МАН-ыг хэн удирдаж чадах вэ

MANAMЭнэ асуултын хариултыг олон хүн, тэр дундаа намынх нь гишүүд хайж байна. Ардын намыг хуучин МАХН байхад удирдаж байсан хүмүүс шиг хүчтэй, бас зоригтойхон шиг удирдчих хүн хэн бэ гэдгийг олох гэж хичээж байна. Ялангуяа Ардын намын залуучууд. Гэтэл тэдний үгийг сонсох хүсэл хууччуулд нь байхгүй бололтой. Энэ утгаараа ч тэд улс төрийн хүрээнд хамгийн хүчтэй нам гэгдэж байсан Ардын намын нэр хүнд унасаар байгааг төдийлөн олж харахгүй байх шиг. Н.Энхбаяр, С.Баярын үед Ардын намынхан эрх барьж, Ардын намынхан улс орныг удирдах бодлогыг бие даан гаргаж, Ардын намынхан л дуугардаг байлаа. Харин өнөөдөр цаг цагаараа байдаггүй гэдгийг Ардчилсан намынхан харуулж эхэлсэн. Ардын намынхны эрх ямба Ардчилсан намынханд шилжив. Ийм хүнд үед Ардын намыг шинэ бодлого, шинэ зарчмаар чадварлаг хүн удирдах ёстой болж байгаа юм. Тус намын гишүүдийн зүгээс чадварлаг, хүчтэй удирдагчаар олон хувилбар дэвшүүлж буй. Гэхдээ ил илэрхийлсэн нь үгүй. Намынхаа Бага, их хурлыг зарлаад “Намаа шинэчилье” гээд одоогийн удирдлагууд хэлчихэж чадахгүй байна гэж Ардын намыг шинэчлэх хорооныхон хэлсэн. Н.Энхбаяр, С.Баяр нарыг муугаар хэлдэг ч тэд намынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан хүмүүс. Өнөөдөр энэ нам лидерүүдээ дуудсан ч ирэхээргүй болж. Аргагүй шүү дээ, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын “хариуцлагагүй” удирдлагуудаас болж Н.Энхбаярыгаа явуулчихсан. Н.Энхбаяр нь хүчтэй гэдгээ харуулж, МАХН-аа буцаан авч өөрийн хүмүүсийг парламентад оруулж чадсан. Ө.Энхтүвшин яах учраа олж ядсаны эцэст Н.Энхбаяртай очиж уулзаж байлаа. Хэрэв үнэхээр өөрөө нэг намыг авч явж чадахаар байсан бол хүнд байдлаас гарах дараагийн арга хэмжээгээ авна гэхээс биш “хаягдсан” Н.Энхбаяр дээр лав очихгүй байсан биз. Н.Энхбаяргүй МАН-ыг С.Баяр түшихгүй нь тодорхой. Тэрбээр эх орондоо ирж, намаа удирдвал МАН өөр болох нь мэдээж байх. Гэвч Ерөнхий сайдын суудлаа орхин байж улс төрөөс холдсон энэ эрхэм намаа сэргээнэ гээд ирэх нь юу л бол. Ард түмэнд юу гэж хэлснээ эрх биш бодох байлгүй. Харин С.Баярын орыг залгасан Сү.Батболд хүчтэй улстөрч байж чадаагүйгээ Ерөнхий сайд байх үедээ харуулсан. Ардчилсан намынхантай Үндсэн хууль зөрчин байгуулсан хамтарсан Засгийн газрын тэргүүн тэрбээр Н.Алтанхуяг “Би засгаас гарлаа” гэдэг үгийг сонсоод хэрхэн барьц алдсныг нь тод санаж байна. Уг нь удирдагч хүн сонгууль дөхсөн тэр үед Ардчилсан намынхан тэр дундаа өрсөлдөгч намынх нь дарга ямар үйлдэл гаргахыг хэдийнэ тооцоолчихсон, дараагийн алхмаа бодчихсон баймаар. Гэтэл тэгээгүй.

Одоогийн намын дарга Ө.Энхтүвшин ялагдсан намыг хөл дээр нь босгох гэж хэрэндээ л ажиллаж байгаа. Гэхдээ түүний хүч мөхөсдөж байна. Тэр өөрөө зоригтой алхам хийх ч, удирдагч биш учир чадахгүй байгаа болов уу. Өмнө нь Н.Энхбаяр, С.Баяр нарын хамтрагч байсан энэ хүн Ардын намыг удирдах үүргийг ганцаараа хариуцаж, авч явж мэдэхгүй болохоор яалтай билээ. Түүнийг буруутгах бас хэцүү. Ө.Энхтүвшин биш бол хэн байх вэ. Үүний хариултыг ч олоход хэцүү. Н.Энхболд, М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан аль эсвэл Н.Номтойбаяр, О.Содбилэг байх уу. Гэтэл Ардын намыг шинэчлэх хорооныхон одоогийн удирдлага болохгүй байна гэхээс өөр юм хэлэхгүй байгаа. Чухам Ардын намыг хэнээр удирдуулах гээд байгаагаа яагаад хэлж болохгүй байгаа гэж. Өөр хүн байхгүй болоод тэр үү.

Парламентад суугаа Ардын намын гишүүдийг харахаар Н.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар жагсаал хийж, намаа өмөөрч үг хэлдэг (хааяа нэг үг дуугардаг байсан хүмүүсийн үг нь олширч). Харин парламентад сууж буй залуучууд нь хааяа нэг үг унагаж, хэвлэлд ч яриа өгөхгүй байгаа. Магадгүй тэд Ардын намыг удирдах шинэ удирдагчид ч байж мэдэх юм. Ардын намын чадварлаг, улс төрд удсан, олонд танигдсан хүмүүсээс намаа аваад явчих хүн  өөр хэн байх вэ гэдгийг гишүүд нь гаргаад ирэх биз. Хамгийн гол нь шүүмжлээд байгаа Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар биш бол хэн байж болох вэ сайн гаргаж ирэхгүй бол гаргасан хүнээ дахиад муулах хэрэг гарах вий дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих