НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН КОМИССЫН 51 ДҮГЭЭР ЧУУЛГАН АЖЛАА ЭХЛЭВ

45sd45sdsd45dfsdfsdfМанай улс гишүүнээр нь сонгогдон ажиллаж байгаа “Нийгмийн хөгжлийн комисс”-ын 51 дүгээр чуулган энэ сарын 7-нд үйл ажиллагаагаа эхлүүлэв.

 

Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн ЕНБД-ын Орлогч Вү Хонгво чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийг чадавхижуулах асуудал нь ядуурлыг бууруулах болон хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал үйл ажиллагаа юм. Дэлхийн нийт хүн амын 80 орчим хувь нь нийгмийн халамжинд хамрагдаж чадахгүй байгаад бид дүгнэлт хийх ёстой. Ажлын байрыг бий болгох, нийгмийн халамжийн бодлогыг тэгш, хүртээмжтэй болгоход Засгийн газрууд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Мөн чуулганы үеэр зохиогдсон “Ядуурлыг бууруулж, ажлын байр бий болгох замаар иргэдийг чадавхижуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч оролцож, товч үг хэлэв.

Тэрбээр “Иргэдийг чадавхижуулах асуудал нь ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Иргэдийг чадавхижуулснаар эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, улмаар ажлын байрыг шинээр бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм. Хууль, эрх зүйн орчинг сайжруулах, ажлын байрны мэдээллийг илүү нийттэй болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд манай улсад 2011-2012 онд 73,2 мянган ажлын байр шинээр бий боллоо. Сайн засаглалыг хөгжүүлэхгүйгээр бид нээлттэй, ил тод, бүх нийтийн оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж чадахгүй. Авилгатай тэмцэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн үр дүнд авилгын түвшинг бууруулж чадсан. Засгийн газраас хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон иргэний нийгэмтэй идэвхитэй хамтран ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих