АРХИ УУХ Ч АЖИЛ ШҮҮ ДЭЭ, АРХИА ХАЯХ Ч ГАВЬЯА ШҮҮ ДЭЭ

Оюутан ахуйдаа Америкийн нийтлэлч Уэльсийн “Манан дундах Орос орон” нийтлэлийг уншаад заримыг нь ойлгоод заримыг нь эс ухаараад өнгөрч билээ. Нэг л их манан будан дунд орох нь уу гэтэл Петрградын их утаанаас өөр юү ч үгүй хэрнээ, Орос орны нийгмийн амьдралын манан буданг сүрхий бичсэн нь сүүлд мэдрэгдэж билээ. Дэлхийн манан будантай том хотуудын амьдрал гагц Орос бус Англи, Франц, улмаар европыг нэлд нь бүрхэж, тэр дундаас үүлэн сиймхий шиг элдэв хувьсгалын хуй салхинууд ч дэвэлзэж байжээ. Петрградын “Цусан ням гараг”-аас эхлээд Хааны өвлийн ордон руу дайрсан Ленинч хувьсгал мөнөөх манан будангийн цоорхойг ашиглаад гарсан. Франц, Испанийн цуст хувьсгалын улаан дарцаг ч үүнээс улбаатай байв. Ер нь манан нэвтэлсэн хувьсгалууд цусан ч мөртэй, усан ч замтай байж дээ. Цус урсгасан үймээн дүйвээн дундуур “Усан тахилга”-тай хямрал дагадаг нь зүй. “Усан тахилга” гэдгийг бивээр архитай зүйрлэж ядсан нь энэ. Нийгмийн хямралын хамгийн бараан сүүдэр бол хөл толгойгоо алдсан архидалт ажээ.
Манан будантай орос ч тэр, европ даяараа усан манан дунд давхар хөвж байжээ. Дээдсийн цэнгэл дээрээ толгойгоо алдаж, доодсын архидалт доороо хөл алдаж байв. Агуу найрагч А.С.Пушкин сүүлдээ ордны найрагч төдий болж, дээдсийн зугаа цэнгэлийн алиа салбадай болтлоо унасан.
Эмс хүүхний араас гүйж хөл алдахдаа эмгэнэлт дуэлийн золиос болсон. Тосгоны эгэлхэн хүү Сергей Есенин Пушкин шиг найрагч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Петр хотын манант гудамжны шалбааг туучиж эхлэхээсээ архины мухлагын ангуучин болж, цалгисан авьяасаа халгисан архин дундуур хутгаж басхүү богинохон наслаад боож үхсэн. Ер нь аливаа хямралын үзүүрт авьяас дандаа золиослогддог хойно доо.
Манайд 1930 оноос эхэлсэн хямралын байнд алдартай Д.Нацагдоржоос эхлээд авьяастнууд өртөж, 1970-аад оны сэхээтний төөрөгдөл хэмээх “Манан будан”-ы салхинд хөдөө сумын аархуу хүү Р.Чойном өртөж насныхаа эцсийг хүртэл ясаа амраасангүй.
Алмид муу архины дайрлага авьяасын тэнгэрүүдийг газардуулан хаяж байсны аймшигт жишээ энэ. Хамгийн сүүлд 1990 оноос эхэлсэн хямралын сүүдэрт манай алдарт дуучин Адарсүрэн ч эмгэнэлтэйгээр өртсөнсөн. Ойроор нь Оросоос, байгаагаар нь Монголынхоо авьяасын од болсон хэдхэн найрагч, нэгэн дуучны эмгэнэлт хувь заяанаас архины гамшгийн жишиг татахаас аргагүйдлээ.
Архины манан өнөөдөр монгол орныг бүрхээд байна. Архи уух нь ажил болтлоо даамжирлаа. Манайхан ажилгүй хүн гэж хэнийг хэлэхээ ч мэдэхээ болив. Архи ууж байгаа улсууд ажилтай хүнээс дутахгүй завгүй байх болжээ. Архи уух аргыг салбар бүхэнд эрчимтэй нэвтрүүлж байна. Архи уултын тэргүүн туршлагыг ч дэлгэрүүлж болохоор баялаг жишээ манайд элбэг. Эдгээр аргаас түүвэрлэн товчлон дурдая.

Хонхны баяр
Хуучин нийгэмд хонхны баярыг 8, 10 дугаар анги төгсөх, ТМС, Техникум, их, дээд сургууль төгсөхөд албан ёсоор хийдэг, тэгэхдээ тэгтлээ архиддаггүй байв. Ердөө ёс болгон нэг хоёр шил архи задалж, нэг ангийн 30-40 хүүхэд тойруулаад хүртэхэд дорхноо дуусна. Эндээс архи сонирхож, шохоорхсон цөөвтөр бүлгийнхэн нийлж нууцаар ууна. Баригдвал, элсэлтийн шалгалтаас хасагдах, хуваариа алдах аюулд хүрнэ. Тиймээс их л нууцлан, ердөө бүлэгт багтсан хүрээндээ уухаас бус хамаагүй хальж, даврахгүй. Ганц нэг нь даварч байгаад баригдаж цагдаад баригдан шууд “Эрүүлжигдэж”, зохиох шийтгэлээ хүлээхээс өөрцгүй.
Бас ч их л хязгаартай, хазаартай байж. Тэгвэл одоо анги төгсөлт бүхэн /1-11 дүгээр анги хүртэл/ хонхны баяр хийж, ангийн багшдаа бэлгийн ихийг, өөрсөддөө /хүүхдүүд/ баар, зоогийн газар тасартлаа уух мөнгө хуримтлуулан хамт олноороо архидацгаадаг болов. Хотоос гарч зуслан, амралтын газарт ч архидалт үргэлжилдэг болжээ. Их, дээд сургуулийн хонхны баяр долоо хоног үргэлжлэх нь байна. Хохны баяр ийнхүү лонхны баяр болтлоо даамжирчээ.

Төрсөн өдрийн баяр, “Төрөөгүй өдөр”-ийн баяр
Орос орны соёлоос сурсан монгол соёлын нэгэн бахархал бол “Төрсөн өдрийн баяр”. Энэ өдрийг анхандаа их л соёлтой, ёсорхог, албархуу тэмдэглэдэг байсан. Жараад оноос дал, наяад оны оюутнууд бол бие биедээ цэцэг, ном, ил захидал, үзвэрийн тасалбар бэлэглэдэг байв. Хэдүүлхнээ нийлээд хоолны хачирт нэг хоёрхон шил архи задална. Тэгээд гүйцээ. Гэр орондоо тэр бүр тэмдэглэхгүй. Европ, орос соёлтой гэгдэх айлууд тэмдэглэж байлаа.Одоо бол өлгийтэйгээс өвгөртлөө тоос хөдөлгөж буй бүхэн “Төрсөн өдөр”-өө өрсөлдөн тэмдэглэж байна. Хуучны хөгшид шиг тэр жилийн тэр хавар, шүлхийний жил бил үү дээ, дайны хавар бил үү, цагаан сараар бил үү, ногоо ургаж байсан санагдана гэдэг шиг бус ихэнх өвөө эмээ нар 50-60 оныхон болцгоосон тул Монгол Улсын иргэний бүртгэл цаасан дээр байтугай цахим санд дурайх болсон тул төрсөн өдрөө цаг хормоор нь ч мэддэг болж. Тэгэхээр “Төрсөн өдөр”-ийг тэмдэглэхэд төөрөх юмгүй. Гэхдээ архидах аргаа олоход “Төрөөгүй өдөр”-өө ч тэмдэглэдэг сүйхээ нэмэгдэв. Жилд төрсөн өдрөө хэд хэд тэмдэглэдэг “их гарууд” байсаар байна.

Талийгаачтай салах ёс хийх, гашуудал тайлах өдөр
Ийм ёс бас л жар далаад оны оросжсон соёлтой цуг нийгэмд хэвшсэн харь үзэгдэл. Хэн нэгнийг нас барахад заавал архи задалж, архинд     дуртай улсын далим гаргах шалтаг болдог байв. Ная, ерээд онд энэ ёс бүр хүчээ авсан. Шарил эргэж бас ууцгаана. Шарын шашны ёсоор бол ийм үед илүүтэй бузартдаг байжээ. Харин Исүс, Христийн шашны зан үйлд хагацлын дуу дуулж, хатуу дарс хүртвэл сайн гэх өрөөсгөл хандлага газар авч байна.

Ромбо, одон угаах найр
Бас л монголжсон орос архидалтын сонгодог загвар. Их ,дээд сургууль төгсөгчид, төрийн одон медаль хүртэгсэд ёс юм шиг архидна. Монгол Улсад одоогоор 500 гаруй их, дээд сургууль байна. Түүнийг төгсөгчид ромбоо угаахад архин далай ч багадахаар болжээ. Сүүлийн үед одон медалийн тоо эрс ихэслээ. Төрийн хэдэн одонгоос гадна намуудын одон, байгууллага, салбарын одон тоо хэмжээгээ алдаж. Далайд гарцгүй хэрнээ архин далайн зогсоол цөөдөөд байгаа юм биш үү?

Баяр ёслол, наадмын “Цунами”
Монгол Улсад хамгийн олон баярын өдрүүд үргэлжилдэг. Төр түмний том баяраас дутахгүй ой, тэмдэглэлт өдрүүд дорнын зурлагаар хааяа давхцаг Балжинням, Дашнямтай өдрүүд шиг давхарлан баярлацгаана. Баруун зүүн, төвийн бүсийн наадмууд Засгийн газрынхаа “хөөрөгдөл”-өөр зунжин, намаржин үелэн давалгаална. Бүр өвөлжин болдог болоо шив дээ. Ёстой дөрвөн улирал дамнасан “Цунами” гэлтэй. Эдгээрийг архигүй байна гэж төсөөлөхийн аргагүй. Архин хуй өндрөөс өндөрт босно.
Сүүлд Валентины өдөр, Халлоуины баяр / Америкчуудыг дууриасан багт наадам/, дуучдын хуурцаг, бичлэгийн шоу өдрүүд гээд үргэлжлээд тасрахгүй. Аавууд, ижил хүйстүүдийн баяр ч нэмэгджээ. Далайгүй орны “Архин цунами” давалгаандаа хэнийг ч түрэн авч хөл алдуулна.

Жолооны баяр, жорлонгийн баяр
Өдгөө хүн бүр машинтай болохыг мөрөөдөн, жолооны дамжаа дүүргэж байна. Жолооны дамжаа дүүргэсний баяр бас л томдоо орох болов. Жолооны сургуулиуд ч их олзтой байх болж. Заавал гурав дөрвөн удаа унагана. Дээд рекорд нь 10-аас дээш ойчсон тохиолдол гарлаа гэдэг. Жолооны баяр бол өргөн архидалтын хамгийн хүрээтэй дэвжээ. Монгол Улсын хувьд хамгийн олон жолоочтой болоод байгаа. Гэр бүлийн насанд хүрсэн хүн бүр жолооны үнэмлэхтэй болцгоож буйгаас үүнийг үндэслэн дурдав. Зуслан бүрт шинэ модон жорлонгийн баяр болдог. Шоронжсон улс гэдэг шиг “Жорлонжсон” улс болохоо дөхсөнийг гэр хороолол, зуслангуудад очоод үзээрэй.

Архи уух таатай орчин
Монгол Улсад хаана ч архидаж болно. Гэр ахуйгаас халиад төр ахуйдаа хүртэл нэвтэрчээ. Тохь тухтай байр сав нэмэгдээд байна уу гэхээс цөөрөхгүй. “Байгаль баар” гэсэн нэр томьёо ч гарч ирсэн удаатай. Одоо бол шөнийн цэнгээний газрууд алхам бүрт байрлаж, газар доор ч, дээр ч караоке сүлжээ нүргэлнэ. Саун, усан сан, мотель…гэсэн архидалтын орчин тэлнэ үү гэхээс тэглэхгүй. Хөдөө бол тугал, хурганы хашаа ч архидах цэг болсон байна лээ. Алт, ашигт малтмалын уурхай, оорхойнууд бол архидах дээд зэргийн орчин. Уул, овоо тахих бол улс орны хамгийн том өргөн зугаалга, өндөр архидалт. Ингэхээр Монгол Улс архидах хамгийн боломжтой газар болжээ. Хүүхдэд ээлтэй газар гэдэг шиг архинд ээлтэй улс боллоо.
Эцэст хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архины оронд сүү өргөж, архигүй ёслол үйлдэж байх уриалга дэвшүүлснээс хойш монголчууд “Архигүй орчин” хүсэх болов. Гэхдээ 1985 оны Орос шиг “Сухой закон” буюу “Хуурай хууль”, манай улсад өрнүүлсэн “Архигүй хурим” буюу бүрхээр тогоо хураах захиргаадалтын паян шиг бүтэхгүй хэлбэрдсэн ажил л өрнүүлэхгүй байхсан. Архитай тэмцэхдээ алдсан дэлхийн гашуун сургамжуудаас зайлсхийж, Америк, Австрали шиг индиануудыг мөхөөсний адил Монголоо хөнөөх бодлого баривал бүр ч харамсалтай хэрэг болох билээ. Архийг хэрэглэхээс сайн дураараа татгалзаж, өөрийн оюун ухаанаараа өөрийгөө ялан дийлсэн хүмүүсээ алдаршуулж, “Эгэлгүй баатар”-аар тодруулж, ёжилбол “Улсын баатар” болгосон ч яах вэ? Архиа хаях ч гавьяа шүү дээ. Архийг дээдлэн хэрэглэх, архичныг дээрэлхэлгүй эрүүлжүүлэх цаг боллоо. Оюуны эмчилгээнд тус болуужин гэж гэгээлэг шүлгийнхээ мөрөөр багахан дэм өгье.
Ж.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих