Би зорилготой, зоригтой, зогсолтгүй

cc14d923dd83c93big“Ану хатан” киноны найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа. Уг бүтээл нь түүний анхны уран сайхны бүрэн хэмжээний кино юм. Тэрээр өмнө нь Америкийн алдарт зохиолч Эв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг найруулан тавьж байснаас гадна “Холливудад зорчих тийз” реалити шоуны ялагч болж байсан билээ.

-Таны ерөнхий найруулагчаар нь ажилласан “Ану хатан” кино дэлгэцнээ гараад байна. Энэ бүтээл хэдий хугацаанд бүтсэн бэ?

-Би “Домогт Ану хатан” жүжгийн клипийг найруулж байх үеэс л бүрэн хэмжээний уран сайхны кино хийх тухай ярьж эхэлсэн. Түүнээс хойш үндсэндээ жил зургаан сарын хугацаанд бэлтгэл ажил, зураг авалт, эвлүүлэг гээд кинотой холбоотой бүхий л ажлууд хийгдсэн дээ.

-Нэлээд удаан үргэлжилдэг кино болсон. Бүтэн романыг кино болгоход бэрхшээл нэлээд байсан байх?

-Хөндсөн сэдэв маань өөрөө маш том түүх учраас 02:45 цагийн турш үргэлжлэх кино болсон. Зөвхөн тулааны хэсэг нь 40 минутыг эзэлдэг. Үзэгчид хөнгөхөн сэдэвтэй 01:30 цагийн киног үзээд гараад л мартчихдаг. Харин бид киногоороо хү-мүүсийн сэтгэлийг хөндөх зорилго тавьсан. Мөн энэ бүтээл нь “Домогт Ану хатан” романыг яг барьж байгаад хийчихсэн кино биш юм. Зөвхөн гол санааг нь аваад маш их баяжуулж дүрслэлийн урлагт тохируулсан. Үзэгчид найруулагчийн ажлыг төдийлөн сайн мэддэггүй. Тухайн киног хамгийн анх дотроо төсөөлж харсан хүн бол найруулагч шүү дээ. Тиймээс түүнийгээ амьдруулахад ямар зураач, жүжигчин, зураглаач туслах вэ гэдгийг сонгоно. Багаа бүрдүүлсний дараа найруулагч өөрийн-хөө хийх гэж байгаа киноны зохиол дээр маш их ажилладаг. Өөрөөр хэлбэл зохиолын ерөнхий санааг аваад дахин боловсруулдаг гэсэн үг. Би зураг авалтын туршид Ану хатны зохиолыг улам сайжруулах тал дээр ажилласан.

-”Мандухай сэцэн” хатан гэхээр л Н.Сувд гуай санаанд ордог. Түүн шиг та Галдан хаан, Ану  хатныг гаргаж ирлээ. Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Хүмүүс яагаад нэртэй жүжигчдийг тоглуулаагүй юм гэж асуудаг л даа. Ану хатан, Галдан хааны түүх өмнө нь кино урлагт хөндөгдөөгүй содон сэдэв шүү дээ. Хэдий би залуу найруулагч хэдий ч найруулга зүйн үүднээс өөрийнхөө арга барилыг илүүтэй гаргахыг зорьсон. Бусад найруулагчдын жишгээр туршлагатай жүжигчдийг сонгоод тэдний нуруунд суурилсан “Үхэж үл болно” зэрэгтэй адил кино хийж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. “Ану хатан” киног би найруулагчийн кино гэж бодож байгаа. Учир нь зохиол, зураг авалт, жүжигчний сонголт, тулааны хэсэг дээр хүртэл маш их анхаарсан болохоор цэвэр миний санаагаар бүтсэн гэж болно. Жүжигчдийн хувьд Отгонжаргал, Мягмар нар зохиолч, найруулагч, продюссеруудын хүсч байгаа дүрд бүрэн нийцсэн болохоор голдүрдээ тоглуулахаар сонгосон.

-Өмнөх түүхэн кинонуудаас таны бүтээл юугаараа дэвшилтэй болсон гэж найруулагчийн хувьд үзэж байна вэ?

-Түүхэн киног ийм богино хугацаанд хийсэн найруулагч надаас өөр байхгүй. Тэр утгаараа найруулагчийн хувьд асар том амжилт юм. Мөн зураглаач Ангараг, зохиолч Шүүдэрцэцэг, продюссер Болдхуяг, жүжигчин Отгонжаргал, Мягмарын хувьд ч анхны түүхэн кино нь байсан. Энэ утгаараа багийн амжилт мөн. Мэргэжилтний байрнаас хэлэхэд “Мандухай сэцэн хатан”, “Үхэж үл болно” зэрэг түүхэн кинонуудтай харьцуулаад энэ нь адил болсон байна, тэндээс хуулчихаж гэх юм  манай кинонд байхгүй. Энэ бол цэвэр Алтантуяагаас гарсан бүтээл гэж бардам хэлнэ.

-Нууц биш бол “Ану хатан” кино хэр хөрөнгөөр бүтсэн бэ?

-Тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн. Гэхдээ энэ бол олон хүний хүч хөдөлмөр, оюун бодлоор боссон мөнгөөр үнэлэгдэхгүй бүтээл юм.

-Түүхэн кино өндөр зардлаар бүтдэг. Өнөөдөр Монголын кино уран бүтээлчдийн орчин ямар байна. Зардлаа эргүүлэн олоход ямар бэрхшээл байна вэ?

-Мэдээж хэцүү шүү дээ. Гэхдээ уйлаад гутраад суугаад байлтай биш. Үүнийг урагшлуулахын тулд өөрсдөө илүү их тэмцэж хөдлөх хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Гуравхан театртай байгаа нь бидний биш улсын буруу шүү дээ. Бүхэл бүтэн улс байтлаа соёлын энэ чухал салбарыг харж анхаарахгүй сул орхиж байна шүү дээ. Саяхан манайх соёлын яамтай боллоо. Удахгүй харж үзэх байлгүй гэж боддог. Манай киночид орлогынхоо талаар худал хэлдэг. Энэ нь кино урлагт орж буй хүмүүсийг их түгшээдэг. Кино гэхээр л шатдаг газар гэж бизнес эрхлэгчид маань ч халшраад байдаг. “Ану хатан” кино техникийн дэвшил оролцсон хүмүүс гээд бүх талаар дэвшил хийчихээд байна шүү дээ. Мөн орлогын 50-60 хувийг театр аваад ямар ч менежмент хийхгүй байгаа нь шударга биш санагддаг. Цаашдаа энэ байдал өөрчлөгдөх байх аа.

-Уран сайхны кино үнэн байх албагүй гэдэг. Ер нь түүхээс гажсан уу. Дүрүүдийнхээ мөн чанарыг хэрхэн харуулахыг зорив?

-Туйлын үнэн гэж байхгүй шүү дээ. Үнэхээр Галдан бошигт хааны дэргэд байсан хүн байвал үнэний тухай ярина. Кино урлагт үнэмшүүлнэ гэж бий л дээ. Гэхдээ худлаа зүйлийг үнэмшүүлж болохгүй. Ер нь манай кино урлагийн явж ирсэн түүхэнд түүхийг гуйвуулсан тохиолдол байдаг. “Ану хатан” киноныхувьд түүхээс нэг их гажаагүй гэж бодож байгаа. Дэлгэцэнд гараад сар боллоо. Энэ хугацаанд надад түүхийг ингэж гуйвуулсан байна гэж хандсан хүн нэг ч гараагүй. Би орос, монгол эрдэмтдийн бичсэн сурвалж тэмдэглэлүүдтэй танилцаж судалгаа хийсэн. Тулааны хэсэг дээр л гэхэд Батлан хамгаалах яамны цэргийн түүхчидтэй уулзаж санал бодлоо солилцож байсан.

Галдан хаан, Ану хатан болон бусад баатруудын хувьд би хамгийн гол нь хүн гэдэг талыг нь харуулах чиг шугамыг барьсан. Түүхийн аль ч үед амьдарч байсан хүн хүнээрээ байх явдал л хамгийн гол нь шүү дээ. Тиймээс хүний л амьдралыг үзүүлж байгаа хойно хүн гэдэг талаас нь үзүүлэх нь чухал байсан. Хаан гэхээр өдөр шөнөгүй улс төр яриад бусад хүмүүсийн жаргал зовлонг анзаардаггүй, хатан, хүүхэд, эхтэйгээ уулздаггүй байж болохгүй гэдэг нь миний туйлын зорилго байсан гэж болно. Ану хатны хувьд ч эмэгтэй хүний дотоод сэтгэл, өчүүхэн зүйлсээс урган гарах том юмыг хэрхэн нарийн мэдэрдэг, эмэгтэй хүний зөн совин гэж юу байдаг зэрэг нарийн зүйлсийг ч орхихгүйг зорьсон.

-Энэ эмэгтэй найруулагчийн онцлог байх л даа?

-Эмэгтэй найруулагчийн онцлог гэхээр бага юм олж хараад байх шиг санагддаг л даа. Манайх өмнө нь түүхэн кинонуудынхаа байлдааны хэсгүүдийг хэзээ ч дэлхийн стандартад нийцэхээр тавьж байгаагүй. Энэ удаа бид чадсан. Би тал дээр баахан хүмүүсийг зөрүүлээд тавьчихаагүй. Ус, ой, талын тулаан болбол яахыг харуулсан. Мөн баатруудын хувь заяа, эх орноо гэсэн сэтгэл, улс хооронд болсон асуудал жирийн баатруудын амьдралд яаж нөлөөлж байгааг үзүүлэхийг бодсон. Энэ бүхэн бол эмэгтэй найруулагчийн шийдэл, онцлог юм.

-Кинон дээр уйлдаг хэсэг их байна, хэтэрхий гял цал байна гэх мэтээр шүүмжилж  байгаа хүмүүс бий. Энэ бас эмэгтэй найруулагчийн онцлог уу?

-Манай түүхээр кино бүтээж буй гадны найруулагчид биднийг хэтэрхий хүнд, хар бараан  талаас нь үзүүлдэг. Монголчууд гэхээр л хар бараан хувцастай, мах иддэг, хүн алдаг, хууль цааз нь хатуу зэрлэгүүдийн орон мэтээр харуулах гээд байдаг. Харин өнөөдөр бид яг тэгэж үзүүлмээргүй байгаа юм. Ялангуяа би монгол эмэгтэй найруулагчийн хувьд тэгэж үзүүлэхгүй гэж боддог. Яагаад гэвэл миний энэ киноноос гадныхан манай орныг сонирхоод монгол гэдэг улсыг арай өөрөөр хараасай гэж хүссэн. Монгол гэдэг зэрлэгүүд биш харин бахархах түүхтэй, сайхан байгальтай, царайлаг хүмүүстэй, сайхан хоолтой орон юм байна гэдгийг мэдээсэй гэж бодсон. Бид өөрсдийн түүхээ аль болох сайхнаар үзүүлмээр байна. Солонгос-чууд гэхэд ямар ч бахархах түүхгүй мөртлөө л тэгэж үзүүлээд байна шүү дээ. Тэгэхэд бид монголчууд бор гэрт амьдарч махаа зулгааж иддэг байсан гэж үзүүлээд эхэлбэл манай орныг хэн сонирхох вэ. Магадгүй Монгол орон хөгжиж соёлын манлай болсон хойно тэгж үзүүлбэл болж байна. Өнөөдөр бол би хэзээ ч тэгэж үзүүлэхгүй. Энэ үзэл бодолдоо үнэнч байна гэж боддог. Шүүмжлэх  хүмүүс нь шүүмжлэнэ биз. Мөн уйлсан хэсэг их байна гэлээ. Харин миний бодлоор бид уламжлалт ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. Манайхан эрэгтэй хүн уйлдаггүй хэрвээ уйлбал сул дорой харагддаг. Тэр тусмаа баатар бол төмөр мэт нулимсаа нууж явах ёстой гэж үздэгийг би эсэргүүцдэг. Хүн хүнээрээ л байх ёстой. Шаналж байвал нулимсаа гаргах хэрэгтэй. Гэхдээ би кинон дээрээ найруулагч болохоор “За баатруудаа уйлаарай” гээгүй. Харин жүжигчид тухайн үзэгдэл дээрх асар харуусалтай түүхийг өөрсдийн сэтгэл зүрхээр мэдэрч хүлээгээд нулимс нь цаанаасаа гарч байсан. Түүнээс би дусаагуур барьчихаад уйлуулсан нэг ч хэсэг байхгүй.

-Кино зураг авалтаа хаана хийсэн бэ?

-Их сайхан байгальтай газруудыг сонгосон. Тэрэлжийн Баян, XIII зуун цогцолбор, Элсэн тасархай гэх мэт олон газруудад зураг авалтаа хийсэн.

-Нэгдүгээр найруулагчаар ажилласан В.Агар та хоёр гэр бүлийн улс. Киноны ажлын  дундуур ар гэрээ хэрхэн зохицуулж байв?

-Манайх хоёр хүүхэдтэй, нэг нь гурван настай. Бага хүүгээ хөдөө зургандаа аваад л явж байсан. Монголын кино урлагийн төлөө Агарын гэр бүл ар талаа бүрэн хаясан даа (инээв). Манай гэр бүлийн зүгээс Монголын кино урлагт өргөж байгаа хувь нэмэр л гэж үзэж байгаа.

-Эмэгтэй найруулагчид цөөхөн байдаг. Бүрэн хэмжээний уран сайхны кино найруулсан эмэгтэй таниас өөр бий юү?

-Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй. Энэ хугацаанд “Цогт тайж” киноны хоёрдугаар найруулагчаар Болд гэж эмэгтэй ажилласан байдаг. “Тунгалаг тамир” киноны Буян чавганц шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Норолхоо зэрэг үе үеийн эмэгтэй найруулагчид бий. Гэхдээ түүхэн киноны ерөнхий найруулагчаар ажилласан анхных нь би юм билээ.

-Сүүлийн үед уран бүтээлийн санал ирж байна уу?

-Одоогоор надад хоёр жүжиг, гурван кино найруулах санал ирээд байна. Гэхдээ аль таарснаа барьж аваад байх биш, сайн эргэцүүлж бодож байгаад өөрийнхөө найруулах онцлогт нийцсэн бүтээл хийхийг зорьж байна. Би зорилготой, зоригтой, зогсолтгүй ажиллахыг эрмэлздэг.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.