2013 онд нар ертөнцийн төгсгөлийг авчирна

Одон орон судлаачид 2013 онд болох наран дээрх тэсрэлт хүн төрөлхтөнд хөнөөл авчирна гэж таамаглаж байна. “Бид сансрын цаг агаарт анхаарал хандуулах цаг болжээ. Нар унтаа байдлаасаа сэрлээ. 2000 онд ажиглагдсан нарны сүүлин тэсрэлтээс хойш нар, дэлхийн харилцан хамаарал нэмэгдсэн” гэж Английн засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөх Жон Беддингтон хэлжээ.

АНУ-н далай, агаар мандал судлалын Үндэсний удирдах газрын захирал Жейн Любченко “Нарны шуурга боллоо гэхэд хүн төрөлхтөний технологи 10 жилийн өмнөх шигээ эмзэг байгаа” гэв. Өнгөрсөн жил япончууд иймэрхүү утгатай сануулга гаргаж байсан юм. Японы нарны хиймэл дагуул “Хинодэ”-г хариуцдаг одон орон судлалын хүрээлэнгийн Саку Цунэты “наран дээрх тэсрэлтээс үүсэх цахилгаан соронзон шуурга дэлхий дээрх бүх цахилгаан хэрэгсэл, техникииг хөнөөх
чадвартай” гэжээ.

2009 оноос америкчуудыг “Сансрын цаг агаарын аюул” гэсэн Америкийн сансар судлалын хүрээлэнгийн / NASA/ эрдэмтдийн бэлтгэсэн илтгэл айлгаж эхэлсэн юм. Хүрээлэнгийн эрдэмтэд наран дээр маш хүчтэй тэсрэлт болж, араас нь гамшгийн шинжтэй цахилгаан соронзон шуурга дэгдэнэ. Энэ нь дэлхийн бүх цахилгаан системийг гэмтээж, түнэр харанхуй нөмрөнө гэж баталж байна.

Энэ гамшгийн үр дагаврыг цөмийн дайн, эсвэл дэлхий дээр асар том солир унахтай харьцуулж болох гэнэ. Гурван жилийн өмнө NASA сүйрлийг 2012 он гэж тооцож байсан бол япон болон европын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаа дээрээ үндэслэн 2013 он болгон хойшлуулжээ. Гэвч “сүйрэл зайлшгүй” хэмээн нотолж байна.

Тэдний хэлж байгаагаар ойрын ирээдүйд болох шуурга хүчин чадлаараа 1859 онд болсонтой дүйцнэ. Үүнээс болж багаар бодоход хоёр их наяд ам.долларын алдагдал гарна гэж дүгнэжээ. Харин 1859 онд хүн төрөлхтөний технологийн буурай хөгжил нийтийг хамарсан гамшиг нүүрлэхээс аварчээ. Тухайн үед дөнгөж нэвтэрч байсан цахилгаан мэдээний шугам л гэмтсэн аж. Хэрэв маргааш 1859 оны намар болсонтой төстөй үйл явдал болбол цахилгаан ашигладаг дэлхийн бүх дэд бүтэц аюулд өртөх гэнэ.

Эрдэмтэд аюулыг хэт дэвэргэж байна гэж хайхрамжгүй хандаж болохгүй хэмээн сэрэмжлүүлсээр байгаа юм. Гэвч сүүлийн үед тэдний аймшигт мэдэгдэл ихээр хийх болсон нь өөрөө сайн зүйл авчрахгүй гэж үзэх хүн олширчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Нарнаас ионжсон хий цацагдсан. Уг цацрагийн нөлөөгөөр дэлхийн цахилгаан сүлжээнд аюул учирна гэж мэдэгдэж байсан ч онцын зүйл болоогүй өнгөрсөн юм.

Ж.Баярмаа
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих