МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа яах вэ?

564РХ5465ХГРРХРХХРМуу ёролж ч байгаа юм биш. Бусдын мууг үзэх гэж байгаа ч юм биш. Бас дургүйдаа ч биш. Өнөөдрийн МАН-ын бодит байдлыг хараад байхад ирэх ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах зураг харагдаад байна. Харин хэн ерөнхийлөгчийн сонгуульд ялах вэ гэхээр одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдох байх. Яагаад шууд ингэж дүгнэж байна вэ гэхээр ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч болох МАН дотроо эв нэгдэлгүй байгаатай шууд холбоотой. “Цувж явсан барсаар цуглаж суусан шаазгай дээр” гэдэг мөн “эвт шаазгай буга барина” ч гэдэг. Гэвч МАН-ынхан эвт шаазгай байж чадахгүй байна. Энэ намынхан дотроо ямар ч эв нэгдэлгүй байна. Юун нөгөө сөрөг хүчин байх. Ядаж эхлээд нам болох хэрэгтэй. Түүний дараа сөрөг хүчний ажлаа хийх хэрэгтэй.

Одоо бол МАН баян хүмүүсийн бөөгнөрөл адил л байна. Намын боловсон хүчнийх нь бодлого алдагдаж бүгдийг хуйвалдаан, тохиролцоогоор шийддэг. Үзэл баримтлал гэж юу ч байхгүй. Хамгийн гол нь улс орноо гэсэн сэтгэлгүй бас мэдлэггүй хүмүүс намыхан нь дээр заларчихсан. Тэд хэнийг ч сонсохгүй бүх л зүйлийг болж байгаа мэтээр төсөөлсөөр. Ерөнхийдөө тэд үнэнийг сонсохыг хүсдэггүй бас хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ нь тэдний гэм биш зан болчихсон.
МАН-ынхны хувьд УИХ болон Орон нутгийн сонгууль дараалан ялагдсан хийгээд Өвөрхангайгаар наймаалзаж байж бүлгээ байгуулсны дээр Увсын хоёр мандатаа алдсан гэх мэт алдаанууд ар араасаа үргэлжилсээр байна. Адаг сүүлдээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнээрээ хэлэлцүүлнэ гэсэн шийдвэртэйгээр могой жилээ угтсан.
Нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тоонд Д.Оюунхорол гишүүн, Б.Бат-Эрдэнэ гишүүн болон У.Хүрэлсүх, С.Баяр нарын нэр илүүтэй сонсогдож байна. Энэ хэдэн хүмүүсээс л аль нэг нь ирэх сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдөх бололтой. Гэхдээ юуны түрүүнд эдгээр нэр дэвшигчдээ ард түмнээрээ хэлэлцүүлж ажлын энэ нам хийх ажээ. Энэхүү гэнэн гэмээр үйлдэл нь тэдэнд дэмжлэг авчирахаас илүүтэйгээр харин ч хар пи-ар болон хувирах аюул бас бий. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирч ч болно. Үүнийг ойлгож, сайн тооцсон л байх болтугай?
МАН-д ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл хүмүүс олон байгаа нь тодорхой. Гэвч ард түмнийхээ итгэлийг дааж, эв нэгдлийг хангаж чадах чадалтай ерөнхийлөгч байж чадах мэдлэг боловсрол болон туршлагатай хүн байх нь чухал. Энэ бол наад захын, анхан шатны шалгуур бөгөөд үүнийг давах ёстой.
С.Баяр улс төрчийнхөө хувьд үнэхээр мундаг чадалтай хүн байх. Гэвч энэ ард түмний төлөө хариуцлага хүлээж чадах уу гэдэг эргэлзээтэй. 2009 онд ерөнхий сайд байхдаа өнөөдөр асуудал үүсгээд байгаа Оюу Толгойн гэрээг шахаж хийлгэчихээд бие муу нэрээр гадаад руу яваад түүнээс хойш улс төрөөс бас эх орноосоо хөндийрсөн. Түүнийг намын дарга, Ерөнхий сайдын суудлаа Сү.Батболдод зарсан гэдэг ч яриа ч бий. Мэдээж өнөөдөр С.Баярыг дэмждэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэвч С.Баярын цаашдын хувь тавилан Оюу Толгойн асуудалтай салшгүй холбоотой билээ. Эх орноосоо урвасан гэх тодотголтой Оюу Толгойн гэрээг хийсэн буруутны №1 нь С.Баяр гэдгийг ард иргэд нэгэн дуугаар хэлнэ.
У.Хүрэлсүх мэдээж ерөнхийлөгчид өрсөлдөх хүслээр жигүүрлэн яваа сурагтай. Гэвч ард түмэн боксчин ерөнхийлөгчтэй болохыг хүсэхгүй л болов уу? Түүнийг УИХ-ын гишүүнээс буусан шалтгаан нь хуучин хэргүүдийг ухаж, түүнийг шахаанд оруулснаас болсон гэдэг. Ойворгон, тогтворгүй, бүгдийг нударгаар шийддаг зантай энэ эрийн талаар олон олон хар бараан зүйлс сонсогддог.
“Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтана” гэдэг. Монгол улсын далай даяан, дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөн л ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэл дүүрэн явж байгаа. Түүнийг сонгуульд нэр дэвшинэ гэдэг яриа аль эртнээс л гарч ирсэн. Түүний талаар хүмүүс хоёр янзын байр суурьтай л байгаа. Элдэв хэл амнаас хол Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд намаасаа дэмжлэг авбал Ц.Элбэгдоржтой хав дөрвөлжин барьцаа аваад нэг үзвэл нилээн сандаргах байх. Б.Бат-Эрдэнийн гол дэмжигчид ахмадууд болон хөдөөнийхөн.
“Дур дураа голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчээр Д.Оюухорол гишүүн ерөнхийлөгчид өрсөлдөөд үзэх хүсэлтэй гүйж яваа сурагтай. Орчин үед эмэгтэй хүмүүс ерөнхийлөгч, төрийн тэргүүн болох “моод” дэлгэрээд байна. Тиймээс манай намынхан намайг дэмжчихвэл ерөнхийлөгч болчихыг алийг тэр гэх вэ? гэх ухааны юм төсөөлөөд л явж буй. МАН-ынхан ялагдая гэвэл Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлчих хэрэгтэй. Тэгвэл Ц.Элбэгдоржийн хувьд зөөлөн хоол болох төдийгүй бараг л өрсөлдөгчгүйгээр гарч байгаатай ялгаагүй юм болно.
Гэвч энэ нь МАН-ын нэр хүндийг бүүр унагааж, дахиж өндийхөд түвэгтэй болгох ч талтай. Ерөөсөө ерөнхийлөгчийн сонгуулийн дараа юу болохыг урьдчилан бодож, асуудалд хандахгүй бол ялагдсаныхаа дараа үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг хөл толгойгүй бужигнацгаах вэ дээ. Хууччуул нь суудлаа тавьж өгөхгүй гээд л зүтгээд л, залуучууд нь намаа шинэчилнэ гээд л шантаачлаад л, зарим нь МАН-ын МАХН-тай нэгтгэнэ гээд хөл толгойгүй юм болох вий дээ. Өнөөдөр энэ асуудал байгаа ч сонгуульд ялагдсаны дараа улам л идэвхжинэ.
МАН-ыг өнөөдрийн байр суурьнаас харахад ялагдах магадлал өндөр байна. Тэгээд гурван сонгуульд ялагдуулсан гээд намын удирдлагуудаа огцруулах ажиллагаа явагдах боловч МАН-ын хууччууд суудлаа тийм амархан тавьж өгөхгүй зууралдана.
Ер нь МАН ирэх сонгуульд ялъя гэвэл томоохон өөрчлөлтийг намдаа хийх хэрэгтэй. Боловсон хүчний шинэчлэлт, бүтцийн шинэчлэлт, үзэл баримтлалын шинэчлэлтүүдийг хийж, улс орныг хөгжүүлэх төлөвлөгөөгөө шинжлэх ухааны үндэстэйгээр боловсруулах хэрэгтэй. Үүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийж гүйцэтгэх хэрэгтэй. Товчхондоо юу хэлэх гээд байна вэ гэхээр МАН ирэх сонгуулийн өмнө нэгэн цул болох хэрэгтэй. Заавал ахмадуудынхаа эсрэг залуучуудаа тэрсэлдүүлээд байж болохгүй. Үнэхээр ард түмний дунд нэр хүндээ барсан хүмүүсээ намын удирдах зөвлөлөөс гаргаж, түүний оронд шинэ чадварлаг хүмүүсээр цус сэлбэх хэрэгтэй. Мөн өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн талаар шинжлэх ухааны үндэстэйгээр гүн гүнзгий судалгаа хийж, түүний намын хөтөлбөр болгох хэрэгтэй.
Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болгох хэрэгтэй. Үүнийг хийх боловсон хүчин энэ намд одоохондоо байхгүй л дээ. Гэхдээ Монголд үүнийг хийж чадах чадалтай хүмүүс байж л байна. Тэднийг урьж авчираад хийлгэж болно шүү дээ.
Нэг харамсалтай зүйл ажиглагддаг нь юу вэ гэхээр МАН гэдэг махны машинд орсон хүмүүс яг л Н.Энхбаяр шиг болчихдог юм байна лээ. Ямар вэ гэхээр хүмүүсийг ашиглаад хаядаг. Ийм хүмүүс яаж намаа аврах вэ дээ. Мөн яагаад ч Монголыг хөгжүүлэх вэ дээ. Тэд ёстой гэнэн залуусын сайхан мөрөөдлөөрөө амьдарцгааж байна. Мөрөөдөөд мөнгө олохгүй гэдэг. Хүсэл байгаад мэдлэггүй бол юу ч бүтээж чадахгүй.
Яг одоо МАН-ыг удирдаж байгаа хүмүүс болон МАН-ы залуусыг харж байхад тэд энэ намыг одоо байгаа түвшнээс нь дээш гаргаж чадах ямар ч чадваргүй. Яагаад гэвэл тэдний мэдлэг чадвар хүрэхгүй. МАН гэдэг энэ систем задралд орчихоод байна. Үүнээс гарахын тулд шинэ хүн хэрэгтэй. Шинэ хүн гэдэг чинь шинэ санаа, шинэ бодлого гэсэн үг.
Гэвч үүнийг МАН-ынхан сайн ойлгохгүй л сууцгаана. Сүүлд МАН, МАХН хоёрыг нэгтгэх санаа бол Н.Энхбаярын шидсэн чулуу. Түүний хувьд МАХН, МАН-тай нэгдэж байгаад сонгуульд ялж улмаар тэрээр шоронгоос гарах төлөвлөгөөг л тэрээр боловсруулж суугаа. Н.Энхбаярын нэг гайхамшигтай чадвар бол хор хутгах. Үүндээ тэрээр үнэхээр гаршсан хүн шүү дээ.
МАХН, МАН хоёр нэгдээд ч ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн баталгаа байхгүй. Хамгийн гол нь нэгдүгээр асуудал бол ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхээс л бүх зүйл хамаарна. Мэдээж намын рейтэнг чухал.
Эцэст нь хэлэхэд өнөөдрийн байгаа бодит байдлыг нь харахаар сонгуульд ялагдах нь зураг харагдаад байна даа. Үүний энэ намынхан ойлгож байгаа болов уу? Бодит байдлыг зөв дүгнэхгүй бол алдаа гаргадаг. Нөгөө л хуйвалддагаараа хуйвалдаад л нэр дэвшүүлээд явна биз дээ. Нөгөө М.Энхболдыгоо нэр дэвшүүлчихэж ч магадгүй л намдаа.
Тиймээс одоо залуучууд болон намаа аврах, шинэчлэх хүсэлтэй хүмүүс сонгуульд ялагдсаны дараа яах вэ гэдгээ одооноос бодож, стратеги төлөвлөгөөгөө сайн боловсруулах хэрэгтэй. Ялагдалд бэлэн байх хэрэгтэй. Хэрэв бэлэн байж чадахгүй бол МАН “газрын хөрснөөс арчигдах” болно. Үүнийг хүсэж байгаа хүмүүс захаасаа аваад олон бий. Энэ хатуу боловч үнэн үг шүү.
ЦАГ ТӨР

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих