Мөнххаан сумын нэрийн хуудас болсон тэнгэрийн заяатай цэргийн жанжин

kolsssМонгол ардын армийн дээд тушаалын офицеруудын cop явсан Батлан хамгаалахын сайд агсан, хурандаа генерал Жамсрангийн Ёндонгийн мэндэлсний 90 насны ой гуравдугаар сарын 18-нд тохионо. Уугуул сумынхаа 90 жилийн ойг тохиолдуулан Ж.Ёндон генералын хүү Ё.Ганзориг, охин Ё.Наранцэцэг, хүргэн, бэр, ач, зээ нар нь үе үеийн цэргийнхэнд болон Мөнххаан суманд ажиллаж, амьдарч байгаа бүх айл өрхөд мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлийн хадаг өргөн дэвшүүлж байгааг нь энэ дашрамд дурдсу.

 

Энэ түүхэн хүний тухай миний бие армийн жагсаалд алба хаах хугацаандаа домог болон үлдсэн олон сайхан амьд жишээ, баримтыг гадарлах нэгэн бөлгөө. Ясны цэргийн дарга болох авъяас нь бүр сумангийн дарга байхдаа тодорч, тэр үеийн хал үзэж хашир суусан цэргийн домогт дарга нар түүнийг олж хараад залуу офицерийг түмэн офицерийн дундаас шилж сонгон “Хүндэт харуул”-ын ротын даргаар томилсон явдал билээ.

 

Цэгц сайхан бие, жагсаалд гарамгай байдал, цээл сайхан хоолойгоороо тун удалгүй цэргийнхэнд төдийгүй ард олны дунд “Рапорт Ёндон” хэмээн хүндлэгдэж байсныг миний үеийнхэн түүнээс өмнөх ахмадууд андахгүй ээ. Жагсаалын цэргээс хурандаа генерал, бага даргаас Батлан хамгаалах яамны сайд хүртэл жирийн бус “хүнд” замыг өгсөж дэвших замаар туулсан түүний тухай дэлгэрэнгүй бичвэл нэлээд ном товхимол эргүүлж, архивт сууж, судалгаа хийж ихээхэн цаг зав зарцуулах нь ойлгомжтой.

 

Харин би бөгөөс цээжинд үлдсэн цөөн хэдэн үйл явдлаас ишлэл төдийхөн өгүүлэх юун. Тэр бол жанжин байсан юм. Шат дараалсан цэргийн сургууль төгсөж, оператив-тактикийн өндөр боловсрол эзэмшжээ. Тухайлбал, Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-д Буудлага тактикийн дээд курс, Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн байна.

 

Дунд, ахлах, дээд офицерийн бүх албан тушаалыг дамжиж, сумангийн улс төрийн орлогч.сэлэмт сумангийн захирагч байхдаа хариуцсан нэгжээ онц сургаж, байлдааны буудлага тактикийн сургуульд тэргүүн байр эзэлдэг байжээ. Хүндэт харуулын ротын даргаар ажиллаж байсныг дээр дурьдсан. Энэ салбар нь армид ганцхан байдаг. Тус ротыг Ж.Ёндон гуайн үеэс эхлэн үе үеийн хамгийн чадварлаг, жагсаалч залуу офицерууд ээлжлэн удирдаж байгаа.

 

Тэрбээр хүндэт харуулын ротын дарга байхдаа өөрийн орны нам, засгийн удирдагчдад төдийгүй гадаадын олон орны төр, засгийн тэргүүн нарт хүндэтгэлийн рапорт мөн ч олон удаа өгсөн дөө. Энэ бол залуухан офицерт тэр бүр олдоод байдаг хувь тавилан биш. Түүнийг жагсаалч, дүрэмч байдлаараа бусдаасаа үнэхээр ялгарч байсныг армийнхан ам дамжин магтаж, биширч байдагсан.

 

Орос улсад цэргийн академи төгсөж ирээд тун удалгүй Ардын армийн Жанжин штабт алба хааж эхэлжээ. Түүний хамт төгсөгч нар нь батальон, хороонд ажиллаж байхад 40 насыг дөнгөж алхсан залуу дарга Ж.Ёндон аль хэдийн хэдэн албан тушаал алгасч, тухайн үедээ хамгийн залуу генерал гэгдэж, 1960-аад оны сүүлчид Монголын ардын армийн Жанжин штабын дарга бөгөөд Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд болсон байлаа.

 

Энэ албан тушаал нь цэргийн салбартаа удирдлагын хоёр дахь хүн боловч тэр үеийн улс төрийн цагийн байдлын хувьд шийдвэр гаргах төвшиндөө нэгдүгээр хүн байсан юм. Хоёр систем, хүйтэн дайны үед дэлхий ертөнц тэр аяараа хоёр лагерьт хуваагдаж, энхтайваны эсрэг “дайн” гэсэн үг хүн төрөлхтний зүрхэнд цус хуруулж байсан цаг билээ. Яг энэ мөчид хойт хөрш цэргийн ихээхэн хүчийг манайд төвлөрүүлж, түүнийгээ Алс Дорнодын “цэргийн театрын талбар” хэмээн нэрлэж, Монголын арми Байгалын чанад дахь цэргийн тойргийн нэг хэсэг болж байсныг мэдэх хүн цөөхөн үлдэж дээ.

 

Энэ нь тухайн цаг үедээ зүй ёсны байсан юм. Гэхдээ өнгөрсөн цаг үеийн үйл явдлыг мартаж хэрхэвч боломгүй. Түүх түүхээрээ үлддэг жамтай. Тэр үед цэргийн томоохон эрх мэдэл генерал Ж.Ёндонгийн гарт төвлөрч байсныг хэлэх гэсэндээ жишээг иш татав. Хүйтэн дайн дуусгавар болсон ч түүхэн цаг үедээ тодорсон цэргийн нэрт зүтгэлтнүүдээ мартах учиргүй билээ.

 

Мэдлэг, мэргэжлийн хувьд цэргийн, салбарт бэлтгэгдсэн команд штгабын мэргэжлийн томоохон дарга, цэргийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй, онол, улс төрийн өндөр мэдлэгтэй, өргөн цараатай сэтгэдэг, цэргийн удирдлагын онолч байлаа. Тэрбээр Армийн өмнө тулгамдсан олон чухал асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн өндөр мэдрэмжтэй байж, цэргийн боловсон хүчний мэдлэг оюунд тулгуурлан тухайн цагийн байдлыг зөв үнэлж, оновчтой шийдвэр гаргаж чаддаг байсан юм.

 

“Цаг үеийн шаардлагаар тактикийн хээрийн сургууль, команд штабын сургууль байнга зохиогдож байсны дээр түүний үр нөлөөг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, армийн офицеруудын оператив тактикийн мэдлэг, цэрэг дайчдын хээрийн дадлагыг нэмэгдүүлэх ажил, нам, засгаас тавьж байсан өндөр шаардлагын төвшинд хүрч, Эх орноо батлан хамгаалах найдвартай армитай байна” гэсэн дүгнэлтийг архивын баримт бичгээс уншиж болно.

 

Цэргийн салбарт олон жилийн турш захирагч, штаб, улс төрийн байгууллага гэсэн бүтэц бодитой оршиж байсан нөхцөлд тэрбээр улс төрийн байгууллагын үр нөлөөг хэрхэвч бууруулж байгаагүй бөгөөд энэ чанараараа армийн доторх улс төр, хүмүүжлийн ажил, нам, ХЗЭ-ийн байгууллагын үүргийг дээшлүүлэхэд бодитой ханддаг байв. Энэ бүхэн нь түүний цэргийн салбарт оруулсан цэргийн удирдлагын томоохон хөрөнгө оруулалт байсан юм.

 

Хүнтэй ажиллах нарийн урлагыг төгс эзэмшиж, сэтгэл зүйн мэдрэмжтэй байж, захирах, захирагдах ёсыг чанд баримталж, боловсон хүчнийг зөв сонгон байршуулж чаддаг, удирдлагын арга барил сайтай, захирагдагсаддаа халамж анхаарал тавьдаг, анги, нэгтгэлийн ахуй хангалт, офицер, дайчдын нийгмийн асуудал, ялангуяа цэргийн сургалт бэлтгэлд онцгой анхаарал хандуулдаг байв.

 

Тэрбээр нэгэн үед Цэргийн ерөнхий дээд сургуулийн захирал, БХЯ-нд цэргийн сургалт эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байхдаа тус сургуулийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, офицер боловсон хүчний мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, иргэний их, дээд сургуулиудын төвшинд адил хэмжээнд хүргэх талаар үлэмж хувь нэмэр оруулсныг одоо ч бахархан дурсдаг юм билээ.

 

Ж.Ёндон генералыг Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын удирдах бүрэлдэхүүн тухайлбал, тэр үеийн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд, маршал Д.Устинов, Жанжин штабын дарга маршал В.Агорков, Улс төрийн ерөнхий газрын дарга армийн генерал Е.Епишев болон цэргийн тойргийн командлагчид, Варшавын гэрээний орнуудын цэргийн төв командлалаас өндөр үнэлж байсан баримт бичгүүд БХЯ-ны төв архивт бий.

 

Тэрбээр төр, засгийн удирдлагын төвшинд ихэд үнэлэгдэж байсан тул Монгол улсын нэн эгзэгтэй цаг үед Батлан хамгаалах яамны сайдаар томилогдон ажиллахдаа улс орны батлан хамгаалах хүчийг зузаатган бэхжүүлэх, цэрэг офицеруудын сургалтын бэлтгэлийг хангах, армийг чадваржуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний бүтээлч хөдөлмөрийг үнэлж, төр засгаас Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одонгоор тус бүр гурван удаа, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнажээ.

 

Мөн ЗХУ-ын “Улаан тугийн одон”, “Октябрийн хувьсгалын одон” болон гадаадын олон орны одон медалиудаар шагнагдсан юм. Хурандаа генерал цолтон манай улсад найм байдгийн нэг нь Ж.Ёндон гуай байсан. Тэр зөвхөн цэргийн зүтгэлтэн төдийгүй Монголын төрийн нэрт зүтгэлтэн байсан юм. Тэрбээр гойд ой санамж сайтай нэгэн. Багадаа хүрээ хийдэд шавилан сууж, “Манал” гэдэг бурхны номыг цээжилсэн гэж ярьж байсныг санаж байна.

 

Тэр Манал нь их зузаан ном юм гэнэ лээ. Тэр үеэс ном тогтоох ой ухаан нь задарсан байхаа. 1988 онд БХЯ-ны сайд байхад нь МХЗЭ-ийн 19 дүгээр их хуралд төлөөлөгчөөр сонгож, улмаар тус их хуралд үг хэлүүлэх шийдвэр гарч, бидний хэдэн хүн хэлэх үгийг нь бэлтгэхдээ хоёр жилийн өмнө буюу 1986 онд МАХН-ын 19 дүгээр их хуралд хэлсэн үгнээс нь цэрэг эх оронч хүмүүжлийн холбогдолтой нэгэн мөрийг жаахан өөрчлөөд оруулчихсан юм.

 

Тэрбээр бэлтгэсэн үгийг анхааралтай уншсаны дараа: “Би хоёр жилийн өмнө намын их хуралд үг хэлэхдээ нэг иймэрхүү санааг гаргасан юм шүү. Энийг та нар залхууралгүй тулгаж хараарай, адилхан үг хэлж болохгүй” гээд ёжтой нь аргагүй инээгээд биднийг нүдний харцаараа тас шилбүүрдэн битүүхэндээ зэмлэж билээ. Анги, нэгтгэлээр явж байхдаа дутагдлыг гайхалтай олж харна, түүнийгээ мартахгүй.

 

Хэдэн жилийн дараа ч чи төдийд тэгэж байсан гэж сайн, мууг жишээ татан ярьж офицеруудыг алмайруулах бол энүүхэнд байв даа. Нэгэн хүнд тэр бүр заяадаггүй хосгүй авъяас Ж.Ёндон гуайд байсан юм. Их сайхан дуулна, шүлэг уншина бас гайхалтай бүжиглэнэ. Би тод санаж байна. 1988 онд сайд байхдаа 65 настай байжээ. БХЯ-ны шинэ жилийн үдэшлэг уламжлал ёсоор Офицеруудын ордонд болж байлаа.

 

Сайд, дарга нар зөвлөх мэргэжилтэн гээд үдэшлэгт оролцогчид бүгд л гэр бүлээрээ. Тэр үдэшлэгт вальсын ая эгшиглэхэд зөвлөх мэргэжилтний эхнэрүүд манай сайдтай бүжиглэхийн тулд түүнд завсарлага өгдөггүй, бүр булаацалддаг байв. 65 настай ахимаг хүн нэгэн оройны бүжиг алгасахгүй, тэгээд ядрахгүй бүжиглэж чадна гэдэг үнэхээр бахархалтай байж билээ. 1980-аад оны сүүлчээр нэгэн удаа Улаанбаатар хотын намын хорооны танхимд Ж.Ёндон генерал уригдан лекц уншлаа.

 

Томоохон газрын зураг, диаграмм зэрэг үзүүлэх хуудас өлгөсөн байв. Одооных шиг компьютер, дэлгэц байгаагүй юм. Нэг цаг 30 минут түүнийг ярихад “ялаа” ниссэн ч дуулдахаар чив чимээгүй, аниргүй байж, “зретиль” тэр аяараа алмайран сонсож байж билээ. Харин үе үе алга ташиж, хүн бүрийн нүүрэнд баярын цог гийж байгаа нь ажиглагдсан. Түүний уншсан лекц тэдэнд ихэд таалагдаж, яаж ийм лектор болох билээ гэсэн гүн бодолд автсан нь тэдний нүдний харц, нүүрний өнгөнөөс илт харагдаж байлаа.

 

Түүнийг дагалдан Улс төрийн газрын үзэл суртлын хэлтсийн дарга, хурандаа Б.Бадарч бид нар байсан юм. Тэрбээр чадварлаг сурган хүмүүжүүлэгч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч байв. Түүнийг нотлох жишээ баримт хэрэггүй бөгөөд гагцхүү шинэ үеийнхэнд сануулахад илүүдэх юун. Тэрбээр нэгэн үеийн Засгийн газрын хамгийн туршлагатай сайд байлаа. 1991 оны гуравдугаар сарын 18-нд Улаанбаатар зочид буудалд Ардын армийн 70 жилийн ойг тэмдэглэж байв.

 

Ойн баярт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар хүрэлцэн ирцгээлээ. Хачирхалтай нь яг энэ мөчид гэрэл тасарч /тэр үед нийслэлд гэрэл байн байн тасалддаг байсан юм/, зочид буудлын ард, гадна талаас цонхоор машины гэрэл тусгаж, дотор талд лаа барин гэрэлтүүлж байсан.

 

Ерөнхийлөгч П.Очирбат нар зөв тойрон ирсэн зочидтой мэндлэх явцдаа: Ж.Ёндон генералтай ихэд дотно мэндчилж, миний ах хүү хэмээн тэврэн үнсэж, их л удаан ярьж зогссон нь түүнд үзүүлсэн том хүндэтгэл байсан билээ. Тэр хоёр нэгэн үеийн сайдууд, олон жил үерхсэн хоёулаа оросоор онигоо сайн ярьдаг, бусдыгаа баясгадаг байснаа ч тэрхэн агшинд дурсаад авсан юм даг.

 

Ж.Ёндон генерал төрсөн нутаг Мөнххаан сумынхаа нэрийг өргөж “Мөнххааны Ёндон” хэмээн нэрлүүлж байсан шигээ Монголын ард түмэн, цэргийнхний дунд “Рапорт Ёндон, жагсаалч Ёндон” хэмээн хүндлүүлж чадсан цэргийн жанжин билээ. Ийм алдарт хүмүүс олон төрдөггүй бөгөөд хойч үеийнхэн ялангуяа нутаг усныхан, цэргийн залуу дарга нар түүний сайхан үйлсийг өвлөн залгамжлана гэдэгт итгэлтэй байна.

Цэргийн сэтгүүлч Г.СУМЪЯА (Ph.D)

Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих