Г.Мягмарсүрэн: Олуулаа хурж буй номд буян их бий

lam_nar-middleМонголчууд эрт үеэс өрх гэрийн ноён нуруу, хийморь лундаагаа сайн сайхан байлгах гэж бурхандаа залбиран гандан хийдэд ном хуруулдаг заншилтай улс.

Жил бүр “Цагаан сар”-ын дараа шинийн 15-наас өмнө хүн бүр засал номоо хийлгэхээр буян номын газрыг зорьдог.

Дашчойлон хийдээр өчигдөр ороод гарлаа. Сүсэгтэн олон өөрийнхөө болон үр хүүхэд, аав, ээжийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө заслын номоо бичүүлэхээр дугаарлан зогсож байлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Цогзолмаа “Би жил бүр гэр бүлийнхнээ даатгаж шинийн 8-нд багтаан ном хуруулдаг. Энэ заншлаараа бас ном уншуулах гээд дугаарлаж байна” гэв.

Хүн гэдэг сэтгэлээрээ байдаг амьтан хэмээдэг. Тиймээс ч шинэ жил гарахаар засал номоо хийлгэхээр хурлын газрыг зорих иргэд олон. Тагтаа хооллон гүйлдэх бяцхан хүүхэд, хөгшид хийдийн хашаагаар холхиж байсан юм. Хурал даган баясаж сууна гэх нэгэн залуутай /нэрээ хэлэхийг хүссэнгүй/ хэсэг хөөрөлдөв.

Тэрээр ээж, аавынхаа араас сар бүр ном уншуулдаг гэнэ. Хэдийгээр харахад залуу ч гэлээ нэлээд сүсэг бишрэлтэй бололтой. Эхнэр хүүхэд, дүү нартаа байнга ном хуруулдаг. Хааяа гэртээ лам залж засал хийлгэдэг тухайгаа ч хуучлав. Мөн жаахан сэтгэл тавгүй үедээ гандангаар ороод тагтаа хооллон, хуралд суучихаад гарахад сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг гэж байлаа. Хүн өөрийн итгэл үнэмшилтэй байх нь бусдаас ялгарах давуу тал байж болох юм.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэн Ш.Цэнд “Эмээ нь хэдэн хүүхдийнхээ сайн сайхны төлөө залбирч сууна. Жил бүр ном хуруулдаг. Хэдэн хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл энх байгаасай гэж бодох юм. Номын хүч их бий. Би ч сандарч тэвдсэн үедээ гандан хийдээ л барааддаг хүн дээ” гэв.

Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Тэрээр гурван жилийн өмнө өглөө эртлэн хийдэд ирж “Маанийн ерөөл” гэдэг ном уншуулжээ. Өдөржин сэтгэл нь тавгүйрхээд байж сууж чадахгүй байж. Байн байн цайны дээжээ өргөн, бурхандаа зул өргөж өнжжээ. Гэтэл орой бүрийгээр хар мэдээ сонссон байна. Хүү нь авто осолд орон ухаангүй эмнэлэгт хүргэгджээ. Тэр өөрийн мэддэг бүхий л тарниа уншиж, зул өргөж, ганданд ном уншуулсаар нэг сарыг үджээ. Өдгөө хүү нь эрүүл саруул, ажлаа хийгээд сайхан амьдарч байгаа аж. Ш.Цэнд гуай хүүгийнхээ амийг бурханы номын хүчээр авч гарсан хэмээн итгэдэг учраас жил бүр хүүхдүүдийнхээ буян заяа, ажил үйлсийг нь даатган ном хуруулдаг болсон байна.

Дашчойлон хийд, Зүүн хүрээ коллежийн багш Г.Мягмарсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Цагаан сарын дараагаас иргэд жилийнхээ засал, номыг уншуулахаар урт дараалал үүсгэдэг. Ер нь засал номын утга учир, агуулга нь ямар учиртай вэ?
-Шинэ сар гараад хүмүүс засал хийлгэж байгаа нь аливаа зүйлийн эхлэл сайн байвал бусад нь голдирлоороо зөв явах учиртай. Ер нь тухайн жилийн ноён нуруу, хийморь лундаа, ажил үйлсээ тэгш сайн байлгахын тулд хүн бүр дор бүрнээ хичээдэг. Хүмүүн төрөлхтөн аз жаргалтай, эрүүл энх амьдрах нэг л зорилготой. Тиймээс зорилгоо биелүүлж буй нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Гарч буй шинэ жилийн сайн сайхныг зөгнөж засал ном уншуулдаг. Засал ном уншуулахын утга учир юу гэвээс хүн бүрийн нас, жил тухайн жилийн зурхайн зурлагад янз бүр байдаг. Тухайлбал, мэнгэ голлох, суудал өнцөгдөх гэж байдаг шүү дээ. Хүмүүс ерөнхийдөө энэ жилийн өөрийн зурлага нь ямар гарснаас шалтгаалан засал хийлгэдэг. Гэхдээ иргэд бас ташаа ойлгоод байдаг нэг зүйл бий. Энэ нь ажил нь бүтэхгүй, эсвэл бие нь чилээрхсэн үед засал хийлгээд байх шиг санагддаг. Уг нь сайн явсан ч засал ном уншуулах хэрэгтэй. Ер нь хүн зөвхөн өөрийнхөө төлөө биш хүмүүсийн төлөө сайныг бодон залбирч ном уншуулж болно.

-Үзмэрч, зурхайч их болжээ. Үүнийг дагаад бас хийд, дуганд ном уншуулахаас илүүтэй ганцаарчлан заслаа хийлгэх нь илүү гэж үзэх хүн ч байдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Мэдээж хүн сэтгэлээрээ амьдардаг амьтан. Тиймээс өөрт ямар санагдсанаараа л хийх хэрэгтэй. Гэхдээ сүм, хийдэд олон лам нарын хурж буй номд буян адис их бий. Мөн гэртээ лам залаад заслаа хийлгэх ч муу биш. Тэгэхээр хүмүүс өөрийнхөө сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр хийх хэрэгтэй.

-Суудал өнцөгдөх гэж юу гэсэн үг вэ. Ер нь хүмүүсийг хараад байхад шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой гээд байдаг. Засал хийлгэхэд тодорхой хугацаа заадаг уу?

-Гарч буй жилийн билэгдлийн бодон хаврын тэргүүн сарын шинийн 15-нд багтаахыг илүүд үздэг байх. Энэ нь зам мөрөө засч, шинэ жилээ зөв гаргаж байгаа нэг хэлбэр. Хугацааны хувьд заавал шинийн 15-нд багтах ёстой гэдэг ном байхгүй. Хүмүүсийн тухайд сарын шинэ дээр засал хийлгэх сонирхолтой байдаг. Тиймээс жилийн эхэн гэдэг бол хаврын тэргүүн сар, сарын эхэн нь шинийн 15 хүртэл юм. Жилийн эхэнд засал номоо уншуулах нь сайн гэдэг зөгнөл билэгдлээр хүмүүс ханддаг. Түүнээс хугацаа заадаггүй. Суудал өнцөгдөнө гэдэг нь зурхайн голдирол юм. Энэ нь найман жилд дөрвөн удаа таардаг. Есөн жилээр тойрдог мэнгэний засал, 12 жилээр тойрдог жилийн засал гэж бий. Ер нь зурхайн олон янзын ойлголт бий. Нэг жил өнжөөд суудал өнцөгдөх магадлалтай. Үүн дотроо хатуу, зөөлөн гэж бас бий.

-Сүүлийн жилүүдэд маш олон төрлийн шашин гарч байна. Ер нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад иргэдийн хандах хандлага ямар байна вэ?
-Би судлаач биш учраас сайн нарийн хэлж мэдэхгүй байна. Ерөнхийд өө хүмүүсийн золголт дуусаагүй байна. Хэдэн жилийн туршид ажиглаж байхад шинийн 8-15 хүртэл хүмүүс засал, номоо уншуулж байгаа харагддаг. Тиймээс одоогоор харьцангүй гайгүй байна.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.