байжээ. Мазаригаас гадна XIX зууны нэрт зохиолч, яруу найрагч, түүхч Баба Фэйз Мохаммед, улс төрч Устад Карим Халим, цэргийн командлагч Устад Абузар, Дост Мохаммед Какай зэрэг нэр цуутай хүмүүс түүхэнд нэрээ үлдээжээ.

Афганистаны шилжилтийн Засгийн газрыг байгуулах зорилгоор Боннд хуралдсан НҮБ-ын бага хурлын дараа ч энэ байдал засагдана гэдэгт итгэх итгэл хазаруудад тун бага үлдсэн гэдэг. Хазарууд 1998 онд шинэ Засгийн газарт төлөөллөө шударгаар оруулах хүсэлтэй байсан ч Бонны хуралдаанд хүрэлцэн ирсэн Умард эвсэл, Афганы экс хаан Захир шахын Ромын бүлэг, Ираны тэтгэлгийн доорх Киприйн бүлгийн төлөөлөгчид нь тажик, пуштди омгийнхон байжээ.

Тэр үед Умард эвслийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтах ёстой байсан хазарууд сонгох эрхээ эдэлж чадаагүй бөгөөд хэнийг Герман руу явуулах вэ гэдгийг хэдийнэ шийдчихсэн хойно л утсаар мэдээлэл хүлээн авсан түүхтэй. Ингэснээр хазарууд болон ази гаралтай угсаатны бусад бүлэг өөрсдийн эрх ашгийг төлөөлүүлэх өөр хүмүүсийг хайхад хүрчээ. Хазарууд хэдий шашны итгэл сүсгээрээ шиитүүд ч гэлээ Афганистанд адлагдаж буйтай адил Иранд ч тэдний мах, цус нэгтнүүдийг гадуурхаж байгаа учир Иран дахь шашин нэгтнүүддээ найдаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс тэд хүн амын дөрөвний нэг хувийг бүрдүүлдгийнхээ хувьд өөрийн төлөөллөө засаг, төрийн эрх барих дээд байгууллагад гаргах ёстой хэмээн үзэж, саналаа НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн сонорт хүргэхийн төлөө тэмцэж байна. Нөгөө талаар, хазаруудын эсрэг явуулж ирсэн хоморголон устгах ажлыг зогстол олон улсын энхийг сахиулах хүчнийг Афганистанд байлгах хүсэлтэй буйгаа илэрхийлдэг юм байна. Тэгэхдээ олон улсын энхийг сахиулах хүчинд боломжтой бол хазаруудтай гарал нэгтэй монгол, турк зэрэг алтай язгуурын орнуудаас цэрэг оролцуулах саналыг их тавьдаг аж.

Дашрамд дуулгахад Алтай язгуурын орнуудад дээр өгүүлсэн хоёр улсаас гадна Туркмен, Узбек, Азарбайжан орнууд багтдаг. Хэл шинжлэлийн мэргэжилтнүүдэд хазар гэдэг нь “хазара” буюу “Нэг мянгат” гэсэн үг ажээ. Манай гариг дээрх үй олон ястан, үндэстнээс хамгийн бага судлагдсан, мэдэгдэх төдий гэж хэлж болох угтсаатнууд бол хазарууд ажээ. Хазар монгол хэлний үгсийн сан дахь ижил утгатай үгсийн талаар эрдэмтэн Хассан Полади “Хазарууд” номондоо тодорхой бичиж үлдээсэн байдаг.

Жишээ нь, гарын алгыг илга, нялх хүүхдийг нилга, толгой, хүзүүг толго, хавирга ясыг кабарга гэх мэт. Хазаруудын талаар бас нэг сонирхолтой баримт байдаг нь хазарууд Буддын шашинтай байсан онол юм. Лалын шашинтнуудыг Афганистанд ирж суурьшихаас 2000 жилийн өмнө Кушаны эзэнт улс гэж байх цагаас хазарууд Афганистанд амьдарч байсан гэж уг онолоор баталдаг байна. Кушаны эзэнт гүрний үед Бэмян нь Буддын соёл иргэншлийн томоохон төвүүдийн нэг болж байсан. Үүний нотолгоо бол Афганы Бэмян мужид орших Буддын шашны дэлхий дээрх хамгийн өндөр хөшөө юм. Хазараж мужийн зүрх гэгдсэн Бэмян доод тал нь 200 жилийн турш хазаруудын идээшиж дассан орон нутаг байж иржээ.

Ихэнх эрдэмтдийн нотолсноор тэд XIII зууны үеийн Монголын их эзэн хаан Чингисийн үр удам болох бөлгөө. Хазаражат буюу Хазаристан гэдэг нь Афганистан дахь Хазарын ард түмний үе дамжин аж төрөн сууж байгаа нутаг юм билээ. Хазара Жатын нутаг дэвсгэр нь өнөөгийнхөөс хавьгүй том байжээ. Эрдэмтэн Г.У.Беллевийн мэдээлснээр энэ нь Кабул болон Газын хилийн шугамаас чигээрээ яваад Гарат хүртэл, одоогийн Кандагарын ойр орчмыг оруулаад Балх муж хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамардаг юм байна. 1893 онд хазаруудыг бүрэн эзлэсний дараа Афганы эрх баригчид пуштун омгийн нүүдэлчдийг Хазарын нутаг дэвсгэр дээр байршуулан суулгах бодлого баримталж эхэлжээ.

Аскар Мусаевын бичсэн “Афганы хазарууд” номонд өгүүлснээр 150 мянган хавтгай дөрвөлжин километр нутгийг эзлэн оршиж байсан Хазаржат 100 мянган хавтгай дөрвөлжин километр болтлоо хумигдсан ажээ. Өдгөө Хазаржатын хүрээнд багтах мужууд гэвэл Газни, Урузган, Горе, Вардаг, Бэмян, Парван, Баглан зэрэг болно. Тэнд дийлэнх нь лалын шашинт хазарууд амьдардаг. Афганы төв хэсгийг эзлэн орших энэ нутаг өндөр өндөр уулс, тал хөндий, хүйтэн өвөл, үзэсгэлэнт байгаль, гол горхи гээд дутуу юмгүй. Хазаруудын дийлэнх нь Хазаражат мужид амьдардаг боловч Афганы ялгаварлан гадуурхагч Засгийн газрын хэрэгжүүлсэн салан тусгаарлах бодлогын улмаас хазарууд Афганы нутагт хөндлөн гулд таран бутарчээ. Афганы гурав дахь том угсаатны бүлэг болоход энэ нь ч тодорхой нөлөө үзүүлсэн гэж тэд өөрсдөө үздэг гэнэ. Иргэний дайн тосгон суурингийн амьдралыг талх тариатай нь эвдэн бусниулж, хазарууд амьдрахын эрхэнд Иран, Пакистан зэрэг хөрш орны хилээр давахад хүрчээ. Афганы үүсэл гарлын эхэн үетэй холбогдох түрэг, монгол болон бусад омог аймгийн нэгдлээс бүрдэх холимог үндэстэн болохын хувьд хазарууд Афганистаны нэгэн угсаатныг үүсгэж, хамгийн эртний овог аймгуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох болжээ. Хазарууд хазаражи хэмээн өөрсдөө нэрлэдэг фарси хэлээр ярина. Фарси хэл нь монгол, түрэг, фарси хэлнээс бүрдэнэ.

Үүнээс гадна Афганы хазаруудын ярьдаг дари, Пакистаны хазаруудын ярьдаг хазаражи хэл байна. Цагийн эрхээр дари хэл фарси, араб, урду хэлний үгсийн сангаас бүрдэх хазаражи хэмээх холимог хэлийг буй болгосон нь этгээд өвөрмөц онцгой хэлийг үүсгэжээ. Гэхдээ Хазар омгийн өтгөс буурлууд Афганистантайгаа илүү ойр дөт байж, хазаражи хэлээрээ ярихыг эрхэм болгодог юм байна. Хазарын эх сурвалжаар бол Шиа, Сани Исмайн овгийн 6-7 сая хүн амтай аж. Харин Аскар Мусаевын “Афганистаны хазарууд” номонд дурдсанаар арай бага буюу дөрвөн сая хүн амтай гэнэ. Хазарууд нийт хүн амын 67 хувийг эзлэж үндэсний олонхи болж явжээ. Гэвч Британийн хөл, гарын зарц, цуст алуурчин гэх Абдур Рахманы XIX зууны дундуур явуулсан яргалалд хазаруудын 60 хувь нь өртсөн бөгөөд олон мянган хазарууд хил даван дүрвэжээ. Монголчууд бидний удам угсаа хэмээж байнга сонсогдож, дурсагдаж байдаг хазар монголчууд буурал түүхийн хугацаанд донсолгоонд өртөн, шашин хоорондын мөргөлдөөний золиос болж буй энэ хэцүү цаг үед тэдний тухай 1987 онд “Дорно дахины судлал” сэтгүүлд нийтлэгдсэн материалыг түшиглэн, шинэ тоо баримтаар сэлбэн уншигч таны оюуны мэлмийд өргөн барилаа.

http://amur77.miniih.com/index.php/home/post/1449

URL:

Сэтгэгдэл бичих