Оньсон тоглоомоо Хятадад алдах нь уу

onison gameХятадууд модон оньсон тоглоомыг хачин гоё сав баглаа, боодолтойгоор Америкийн зах зээлд гаргасан тухай мэдээ хэдхэн хоногийн өмнө цахим хуудсуудаар явав.

Манайхан л болсон хойно хий дэмий хараал урсгахаас өөрийг хийж чадахгүй суусаар.

Өнөөх оюуны өмчийн газар нь юу хийж байгаа юм бол, бүү мэд. Одоо болтол ямар нэгэн мэдээлэл хийгээгүй л байна. Гэхдээ Хятадын талд ямар нэг байдлаар хандсан байх гэж найдаж байна.

Ерөнхийдөө Хятадуудын энэ үйлдэл цаашлаад Монголын үндэсний соёл болох оньсон тоглоомыг өөрсдийн нэр дээр дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгэх оролдлого гэж хардаад байгаа юм.

Угтаа оньсон тоглоом манай үндэсний үнэт өв соёл. Монголчууд эртнээс нааш “Хүнийг танъя гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг нь танъя гэвэл тоглоомыг нь үз” гэж хэлж ирсэн. Энэ нь хүүхдүүд оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоомоор тоглож ирснээс үүдсэн хэллэг. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгосон нь энэ. Тэр ч битгий хэл дэлхийд гайхагддаг Рубикийн шооноос давуу олон арван оньсон тоглоом манайд байдаг. Монгол ардын тоглоом наадмын санд 15 анги бүлгийн 800 гаруй тоглоом байдаг гэсэн судалгаа байдаг аж.

Зөвхөн хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл байгаа юм. Оюун задлах оньсон тоглоомоор Монгол дэлхийд тэргүүн байранд орно. Үүнээс зөвхөн “Модон зангилаа” хэмээх цуврал оньсон тоглоомыг 24, 48, 120 мод эвлүүлэн зангиддаг нь Рубикийн шооноос илүү оюун ухаан шаардах юм.

Түүнчлэн Шамбалын түлхүүр гэж нэрлэдэг 7-9 төмөр цагирагаар хийсэн 512 үйлдлээр орж гардаг тоглоомыг онцлон нэрлэж болно. Гэтэл манай оньсон тоглоом дэлхийд танигдах нь бүү эх орондоо ч мартагдах шахаж байна. Хэрвээ бид арай л дөнгүүр менежменттэй байсан бол Рубикийн шооноос илүү ухаан шаардах оньсон тоглоомоо дэлхийд гаргаж, гайхагдаж суух байлаа. Гэтэл өнөөдөр тэгэх нь битгий хэл Хятадуудад алдах дээрээ тулах гээд байгаа юм биш үү. Өмнөд хөршийнхөн бидний хамаг л өв соёлыг булааж, дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгүүлээд байгаа. Бараг л Чингис хаан манайх гэж улаан цагаан дайрах нь холгүй байна.

Ийм эгзэгтэй үед хятадууд монголчууд бидний үнэт өв оньсон тоглоомыг дураараа савлаж, баглаад Америк, Европын зах зээлд гаргаж байгаа нь цаашлаад өөрсдийн нэр дээр болгож авах эхний алхам гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.

Тиймээс холбогдох яам, тамгын газрынхан энэ тал дээр анхаарал хандуулах цаг болчихож. Өөрсдийн хийж бүтээсэн, дэлхийн соёлд нэвтрүүлсэн зүйлсээ өөрсдөө хамгаалах, хадгалах, зарах эрхтэй байя л даа.

Хэдий болтол оньсон тоглоом музейн үзмэр болж явах юм. Одоо л савлаж, боогоод Монголдоо ч болов зармаар байна. Дээрээс нь “Юнеско” энэ тэрд бүртгүүлээд, хамгаалаад, боломжтой бүхнийг хийх цаг болчихож.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих