Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болно

59760_115981Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ оны хоёрдугаар сарын 6-нд хийхээр товложээ. Хуралд Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн төлөөлөл болон Монгол Улсын Засгийн газрийн төлөөлөл оролцох юм.  Хурлын үеэр Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг ярихаар төлөвлөж байгаа аж. Энэхүү хурлын өмнө Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдах юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар “Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэрээний биелэлтэд хяналт тавих, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдон Улсын Их Хурлаас гарсан шийдвэрүүдүүдийг хэрэгжүүлэх, гэрээний зарим заалтыг тодорхой болгох талаар хөрөнгө оруулагч талтай өмнө нь хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулжээ. Дээрх ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн яамнаас дэд ажлын хэсгийг байгуулж, Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг ил тод болгох, гэрээний хоёр талын хүртэх ашиг, үр өгөөжийг тэнцвэртэй болгох чиглэлээр холбогдох санал, дүгнэлт боловсруулжээ. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь хоёр орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдсэн бөгөөд шалтгааныг тодруулж байгаа аж.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих