Ид шидийн хаант улс

0777d192-771c-11e2-8569-00144feabdc0_imgFinancial Times” сэтгүүлийн цахим хуудаснаа тавигдсан сэтгүүлч Том Роббинсын Бутаны үзэсгэлэнт уулсаар аялсан тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.

Хүний гар хүрээгүй Бутанаар хэрэн хэсэхэд хэдэн зууны тэртээ очсон мэт санагдана.

 

 

Бутан руу онгоц хөөргөдөг ганц агаарын тээврийн компани бол “Druk Air”. Онгоцны үйлчлэгч үндэсний хувцсаа өмссөн байх ба зорчигчдод тарааж буй сэтгүүл нь тун анхаарал татахуйц содон. Сэтгүүлийн эхэнд Сингапур руу нисэх шинэ нислэгийн маршруттай боллоо, нисэх буудал шинээр автобус худалдаж авлаа гэх жирийн нийтлэлийн араас лусын дагины талаарх нийтлэл тавигджээ. Энэ нь зүгээр нэг домог, үлгэр төдий өгүүлэл биш, тус улсын үндэсний сонины сэтгүүлчийн бичсэн лусын дагина болон бусад хүнтэй төстэй бусад амьтны талаарх нухацтай шинжилгээ, судалгааны ажил байв.

Сэтгүүл уншиж байтал онгоцны нисгэгч чанга яригчаар зорчигчдыг зүүн тийш харахыг зөвлөв. Бид Эверестийн хажуугаар нисч байж. Үнэндээ Делигээс эхэлсэн уг хоёр цагийн нислэгийн хугацаанд бид 8000 метрээс дээш өндөртэй дэлхийн 14 уулны есийнх нь дэргэдүүр өнгөрсөн байлаа.

Агаарын хөлөг маань явсаар. Цаст оргилууд одоо ойт бүсээр солигджээ. Үүлсийн завсраар гүн хөндий, шаталсан талбай, ганц нэг хийд торойн харагдана. Ийнхүү явсаар бид Парод газардлаа. 60-70 насны Англи, Швецарь, Бельги хүмүүс байгалийн сайхныг хараад гайхширч үл дуусна. Тэд нүүрэндээ инээмсэглэл тодруулан хойш, урагш алхах бөгөөд уулс руу ширтэн хүйтэн, цэвэр агаарыг уушги дүүрэн амьсгална. Мөн “Аянган лууны хаант улсад тавтай морил” гэсэн бичиг бүхий үндэсний хэв маягийг шингээн урласан модон хавтангийн дэргэд зургаа татуулах аж.

Аялагчдын сэтгэл хөдөлсөн шалтгаан зөвхөн байгалийн сайхан байсангүй. Хүрэх газраа саадгүй ирсэн тэрхүү сэтгэл ханамж мөн нөлөөлж байлаа. Үйлдвэржсэн барууны нийгмээс тэс өөр, хүний гар хүрээгүй ид шидийн хаант улс мэт сэтгэгдэл төрөх аж. Тус улсын эрх баригчид үндэсний нийт бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр ард иргэдийнхээ аз жаргалтай байх нөхцлийг бүрдүүлэхэд илүү анхаардгаараа алдартай. Хүн ам нь ядуу боловч боловсролтой. Пластик уут, тамхи зэрэг нь тус улсад хуулиар хориотой. Өнгөрсөн долоо хоногт Бутаны төрийн удирдлагууд улсаа  дэлхийн цорын ганц цэвэр органик газар тариалангийн системтэй орон болгох төлөвлөгөө боловсруулжээ.

Бутан урт хугацааны турш дэлхий ертөнцөөс тусгаарлагдмал байжээ. Үүнд тус улсын хилийн ихэнх хэсгийг даган хэвтэх Гималайн уулс болон тусгаар үзэлтэй удирдагчдыг буруутгаж болох.

Дэлхийд хамгийн сүүлд буюу 1999 оноос  телевиз  хэрэглэж эхэлсэн орон бол Бутан. Тус улсад хамгийн анх дөнгөж 1974 хүмүүс жуулчилхаар очиж байв. Тиймдээ ч уламжлал, шашин, соёл нь хөндөгдөөгүй үлдсэн биз ээ. Бутанчууд одоо хүртэл лусын дагина байдаг гэдэгт итгэдэг байна.

Дөрвөн өдөр өнгөрчээ. Би  02:00 цагт сэрэв. Даарснаас чичрэх бөгөөд нүүрийг минь ямар нэг хатуу зүйл шүргэхийг мэдэрлээ. Гар чийдэнгээ асаагаад майхнаа эргэж тойруулан харлаа. Тэгсэн харин уутан хөнжил минь амнаас гарах ууранд цантан хөлдчихөөд л нүүрэнд минь хүрээд байж.

Бутанд  аялана гэдэг хэцүү хийгээд урамтай. Бид Бутаны хойд хэсгийн уулархаг бүсэд хийх долоо хоногийн аялалынхаа талд ороод далайн түвшнээс дээш 4.044 метрийн өндөрт байрлах “Jomolhari” түр буудалд буусан нь энэ. Миний буудаллаж байсан газруудаас хамгийн гайхалтай нь. Майхан маань тохойрсон урсгал усны ойролцоох тэгш нугад “Ум мани бад ми хум” хэмээн сийлсэн хадны дор байрлажээ.  Баазаас холгүйхэн сарлагууд бэлчих аж.

Эдгээр өндөр уулсын хөндий дэх амьдрал дундад зууны үед үргэлжилж буй гэлтэй. Сарлаг хариулдаг нэгэн малчин биднийг цай уу хэмээн гэртээ урьсан бөгөөд бидэнд сарлагийн ноосоор хийсэн оосор, ширдэг, цүнх зэргээр дүүрэн агуулахаа сонирхуулсан юм. Мөн сарлагийн сүүгээр хийсэн цөцгийгөөр биднийг дайллаа.

Бид Paro хөндийгөөс цаашлан  “Yaksa” аяны марш буюу далайн түвшнээс 2600 метрийн өндөрт орших  тойрог маягийн замаар явсан юм. Pa Chhu голыг дагаад шигүү ургасан нарс, мөнх ногоон царс, хус, хөвөнт модон ой үргэлжилнэ. Далайн түвшнээс дээшлэх тусам ургамал ногоо багасах аж. Өтгөн ой одоо хааяа нэг таарах нохойн хошуу, Гималайн бут зэргээр солигджээ. Ийнхүү явсаар “Jomolhari” баазад ирлээ.

Бутанд ийнхүү яалах нь Непалаар явахаас тэс өөр. Непалд жуулчдыг хоол хүнс, орох оромжоор хангах зуушны газрын бүхэл бүтэн сүлжээ байдаг бол энд хаа нэг дайралдах тосгоноос өөр зүйлгүй. Ерөнхийдөө жуулчдад зориулсан бүтээн байгуулалт хийгдээгүй гэж хэлж болно. Зам, харгуйнууд нь эрт дээр үед худалдааны маршрут байснаас орчин үеийн жуулчдад зориулсан эд биш.

Бутаны аялал жуулчлал тун хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулна. Бутанаар аялахын тулд засгийн газарт нь хэдэн долоо хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд ой мод хамгаалах газар, цэргийн армиас аяллын тусгай зөвшөөрөл авна. Өндөр оргилууд руу авирах явдлыг 1994 оноос хориглосон нь уулын савдгуудын хилэнг бадраахаас эмээсэнтэй холбоотой гэнэ.

Тус нутагт аялагсдын тоо нэмэгдэж байгаа ч бусад оронтой харьцуулахад үлэмж бага хэвээр байгаа юм. Өнгөрсөн онд Энэтхэгчүүдээс гадна (визгүйгээр зорчдог) 53.504 жуулчин тус улсад зочилжээ. Тэдний 10 гаруй хувь нь л явган аялагчид.

Арваннэгдүгээр сарын дунд үе. Явган аялал хийх боломжтой намрын гурван сарын сүүлч. Сэрүүхэн талдаа ч агаар нь тун цэвэр байдаг үе. “Jomolhari” баазаас гараад бид “Tsho Phu”-ын хөлдүү нуурын дэргэдүүр алхана. “Jitchu Drake”-ийн сэрвэгэр оргил мөсөнд тусан сүртэй харагдах аж.

Нуурыг өнгөрөөд бид далайн түвшнээс 4890 метрийн өндөрт орших “Bonte La”-руу авирлаа. Оргилд нь гараад, нутгийн хэлээр бурхныг магтахад хэлдэг үг бололтой “Лха гял ло” хэмээн орилов.

Бутаны нийслэл Тхимпху сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өөрчлөгдөн, хөгжиж байгаа аж. Шил толин барилгууд намхан, жижиг модон байшингуудын хажуугаар сүндэрлэн босч байна. Хотын гудамжаар үнэтэй машинууд холхилдох болжээ. Яг одоо л “Өөрчлөгдөөс нь өмнө ир” хэмээх гурван үгийг хэлэхэд тохиромжтой мэт санагдана.

Аяллынхаа төгсгөлд бид ирсэн замаараа буцаад “Pa Chhu”-руу алхсан бөгөөд тохиолдлоор хиймэл нуурын дэргэдэх түүдэг галтай таарсан юм. Түүдэг галд том чулуу халаагаад усан сан руу хийх бөгөөд ийнхүү ус бүлээсэх аж.

Эдүгээ Бутаны зочид буудлууд иймэрхүү дээд зэрэглэлийн халуун чулуун спаг ихээр санал болгох болжээ. Энэ төрлийн спа хэдэн зууны тэртээгээс уламжлагдан ирсэн бөгөөд урсгал усны дэргэд ус тогтоон бүлээсгэх зэргээр бий болгодог байсан аж. Өдөржин тариан талбайд ажилласан хүмүүс ядарч сульдсан булчингаа амраах зорилгоор голдуу ашигладаг байжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бутан руу аялахын хүсэгчид өдөрт хамгийн багадаа 250 ам.доллар зарцуулахаар тооцоолох хэрэгтэй. Үүнд дундаж зочид буудал, хоол, бүтэн өдрийн хөтөч зэрэгт өгөх төлбөр багтана. Гэвч Бутанд аялахаар ирсэн хүмүүс өдөрт 250 ам.доллараас хавь илүү мөнгө зарцуулдаг аж. Энэ нь тэдний Бутаны дээд зэрэглэлийн зочид буудлуудад байрлахаар хошуурдагтай холбоотой.  Минималист хэв маягаараа алдартай “Aman” Бутанд таван салбар зочид буудалтай. Хоногийн 1000 ам.долларын үнэтэй. Энд амрах үеэрээ нум сум харваж, ил галын дэргэд суугаад сарлагийн махтай карритай будаа зооглож болно. Яг л дундаж зууны үеийн иргэн шиг.

 

 

 Б. Заяа

 


URL:

Сэтгэгдэл бичих