“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИАС ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ ХУДЛАА ГЭЖ МЭДЭГДЭВ

big_gan.jpgОюутолгой ХХК-аас саяхан гаргасан мэдээллийг худлаа хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр мэдэгдлээ. Энэ асуудал дээр эрдэмтэд, судлаачдыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн хувьд математикч Ч.Бат-Эрдэнийн хамт мэдээлэл хийсэн юм. Харин дараагийн удаа усны асуудлаар ноцтой чухал мэдээллийг судлаачийнхаа хамт өгөх гэнэ.
Оюутолгойн төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Д.Ганхуяг, Н.Батбаяр, Ч.Улаан, С.Оюун нарын дөрвөн сайд оролцсон. Энэ хурал болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар захидал хүргүүлсэн тухайгаа  болон Оюутолгойгоос гаргасан тайлбарын талаар мэдээлэл хийхдээ ингэж  мэдэгдсэн юм.
Тэрбээр, “Оюутолгойгоор дамжуулж томоохон санхүүгийн луйвар хийж байна” хэмээгээд хуучин “Айвенхоу майнз” гэсэн нэртэй байсан компани “Туркойз Хилл” (оюутолгойг  орчуулсан англи нэр ) нэртэй болсон. Энэ компани манайд 2010, 2011 онд 50 болон 100 сая ам.доллар өгсөн. Гэхдээ энэ нь өр. Хүүг нь монголчууд төлж байгаа. Энэ хүүнд бид 30 сая ам.доллар өгч байгаа. Энэ мөнгийг “Туркойз Хилл”-ийнхэн гэнэт олсон ашиг болгон авч үзэж байна. Энэ өрний хугацаа ойрын үед дуусна” гэв.
Мөн “Эрдэнэс Оюутолгой”-гийн баланст үндсэн хөрөнгө нь хоёр тэрбум ам.доллар гэсэн байгаа. Үндсэн хөрөнгө нь ийм байхад манай улсын эзэмших хэмжээ 34 хувь гэж үзвэл 393 тэрбум 454 сая төгрөг байгаа. Эрдэнэс Оюутолгойн өр 269 сая ам.доллар гэж бичсэн байгаа. Тэгэхээр бид 7.5 их наяд төгрөгийн хүүг төлөхгүй. Өөрсдийнх нь тайлан дээр дурдсанчлан 269 сая ам.доллараас л тооцно. Ийм байхад Оюутолгойн зүгээс дандаа худлаа мэдээлэл өгч байна гэлээ.
Бас “Оюутолгой” ХК  эзэмшигчийн өмчийн бусад гэсэн хэлбэр нэрээр луйвар хийж байгаа гэнэ. С.Ганбаатар гишүүний хэлж байгаагаар ийм нэрээр нэг их наяд 169 сая 902 тэрбум 909 сая 767 мянган төгрөг оруулжээ. Тэрбээр, “Энэ хэний мөнгө болохыг хэлэхгүй байгаа. Оюутолгойн нийт өмч  2 их наяд 345 тэрбум 218 сая төгрөг. Харин бидний нэрийг барьж 7 их наяд  599 тэрбум төгрөгийн зээл авчихсан. Өөрийн хөрөнгөнөөсөө 3.24 дахин илүү зээл авчихсан байна. Энэ бол монголчуудын эрсдэл. Энэ бүх зээл бол хүүтэй. Тэгээд бас зээл авч, Оюутолгойд хөрөнгө оруулсан гэж дундаас нь 18 сая ам.доллар завшсан байна. Энэ 18 сая ам.доллар бол жижиг асуудал. Харин энэ их хэмжээний өр хаанаас гарч ирснийг монголчууд мэдэх эрхтэй” хэмээн хэллээ.
Хамгийн ноцтой мэдээлэл бол Оюутолгойн гэрээ байгуулах хүртэл буюу 2009 оныг хүртэл хуучнаар “Айвенхоу майнз”, одоогийн “Туркойз Хилл” 6 тэрбум ам.доллартай л компани байсан гэдгийг С.Ганбаатар гишүүн хэлээд одоо 763 тэрбум ам.доллартай компани болчихсон байна. Анх хөрөнгийнхөө дөнгөж долоон хувийг өөрөө эзэмшдэг байсан бол одоо 88 хувь болон нэмэгджээ. Энэ их мөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн нь “луйвар” гэж  мэдэгдлээ.
Мөн “Оюутолгой” ХХК татварын хойшлуулсан дүнгээрээ 708.528.803.5 мянган төгрөг завших боломж олгосон.Энэ нь 800 цэцэрлэг бэлэглэсэн гэсэн үг хэмээв. Түүнчлэн “Голден Саксмен” гэдэг санхүүгийн компани байтал манайд хуулийн зөвлөгөө өгсөн.  Ийм байж болохгүй хэмээн С.Ганбаатар гишүүн хэлж байсан юм.
Мэдээллийн дараа С.Ганбаатар гишүүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Оюутолгойгоос өгч байгаа мэдээллүүд бүгд хуурамч хэрэг үү?
-Надтай Монголын урдаа барьдаг 12 эрдэмтэн хамтарч ажилладаг болохоор би энэ бүхнийг мэдээд байгаа юм. Оюутолгой дандаа монголчуудын тархи угаасан мэдээлэл цацдаг. Өнөөдрийг хүртэл анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын хэмжээг ч одоо хүртэл бид мэдэж чадахгүй байна. Оюутолгой нь монголчууд байгалийн баялгаа 100 хувь эзэмшиж байгаа гэж хэлсэн. Үүнийгээ огт үнэлэхгүй байна. Тэгээд 5.6 сая тонн баяжмалыг  биднээс асуухгүй ухаад гаргаад ирсэн. Оюутолгой дахин дөрвөн тэрбум ам.долларыг дэлхийн зах зээлээс босгохоор ажиллаж байгаа. Тэд нэмж зээл авахад Засгийн газрын төлөх өрийн хэмжээ буурна, нэмж зээл авах тусам ногдол ашиг авах хугацаа богиносно гэж хэлж байгаа нь ч худлаа. Оюутолгой эрсдэлгүй гэдэг нь ч худлаа. Хоёрхон жилийн дараа Монголын говь цөл болно. Монголчуудыг битгий басамжил гэж хэлмээр байна.
-Тэгэхээр одоо яах ёстой вэ?
-Даруйхан яриа хэлцэлдээ ормоор байна. Бүх зүйлд нь Монголын талын хяналт байх хэрэгтэй. Би Оюутолгойгоос хөөж гарга гэж хэлээгүй. Маргаан үүсвэл маргаанаа яаж хамтарч шийдэх вэ гэдгээ ярилцъя. Манай Оюутолгой 100.8 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэсэн ТЭЗҮ байдаг. Үүний 50 хувь нь ашиг гэж үзвэл 27 тэрбум ам.доллар нь монголчуудад ирэх ёстой. Энэ мөнгөөр бартерийн гэрээ байгуулж  болно. 1800 км төмөр зам, зэс хайлуулах хоёр үйлдвэр авна шүү гэх зэргээр тов тодорхой гэрээ байгуулах хэрэгтэй. Ухаантай мөртлөө маш ойлгомжгүй ярина гэдэг бол луйвар явж байгаагийн шинж. Хүнд ойлгомжтой, энгийн, ил тод болгох ёстой. Өнөөдрийн байдлаар Монголын ард түмэн нэг талдаа гарч байгаа. Одоо гарц бол улстөрчид биш шинжээчид хэлэлцээрт орох ёстой.
-Гэрээнд тийм зүйл байхгүй шүү дээ?
-Гэрээ бол хамгийн адгийн гэрээ.  Оюутолгойн гэрээнд авах юм байхгүй, энэ бол үнэн.
Ш.Эрдэнэ

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих