Шатахууны үнэ барихад чиглэсэн хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэв

2f8dd26e617a765fbig“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляци хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн. Иймд Монголбанк, Уул уурхайн яам хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Өнгөрөгч оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч 11 компанид 3.8%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Сүүлийн гурван сарын гадаад үнийн цочир өсөлт дотоодод шатахууны хомсдол үүсгээгүй, үнэ нь ард иргэдэд дарамт багатай туссан нь хөтөлбөрийн чухал үр дүн гэж Уул уурхайн яамнаас танилцууллаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн байна. өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон эерэг үр дүн, статистик үзүүлэлт харагдсан байна. 2011 оны 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний нөөц шавхагдан дизель түлш литр тутамда 310 төгрөгөөр өсч байсан, өнгөрсөн оны эхэн үед нэг хоногт газрын тосны бүтээгдэхүүний үнийг 250 төгрөгөөр нэмж дотоодын зах зээлд доргилт өгч байсан зэргээр сүүлийн жилүүдэд тулгарсаар ирсэн эрсдэл энэ жил дорвитой буурчээ. Өөр нэгэн том үр дүн бол гадаад зах зээл дээрх үнэ өсөхөд дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэлсэн явдал. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхтэй харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ 26%-иар, дотоодын зах зээлд бөөний үнэ 28%-иар өссөн байхад жижиглэнгийн үнэ 6%-иар л нэмэгджээ. Үүнийг тоон дүнгээр илэрхийлбэл, гаднаас авсан шатахууны үнэ литр тутамдаа 325 төгрөгөөр өссөн байхад жижиглэнгийн үнэ 1700-гаас 1800 болж 100 төгрөгөөр л нэмэгдсэн байна.
ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өндөр байгаа талаар манай талаас хөндөж, хилийн үнийг бууруулах талаар саяхан санап солилцоод ирсэн. Энэ үеэр Роснефть компанитай өмнө хийсэн гэрээг шинэчлэн тогтвортой үнэтэй урт хугацаат олон улсын түвшний гэрээ байгуулах, Кувейт улсаас авах 2-3 сая тонн түүхий тосыг Роснефть компанид своп хэлбэрээр өгөх саналыг манай талаас тавьсан байна. Энэ хэлэлцээр эхнээсээ үр дүн өгч, 2 дугаар сарын хилийн үнэ өсөөгүй, харин ч АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 16 ам.доллароор буурчээ.
Манай улс шатахууныг 100% импортоор авдгийн 91%-ийг нь зөвхөн ОХУ-аас нийлүүлдэг. 269 орныг хамруулан хийсэн олон улсын судалгаанаас үзэхэд, шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувь эзлэхэд л макро эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байдаг аж. Гэтэл манай улсын шатахуун дотоодын нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзэлдэг тул ийнхүү тухайлсан дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн хэмээн Засгийн газрын гишүүд дүгнэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.