ТОКИО ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХОТ
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы эдийн засаг хямралын байдалд байгаа хэдий ч Токио болон Осака хотын амьдралын өртөг дэлхийд хамгийн өндөр гарчээ.
Их Британийн “Экономист” сэтгүүлийн судалгааны баг өчигдөр амьдралын өртөг өндөр улсуудын жагсаалт гаргасан байна.
Дэлхийн 93 улсын 140 хотын 160 үйлчилгээ болон бүтээгдэхүүний үнийг Нью Йоркийн жишгээр 100 хувиар индекслэн тооцсон ажээ.
Жагсаалтыг 152 индексээр Токио тэргүүлж, 146 индексээр Осака удаалав. Энэ хоёр хотын талх болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ жагсаалтад орсон хотуудаас өндөр байжээ.
Токио хот хамгийн өртөг өндөртэй хотуудын сүүлийн 20 жилийн жагсаалтыг 14 удаа тэргүүлсэн юм. Өнгөрсөн жил Швейцарийн Цюрих хот нэгдүгээрт орсон бол энэ жил долдугаарт бичигдлээ.
Эдийн засаг нь тогтвортой хөгжиж ирсэн Австрали улсын хотуудын өртөг мэдэгдэхүйц өсч байгааг Сидней жагсаалтын гуравдугаарт, Мельбурн дөрөвдүгээрт орсноос харж болох юм.
Л.Урангуа
URL: