ДУУЧИН Д.БОЛД:МИНИЙ БҮТЭЭЛҮҮД УДАХГҮЙ ДЭЛХИЙ ДАЯАР БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛНЭ

boldbolodТөрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомог хоёрдугаар сарын 4-ны өдөр  албан ёсоор нээлтээ хийлээ. Түүний бие даасан арав дахь цомог болон мэндэлж буй “Монгол поп-2” нь Монголын ард түмний ширээний ном болсон Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойном агсаны “Сүмтэй будрын чулуу” номд орсон “Намрын тухай бодол”, Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн ханьдаа зориулан бичсэн “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын “Монгол түмэн”, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмидын “Ижилгүй ганцхан амраг” шүлгүүдийг дуу болгон мөнхөлж буйгаараа онцлог юм. Ингээд түүнтэй хэсэн хором ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

“Монгол поп-2”  цомгынхоо нээлтийг хийж байгаад болон “Apple” корпорацитай гэрээ байгуулж, iTunes-ээр цомгоо дэлхий даяар борлуулж эхэлсэнд тань  баяр хүргэе.

-Баярлалаа. Миний “Монгол поп-2” цомог “iTunes”-ийн хит цомгуудын нэгдүгээрт жагсаж байна. Миний хувьд энэ цомгоороо ашиг орлого олох нь чухал биш. Монгол ахуй,  монгол аялгууг дэлхий дахинд таниулах, түүнийг орчин үеийн поп урсгалтай хослуулан  өвөрмөц донж, хэв маяг гаргаснаа сонсогчдод хүргэхэд хамгийн гол зорилго оршиж байгаа юм. Хэвлэлийн бага хурал гэхээр л ширээний ард суугаад л мэдээлэл өгөөд гараад явчихдаг гэж ойлгодог. Энэ хэв маягийг эвдэе гэж бодож бяцхан тоглолт маягийн уулзалт зохион байгууллаа.

-Монгол поп гэж юу вэ? Цаашдаа энэ урсгалыг ирээдүйг ямар байдлаар төсөөлж хардаг вэ?

-Монгол поп гэдэг  бол уламжлал дээр тогтсон шинэ цагийн рок поп хөгжмийн урсгал болохоос Монгол поп бол Болдын урсгал биш шүү дээ. Харин энэ нь  Монгол улсын урсгал. Тийм учраас Монголынхоо хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байгаа.  Тодруулбал, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, “Гурван охин” хамтлагийн продюсерээр ажиллаж байна.  Мөн одоогоор “Камертон 2” шоуны ялагчийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа.

-Таны хөдөлмөрийг Монгол улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, танд Төрийн соёрхолт хүртээсэн. Дараа нь таныг хэвлэл мэдээллээр танилын хүрээгээрээ төрийн соёрхолт авчихаж гэх мэтээр бичиж байсан. Энэ бүгдийг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Камертон” хамтлаг 18 жил уран бүтээл хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид олон удаа санал тавьж, тоглолтондоо урьсан ч зөвшөөрсөн хариу авч байгаагүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань “Уулзъя” гэхэд уриалгахан хүлээж авдагт би их баярладаг. Миний хувьд Ерөнхийлөгч маань их нээлттэй хүн шиг санагдсан. Бид хамаатан, төрөл садан биш шүү дээ. Тийм ч учраас зургаа цахим хуудсандаа тавьсан юм. Үүнийг үзээд зарим хүмүүс ингээд л төрийн соёрхолт болчихсон юм байна гэж байсан. Төрийн соёрхолт гэдэг нь бүтээлд өгдөг шагнал учраас “Монгол поп”-д өгсөн гэж ойлгож болно. Энэ бүтээлүүд дээр Д.Болд ганцаараа ажилладаггүй. Хөгжмийн найруулга дээр Н.Баярхүү, шүлгүүд дээр Ш.Гүрбазар, Э.Ган-Очир, Ш.Дулмаа гуай, Ц.Балхжав ах гээд маш олон хүн ажилласан. Шагнал бол залуу насанд өгсөн урам гэж ойлгодог. Миний хувьд шагналаа сайхан өргөөд, илүү өндөр оргилын төлөө дээш зүтгэнэ гэж бодож байгаа. Тийм ч учраас манай урлагийнхан, тэр дундаа рок попынхон сайн ажиллаасай гэсэн үүднээс өгсөн болов уу гэж боддог. Миний хувьд шагналын дор орохгүй л гэж боддог шүү.

-Поп, R&B чиглэлээр шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн?

-Тиймээ. Поп, R&B цомгийн бичлэгийн ажил ид дундаа явж байна. Удахгүй шинэ дуу, клипүүд цацаж үзэгчдэдээ хүргэх болно.

-“Монгол поп-2” цомог гараад эхлэхээр тоглолт хэзээ болох бол гэсэн хүлээлт байгаа. Ер нь ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу? 

-”Монгол поп 2”-ынхоо тоглолтыг амьд хөгжимтэйгөөр хийх бодолтой байгаа. Түүнчлэн “Камертон” хамтлагийн 18 жилийн ойд зориулсан шинэ цомог болоод тоглолт, “Камертон -2” шоуны ялагчийн тоглолт гээд ажлууд хийгдэнэ. Хамгийн түрүүнд хэд, хэдэн газар мини unplugged тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Ийм хэлбэрээр монгол попыг хүмүүст танилцуулах нь илүү зүйтэй санагдсан юм. Яагаад гэвэл, монгол поп гэж чухам юу юм бэ гэдгийг хүмүүс их сонирхож байгаа шүү дээ. Хүн бүр хөгжмийн боловсрол эзэмшигдэггүй  учраас онолын дагуу болон хөгжмийн дуугаралтын хувьд залууст хамгийн энгийнээр тайлбарлаж өгөх нь зүйтэй юм байна гэж бодсон.

-IPhone IPad-д болон ухаалаг утсанд  зориулсан “Bold App”-аа танилцуулаач

-Монголын урлагийг дэлхийн тавцанд гаргах  багахан эхлэл гэж хэлж  болно. iTunes-т “Монгол поп-1”, “Монгол поп-2” цомгоо борлуулж болохоор ухаалаг гар утсанд зориулсан аппликэйшн бүтээсэн нь Монголын рок попын түүхэнд анхны гэж хэлж болохоор  үйл явдал  болж байгаа төдийгүй тун удахгүй amazon.com-oo дэлхий даяар борлуулагдаж эхлэх гэж байгааг дуулгахад маш  таатай байна.

-Таныг үүлэн домог дууны аяыг  “Гадны дууны  аяас хулгайлчихаж” гэсэн яриа бас гарсан?

-Гадны R&B дуучид ази аялгууг маш их ашигладаг болсон. Муу юм олонд тархахдаа амархан байдаг шүү дээ харин  сайн юм тархахдаа удаан байдаг жамаар энэ яриа олны дунд их хурдан тархсан байна лээ. Тиймээс ч би цомгийнхоо нээлтийн үеэр “Үүлэн домог” дуу хэрхэн, яаж бүтсэн талаар бүх хөгжмийг энгийн, ойлгомжтой тайлбарлаж өглөө шүү дээ. Энэ л хангалттай гэж бодож байна даа.

-Рок попынхны ам барихыг эсэргүүцэж нэгдсэнийг та дэмжиж байгаа юу?

-Дуучин хүн амьдаар дуулах ёстой шүү дээ. Гэхдээ манайд дуучдыг амьдаар нь дуулуулах нөхцөл бүрэн хангасан концертын заал хэр олон бий билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Манайд мэргэжлийн дуугаралттай концертын заал, микрофон дутмаг байдаг. Наад зах нь үзэгчид гадуур хувцсаа тайлаад тайван, тухтай концерт үзчих хэмжээний заалтай байх ёстой. Надад ч гэсэн ам барих тохиолдол байсан. Яагаад гэхээр ажиллахгүй микрофон өгчихдөг.Тийм учраас амьдаар дуулах боломж байхгүй шүү дээ. “Камертон” хамтлагийн хувьд ч зарим нэг жижиг шоун дээр ам барих асуудал гарч байсан.

-Таны хувьд хэдэн нас хүртлээ дуулна гэж боддог вэ? 

-Миний хувьд ард түмнийг уйдаахгүй, үргэлж шинэ сонирхолтой бүхнийг хийж, өөрөө менежменттэй явах юм бол урлаг хязгааргүй мөнх хэзээ ч дуусашгүй л  гэж боддог доо. Тэгэхээр би хэдий хүртэл шинэ хэвээрээ  байна, төдий хүртэлээ дуулна л гэсэн үг шүү дээ. (Инээв)

-Уран бүтээлч хүмүүсийн хувьд хувийн бизнесийн ажил давхар хийж олон ажлыг амжуулдаг юм шиг санагддаг. Таны хувьд уран бүтээлээс өөр ямар ямар ажил хийдэг вэ?

-Бизнес гэхээсээ илүү шоу энтертаймент чиглэлээрээ л ажиллаж байна. Миний гэр бүл урлагийн элит гэр бүлийн үргэлжлэл  гэж боддог учраас хатуу тангараг бий. Манай өвөө үндэсний хөгжмийг олон улсад таниулахад маш их зүйл хийсэн ачтай хүн. Тиймээс би зүгээр нэг дуу дуулаад явах биш, бүтээл талаас нь ажиллая, энэ рок поп урлагт шинэчлэл авчиръя гэж  бодож ажилладаг. Уран бүтээлч хүмүүсийг сонин хэвлэлүүд дээр сайлж муулах нь чөлөөт ертөнцөд байдаг л зүйл. Үүнийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байх л  ёстой гэж боддог. Гол нь ярих биш, хийж буй зүйлээрээ л  юу чаддагаа харуулж байх нь чухал гэж боддог доо.

-“Сайн яваа эр хүний ард сайхан монгол эмэгтэй хатан ухаан гэдэг Эхнэрийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу? Анх хэрхэн танилцсан түүхээсээ манай уншигчдадтай хуваалцаач!

-Миний ханийг Ж.Бямбасүрэн гэдэг. Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас одон”-той циркийн жүжигчин байдаг. Олон жил улс эх орноо сурталчилж, гадаад дотоодоор аялан тоглож, хөдөлмөрлөж ирсэн  сайхан бүсгүй бий. Анх манай хамтлаг “Холливуд”-д дуулдаг байсан юм. Тэр үед  их гайгүй хувцасласан  хөөрхөн хэдэн охин орж ирдэг байлаа. Гадаад, дотоод явдаг шинжтэй. Нэг өдөр  харин биднээс гарын үсгээ өгчих гээд  л тэгээд л танилцаж дотноссон. Надад  миний эхнэрийн бүх юм таалагддаг. Анх харахад л цаанаасаа миний хань юм шиг их дотно  санагдаж байсан.

-Та өөрийгөө хэр сайн хань хэр сайн аав гэж боддог вэ?

-Энэ нийгэмд яг л залуучуудынхаа адил хөдөлмөрлөөд, үр хүүхдээ сайхан амьдруулахын төлөө явдаг.Харин бусад хүмүүсээс ялгаатай нь олны танил л  байх. Урлагийн хүмүүсийн уран бүтээл төдийгүй хувийн амьдрал нь хүртэл  олны өмнө ил байдаг шүү дээ. Би одоогоор гурван хөөрхөн  хүүхэдтэй. Эхнэр, хүүхэдгүй байхдаа өөрийгөө л боддог байсан. Харин одоо эднийхээ төлөө  л амьдарч хөдөлмөрлөдөг юм. Гэхдээ би амьдралдаа маш их сэтгэл хангалуун байдаг. Дуртай зүйлийнхээ үр шимийг амтлаад явж байгаа учраас сайхан байдаг.

-Урлагийн хүмүүс гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж бага гаргадаг. Таны хувьд ажил, уран бүтээл гэсээр мөн л цаг зав бага гаргадаг байх

-Ер нь урлагийн хүн гэлтгүй эр хүн бүр гэр бүлээ хайр халамжаар дутаахгүй байхыг хичээдэг. Гэвч ихэнх нь дутаадаг байх.  Дутаадаггүй гэж хэлэх нь утгагүй л дээ. Учир нь, хүний хүсэл шунал  гэдэг өөрөө хязгааргүй байдаг болохоор тэр байх л даа. Тэр хүний хүссэн хэмжээнд нь тултал нь  хайр халамж үзүүлнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Хамгийн гол нь, гэр бүлээ эрүүл энх, аз  жаргалтай байлгахын төлөө л зүтгэж явах нь эр хүний үүрэг байгаа юм.

-Таныг хувцасны загвар сайн зохиодог гэж сонссон.  Та өөрийн хувцас болон загварлаг дээлнүүдээ хаана хийлгэдэг вэ?

-Тийм ээ. Би  хувцасны загвараа өөрөө гаргах сонирхолтой. Гэхдээ санааг нь монгол гэр, үндэстэн ястнуудын дээлээс авдаг. Дээл сайхан хийдэг хүмүүстэй л одоохондоо  хамтарч ажиллаж байгаа.

-Дуучин Болд их бренд хүн гэж хэлдэг. Ер нь таны брэнд юу вэ?

-Би ямар ч тохиолдолд бренд гэдэг зүйлийг  хэрэглээ талаас нь л ойлгодог. Түүнээс биш улайраад яг л  тийм юм гээд хөөдөггүй. Би “Монгол поп” цомгоороо гар урлал, хатгамал, уран нэхээсийг үндэсний хувцас болох дээлэндээ шингээж, дэлхийн брэнд болгохыг зорьж байгаа. Монгол ухаан, монгол уламжлал гэхээр шууд хөдөө очоод гэрт амьдар гэсэн үзэл санаа биш шүү дээ. Залуучууд бид орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн зэрэгцээ, өв соёлоо хадгалж авч явах хэрэгтэй гэж боддог.

-Та гэр бүл салалтыг юу гэж боддог вэ?  Сайхан эмэгтэй зөрөхөд эргэж харахгүй эр хүн гэж байдаггүй гэдэг. Хэрвээ таны хажуугаар сайхан бүсгүй зөрж өнгөрвөл та ях вэ?

-Манай Монголын охидууд  маш үзэсгэлэнтэй, залуучууд нь их ганган шүү дээ. Сохор биш учраас сайхан бүсгүйчүүдийг  эргэж харалгүй яах вэ. Зарим хүн харлаа гээд босгосон амьдралаа нурааж, гэр бүлээсээ уйдчихдаг юм шиг ойлгодог. Энэ бол маш буруу санагддаг. Хүн сэтгэл зүрхээ нэг л хүнд өгдөг. Харин нүд бол хүссэн бүхнээ хардаг эрхтэн шүү дээ. Би өөрийгөө сайхан залуу гэж боддоггүй. Бас энэ хорвоо дээр ми¬ний эхнэрээс үзэсгэлэнтэй бүсгүй байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ тэр бол миний жинхэнэ хайр. Бид бие биендээ үзэсгэлэнтэй харагддаг. Энэ л хангалттай. Заяаны хань гэдэг цаанаа л өөр байдаг юм билээ. Бид анх танилцахад л надад маш дотно санагдаж миний эхнэр болох хүн гэдгийг мэдэрч байсан.

З.Одончимэг


URL:

Сэтгэгдэл бичих