Дутуу жингээр савласан хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг нь тогтоогджээ

6060Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн н.Бямбаа “Худалдааны томоохон захуудад баталгаагүй жин хэмжүүрээр худалдаа эрхэлж байна. Нэг ууцыг дөрвөн өөр жин дээр жинлэхэд дөрвөн өөр зааж байна” гэсэн гомдол ирүүлжээ. Үүний дагуу мэргэжлийн хяналтаас энэ сарын 25-нд “Барс” худалдааны төв дээр жин хэмжүүрийн шалгалтыг Стандартчилал, хэмжилзүйн газар /СХЗГ/-тай хамтран хийжээ. Ингэхэд тус худалдааны төв нь СХЗГ-тай 2013 оны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ байгуулаагүйгээс нийт хэмжих хэрэгслийн 70 гаруй хувь буюу 82 жингийн улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй жингээр худалдаа үйлчилгээ эрхэлсэн нь тогтоогдсон байна. Түүнчлэн гурил, будаа, ногоон ууттай пүнпүүзийг 100-200 гр дутуу, мөн түрээслэгчид өөрсдөө 80-150 гр дутуу савласан. Заан, анааш гэх мэт амьтны зурагтай, хаяг шошгогүй хоёр, гурав, таван килограммын будаа, элсэн чихэр худалдаалж байсан ноцтой зөрчил илэрсэн байна. Түрээслэгч, худалдаа эрхлэгчид худалдах тусгай зөвшөөрөлгүй газраас ашиглалтын болон чанарын шаардлага хангахгүй хэмжих хэрэгсэл авдаг юм байна. Шалгалтаар илэрсэн хэмжих хэрэгслийн олонхи нь манай улсад хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтаас хасагдсан байжээ. Тиймээс худалдан авагч, иргэд тухайн худалдагчийн жин хэмжүүрийн улсын баталгааг сайтар шалгах, шаардлагатай бол худалдааны төвийн хяналтын жин дээр дахин хэмжиж шалгаж байх, аливаа жин хэмжүүр, хэмжих хэрэгслийг худалдан авахдаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, түүний дэлгүүрээс улсын баталгааны гэрчилгээтэй нь худалдаж авахыг мэргэжлийн хяналтаас анхааруулж байна.

М.БОЛД

 

 


URL:

Сэтгэгдэл бичих