Олон нийтийн газарт тамхи татсан тохиолдолд 50 мянган төгрөгийн торгуультай

oostГуравдугаар сарын 1-нээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглох хуулийг УИХ баталсан. Нэмэлт өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж, хүлээлгэх хариуцлагыг нь чангатгаж өгчээ. Мөн ой хээрийн бүсэд болон баар, ресторан, зочид буудал, албан газарт тамхи татах, зарахыг хориглосон байна. Үүгээр үл барам ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмын, 500 метр газарт тамхи татах, худалдаалахыг хориглох аж. Бага насны хүүхдийг тамхи татах түүний хорт зуршилаас урьдчилан сэргийлэхийн тулд тамхи татах доод насыг 18 гэж заасан байсныг 21 болгон өөрчилсөн байна. Тиймээс тамхи худалдан авах тохиолдолд иргэний үнэмлэхээ шалгуулан насанд хүрсэн эсэхээ батлах ёстой болж байна. Хэрэв иргэн болон тамхи татах насанд хүрээгүй иргэд хориотой газар тамхи татсан тохиолдолд 50 мянган төгрөг, тамхи татуулсан албан байгууллагыг гурван сая төгрөг, ширхэгээр тамхи худалдаалсан тохиолдолд нэг сая төгрөгөөр торгохоор тогтсон байна. Мөн тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Тиймээс олон нийтийн газар тамхи татахыг хориглох хуулийн томоохон хэрэг­жилтэд голлон оролцох олон ний­тийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бэлэн байгаа болов уу гэсэн олон нийтийн таамаглал гарч байна.

Тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Энэ хууль нэлээд хатуу заалттай хууль юм.

-Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталсан. Энэ хууль одоо хэрэгжээд явж байгаа. Гэхдээ энэ хуульд нэлээд олон заалтыг нэмж оруулж байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр олон нийтийн газар тамхи татахыг хориглоно. Мөн нэг онцгой заалт орсон нь ой хээрийн түймрийн бүс дэх ил задгай газар, гал түймэр гарах нөхцөл бүрдсэн үед тамхи татахыг хориглоно гэсэн заалт. Үүгээрээ нэлээд хатуу заалттай хууль болж байгаа юм. Манайд тамхины үйлдвэрлэлийн чиглэл дээр зохицуулалт байхгүй. Өнөөдөрийн хувьд эрүүл мэндийн сануулга тамхины хайрцагны 33 хувийг эзэлж байхад, олон улсын хэмжээнд бол 60-аас дээш хувь байдаг. Тийм учраас бид 50 хувьд хүргэсэн. Тэгэхээр тамхины хайрцагны 50 хувьд нь эрүүл мэндийн анхааруулгыг заавал наасан байх ёстой. Дэлгүүрийн лангуун дээр тамхийг ил тавих уу, үгүй юу гэдэг асуудалд нэлээд маргаан үүсэж байна. УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлэг дээр ил тавихыг хориглоё гэдэг дээр гишүүд санал нэгдсэн. Хамгийн гол нь хэрэгжүүлэх хүсэл нь Засгийн газарт байгаагүй юм. Тэгэхээр орж ирж байгаа энэ хуулиа хэрэгжүүлэхийн төлөө хяналтаа нэлээд сайн тавина. Үүнд олон нийтийн оролцоо маш чухал. Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудын оролцоо ч мөн чухал юм. Зөвшөөрөлгүй газарт тамхи татсан иргэнд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах заалт байгаа. Мөн байгууллагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингээд битүү орчинд, зөвшөөрөлгүй газарт тамхи татаж байгаа бол нэг сая хүртлэх төгрөгийн торгууль ногдуулж, энэ үйлдэл гурваас дээш удаа давтагдвал үйл ажиллагаа явуулах лицензийг хураах хүртэл арга хэмжээ авах заалтууд орсон. Гэхдээ энэ заалтуудаас гадна хувь хүний ухамсрын асуудал нэн чухал юм. Иргэн өөрөө үүргээ биелүүлж тухайлсан цэгүүд дээр тамхиа татвал энэ хуулийн хэрэгжилт нь сайжирна.

Албан байгууллага олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад авах арга хэмжээний талаарх заавар зөвлөмжийг хүргүүлсэн эсэх талаар зарим аж ахуйн нэгж байгууллагуудаас асууж тодрууллаа.

“Одоогоор ямар нэгэн заавар зөвлөмж өгөөгүй байна” хэмээн зарим байгууллагууд хэлж байлаа. Харин зарим байгууллагууд нь “Зөвлөмж, ажиллах заавар өгсөн өгөөгүй хэрэгжүүлж чадна” хэмээн итгэлтэй хэлж байлаа. Энэхүү тамхины эсрэг хуулийг олон хүн дэмжиж байгаа нь үүнээс ил тод харагдаж байлаа. Гэвч хэн тамхи татах хориотой газруудад тамхи татсан тохиолдолд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах вэ, гэдэг асуулт гарч байна. Энэ талаар холбогдох албаныхан нь:  “Мэргэжлийн хяналтын бай­цаагч нар тэр дор нь торгоно” хэмээ-сэн. Олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг Томоохон байгуул­лагуудад мөн адил мэргэж­лийн хяналтын байцаагч нар байрлах ажээ. Хуулинд аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина хэмээжээ. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус, тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ. Хэрэв хориотой газар тамхи татсан тохиолдолд түүнийг мэдээллээр авах ажээ.

 

Э.Баясгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих