Буур хаашаа харж хэвтсэн байна вэ?

buurdd5d5d5d5d5ddddddЦагаан сарын шинийн нэгний өглөө говийн тэмээчид “Буур хаашаа харж хэвтсэн байна вэ” хэмээн хэлэлцдэг байсан гэх. Тэр нь шинээр гарч байгаа жилийн өлзий буяны цаг зүг аль тийшээ байх нь вэ хэмээн тандах гэсэн ардын бас нэгэн уламжлалт зан үйл бололтой. Тэгвэл тэмээний , тухай бараг ярьж дурсахгүй болж орхисон өнөө үед бид “Буур хаашаа харж хэвтсэн байна вэ” гэж бие биенээсээ асууж сураглахаар болчихсон байх шиг санагдана.
Говийн малчдан энэ үгээр би тэмээчдийн тухай энэхүү дурсамж тэмдэглэлээ эхэлье юү. Монголын төр, засаг 1972 оны үеэс тэмээн сүргийг өсгөх, тэмээчдийг дэмжих талаар онцгой анхаарал тавьж эхлэхийг би мэдэрч явсан хүний нэг. Энэ ажлын эхлэл нь Намын Төв Хорооны IX бүгд хурал (1971) гэдгээс улбаатай. 1973 онд “Тэмээн сүргийг өсгөх талаар авах арга хэмжээний тухай” тогтоол гарсан.
Тэмээ өсгөсөн сумдыг урамшуулах “Мөнгөн буйл” шагнал бий болгосон. 1973 оны гуравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд Тэмээчдийн анхны баяр наадам зохион байгуулж тэмээний уралдаан, буйл зорох, бурантаг томох тэмцээн зэрэг шинэ ажлыг зохион байгуулсан. Тэмээгээ түмд хүргэсний учир манай Өлзийт сум мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнагдаж, дарга Н.Намшир “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолж байсан түүхтэй.
Хамгийн сайхан нь 1975 оны арваннэгдүгээр сарын хорьдоор Улсын тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн Өмнөговийн Даланзадгад хотод их хөл нүргээнтэй болж өнгөрсөн. Энэ зөвлөлгөөнд миний бие хотоос яваа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон юм. Тэр үед би тэмээний тухай олон шүлэг бичиж, 1974 онд “Тэмээний нутаг” яруу найргийн ном хэвлүүлсний учир МЗЭ-ийн шагнал хүртэж байсан юм.
Бас 1975 оны зун говьд явж амрах зуураа нутгийн тэмээчидтэй уулзаж “Тэмээний жаргалын орон” гэдэг томоохон тэмдэглэл бичиж “Утга зохиол, Урлаг” сонинд нийтлүүлсэн. Миний “Тэмээний нутаг” номоор Монголын радиогийн сэтгүүлч Д.Пэлдэн гэдэг хүн 40-өөд минутын нэвтрүүлэг бэлтгэж, тэмээчдийн зөвлөгөөний өмнө радиогоор хэд хэдэн удаа нэвтрүүлж байсан зэрэг хэлэхээр юм бий.
Түүнээс уламжлан тэмээчдийн зөвлөгөөний зарим баримт бичигт бусдын-хамт намайг ажиллуулсан. Тэмээчдийн сэдвээр зохиолч Б.Бааст сэтгүүлч С.Жамбалдорж, П.Төмөрбаатар нар тасралтгүй бичиж байсан. Б.Бааст, С.Удвал нарын “Мянган тэмээтийн хүү” шинэ жүжиг Өмнөговийн театрт тоглов. Алдарт, дуучин П.Адарсүрэнгийн “Тэмээн дээрээс наран ойрхон” гэдэг дуу энэ үеэр орон даяар цуурайтаж эхэлсэн… зэрэг ярьж дурсахаар юм олон бий.
Энд би тэр болгоныг биш Монголын тэмээчдийн анхдугаар чуулганд оролцож, тэмээ маллах арга эрдэмээ солилцож явсан тэр үеийн алдарт хүмүүстэй нэг дор уулзсанаа нэхэн дурсмаар санагдлаа. . Манай эх орны Алтай, хангай, говь, дорнодын тал нутгаас тэмээчдийн хөлөглөсөн мөнгөн цагаан онгоц Өмнөговийн буудалд шил шилээ даран газардаж байв.
Онгоцны хаалга онгойход өвлийн дээл малгайтай газар газрын тэмээчид одон медалиа гялалзуулсаар бууж ирэхийг бид бахархан харж зогслоо. Тэдний дунд Н.Хүрээт, Д.Цэнд, Б.Үрчгэр, Ж.Маань, Завханы Бумбаа зэрэг хөдөлмөрийн арваад баатар байсны дээр Сүхбаатар аймгийн тэмээчин Л.Самдан гуай Даланзадгад хотод ирээд баатар болж байсан.
Монголд анх удаа болсон тэмээчдийн энэ чуулганд Намын Төв Хорооноос Н.Жагварал, Т.Рагчаа, Л.Балдандаш, Ц.Балхаажав зэрэг албаныхан М.Даш сайд, эмэгтэйчүүдийн хорооны дарга С.Удвал нарын хүмүүс очиж байсан юм. Даш сайд илтгэл тавьж, Рагчаа дарга дэлгэрэнгүй үг хэлж байсныг би санаж байна.
Тэрээр хэлсэн үгэндээ тэмээний хорогдол их байгааг онцлон дурдаад “Ингэ нэг удаа сувайрснаар 700 гаруй хоногийн хугацаанд түүнээс үр төл, сааль сүү авах орлогыг алдан эдийн засгийн хувьд үлэмж хохирол гарч байна” гэсэн нь үнэхээр бодууштай санаа байв. Эх орны зүг зүгээс ирсэн тэмээчид, мал аж ахуйн мэргэжилтэн, тэмээ судлалын эрдэмтэд, удирдах ажилтан, зохиолч сэтгүүлчид, киночид гээд тоолвол 300 шахам хүн улсын анхны энэ том чуулганд оролцсон юм билээ.
Зохиолчдоос энэ чуулганд Удвал ахайтан, Бааст гуай бид гурваас өөр хүн байгаагүй. Бөхийн Бааст гуай Монголын зохиолчдын бүтээлээр “Ганган улаан тэмээ минь” гэдэг арваад хэвлэлийн хуудас ном эмхэтгэж гаргаад зөвлөгөөний үеэр тарааж байснаас бид олж тэмээг нэг бурантгаар хөтлөнө” гэсэн хээлтэй ингэний тухай оньсогоос эхлээд “Тэмээ говийн чимэг, Тэрэг хотын чимэг” зэрэг олон зүйр цэцэн үгс “Сэгс цагаан Богд”, “Хоёр хар буурын туурь”-иас эхлээд манай зохиолчдын олон шилдэг бүтээл байсан.
Ийнхүү тэмээчдийн магнай тэнийсэн 1975 онд манай улс 610 гаруй мянган тэмээтэй, түүнийг 1730 суурьт малладаг 5700 гаруй тэмээчидтэй гэж байсан. Хөдөлмөрийн баатар тэмээчин арав хүрээд байв. Тэд энэ чуулганд анх бүгдээрээ цугларч уулзах шиг санагдсан. Эмэгтэй баатар Бумбаа гуай “Би Цэнд, Бямбасүрэн, Үрчгэр, Маань Самдан нартай анх уулзаж танилцлаа” гэж ярьж байсан.
Олон жилийн турш тэмээний эх орон болж явсан Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байсан Т.Наранхүү гуай 2009 онд сэтгүүлч С.Зэвсэгтэй ярилцахцаа. “Maнай улс 1956 онд 856 мянган тэмээтэй байсны 196 мянга нь Өмнөговьд байсан… Харин манай Номгон сум 1956 онд 10 мянган тэмээтэй байсан бол одоо 3000 болсон. Намайг 1973 онд Өмнөговь аймгийн даргаар очиход манай аймаг 123 мянган тэмээтэй байсан.
13 жил ажиллаад 1986 онд буцахад 136 мянган тэмээтэй болж, өөрөөр хэлбэл жилд мянган тэмээгээр өссөн байдаг” гэж ярьсан юм. Тэмээг ийнхүү өсгөж байсан цаг бидэнд бас байжээ. Тэр нь юуны өмнө сайн тэмээчидтэй холбоотой. Энэ тухай өгүүлбэл тэмээ маллах аргын талаар баатрууд зөндөө ярив. Н.Хүрээт гуай “Тэмээ өөртөө ширүүн гараар хандсан хүнийг үзэж чаддаггүй” гэж байхад Ж.Маань гуай “Тэмээ чинь зөөлөн оролддог хүнийг андахгүй” хэмээн бататгаж байсан.
Тэгвэл Д.Цэнд гуай “Тэмээг номхон байлгая гэвэл насан туршид нь энэрэнгүй хандах хэрэгтэй” гэж ярихад Өвөрхангай аймгийн Тахь нугын тэмээчин Дашцэрэн гэдэг хүн “Эр чадлаар маллая гэвэл тэмээг хэн ч дийлэхгүй” гэх зэргээр ам санаа нь айхтар нэгддэг юм билээ. Тэдний яриаг тус тусад нь уулзаж тэмдэглэж авахад ийнхүү нэг хүний үзэл бодол шиг таараад байдаг нь сонин санагдаж байлаа.
Тэмээ хариулахдаа анхаарах зарим нэг зүйлийн талаар Б.Үрчгэр гуай “Тэмээ хариулж яваа хүн агаарын даралт ямар байгааг сонирхож явах хэрэгтэй. Би шувууны нислэгээр агаарын даралтыг тоймлож явдаг” гэж байхад. Н .Хүрээт гуай “Тэмээг алсын бараа харагдах газар хариулахад дуртай байдаг юм” гэж байсан. Гэтэл Д.Цэнд баатар “Халууны тэмээ сүүдэрт их дуртай амьтан.
Заг, хайлаасны сүүдэрт орчихоод гарахгүй шүү дээ” гэж ярьсан. Баатруудтай ийнхүү ярьж байхад тэмээний зан араншин гэж судалмаар нарийн зүйл байх шиг санагдсан. Самдан баатар “Тэмээг ботголоход дэргэд нь хүн, мал, нохой байлгахгүй байхыг хичээх хэрэгтэй” гэж байсан. Тэгвэл хэзээ хойно Хөвсгөлд явж байгаад цаатангуудтай уулзахад “Цаа төллөх үедээ хөлсдөг (бишүүрхдэг) учир нохой, хүн ойртуулж болдоггүй гэж ярьсантай тэмээчин баатрын яриа тохирч байгаа нь сонин.
Шаргын говьд тэмээ хариулж явдаг Б.Үрчгэр гуай “Ингэ буйлах чинь баяртай гунигтай хоёр янзын эгшиг аялгуу байдаг юм шүү дээ гэсэн. Өөш манхны говьд нүүж сууж явдаг өвгөн тэмээчин Д.Цэнд “Тэмээ тууж сурсан тэмээ өөрөө туугаад явдаг. Ачаа хөтөлдөг тэмээ ямарч өвс ургамал замд тааралдсан бөхийхгүй хөтлөөд явдаг” гэж ярив. Тэмээг буйллах талаар яриа өдөхөд Өвөрхангай аймгийн ахмад тэмээчин, баатар Цэрэнпунцаг “Буйлт гээд байдаг чинь тэр насанд нь заавал буйллах хэрэгтэй гэсэн үг юм гэнэ билээ” гэж байхад Цэнд баатар “Би тэмээг жил бүрийн зул сарын шинийн гурванд буйлладаг” гэж ярьсан.
Зөвлөлгөөнд оролцсон доктор В.Бүнчин гуай “Тэмээний хамрыг анх цоолохдоо хамгийн нимгэн мөгөөрстэй “ат хонхор” гэдэг цэгийг олж хатгах ёстой. Эс тэгвэл тэмээ унах эдлэхэд хатуу хамартай болчихдог” хэмээн сануулж байв. Тэмээний эмчилгээний талаар сонсож явснаасаа дурсахад, Цэдэв гэдэг эрдэмтэн “Цэвэлванчигдоржийн” Тэмээний эмнэг засал сударт хамууг эмчлэхдээ халиар өвсийг цэцэгтэй нь хамт өгөх хэрэгтэй гэж бичсэн байдаг” хэмээн мэдээлж байхад Бумбаа баатар “Ботго чацга алдахад алтан гагнуур чанаж уулгадаг” гэж ярьсныг би дэвтэртээ тэмдэглэж авчээ.
Энэ зөвлөгөөний нэг гол анхаарал тэмээн сүргийн хорогдлыг багасгах, зогсооход чиглэгдэж байсан нь ойлгомжтой. Тэмээний хорогдлын нэг томоохон шалтгаан нь ингэ сувайрах явдал гэж үзсэн байх юм. Тийм учир “Энэ одоо” гэсэн үгийг яриандаа олон дахин хэрэглэдэг Шаргын говийн тэмээчин Б.Үрчгэр гуай “Манай суурь 15 бууртай. Тэдний ороог зэрэг оруулах хэрэгтэй.
Долоо найм хоног зэллэсэн буурыг сүүлд нь холдуулж уяна. Тэгээд дэргэдүүр нь тэмээгээ тууж бэлчээхэд буурын ороо эхэлнэ. Орохтой нь зэрэг ингээ хувиарлаж өгнө. Тийм нөхцөлд ингэ сувиарах явдал байхгүй” гэж ярьсан нь сонирхолтой сургамж мэт санагдаж байв. Ийм маягийн яриа хууч эргэн тойронд өрнөсөн Улсын тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн Гурвансайхан уулын үзүүр хормойд гурав хоног үргэлжилж билээ.
Үүнийг дурсан өгүүлэгч миний хувьд гэвэл, зөвлөгөөний сүүлчийн өдөр 36 насны минь төрсөн өдөр тохиосон учир нэг буудалд хамт байсан газар газрын тэмээчин баатруудтай түүнээ ёсолж өнгөрүүлсэн минь мартагдахааргүй ховор тохиол болж сэтгэлд үлджээ. Өнөө үзвэл миний тэмдэглэлийн дэвтэр дээр арван баатрын гарын үсэг зураастай хадгалагджээ.
Зөвлөгөөн дуусаад “Тэмээчдийн алдар хаалтын үдэшлэг зохион байгуулахад би ноднин намар нь бичиж нийтлүүлсэн “Хүрээт гуай Улаан талбайд” гэдэг шүлгээ уншсансан. Олон жилийн дараа энд өгүүлсэн бүхнийг нэхэн бодож суухад тэмээн сүрэг, тэмээчдийн талаар 1990 оноос хойш бид бараг ярьсангүй шиг. Ялангуяа Улсын Их Хурлын танхмын үгсийнсанд “Тэмээ” гэдэг үг огт хэрэглэгдэхгүй болчихоод удаж байна уу даа гэмээр.
Уул уурхай, төмөр зам, нүүрс тээвэр гээд ярихдаа “тэмээ” гэж хэлэхээс илт цэрвэн бишүүрхэж байна. 1990-ээд оны эхээр “Тэмээний тухай хууль” гэсэн нэр томъёо ганц нэг хүний амнаас гардаг байснаа чимээ алдчихлаа. Өмнө-говь, Дундговь, Дорно-говь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг тэмээтэй нутгаас сонгогдсон эрхэм гишүүд, юу ч дуугарахгүй “тэсээд” явах нь гайхмаар.
Шинэ үеийнхний ихэнх хэсэг нь хурдан морь, машин тэрэгний хойноос хөл алдаж олон мянган жилийн турш биднийгээ тээж явсан тэмээн жин, тээврийн хэрэгслээ ор тас мартаж орхилоо. Уулган шарын домогтой Галбын говь, Шанхайн хэцийг харахдаа тэмээнд нь биш чулуунд нь тэд нүд унагаж байна. Уг нь Монголын говь дэлхийн тэмээний эх орон, үлэг гүрвэлийн яс хадгалсан газар, эртний цомог түүхийн өлгий нутаг.
Хориод жилийн өмнөхөн тэмээгээр дэлхийд толгой цохьдог арван орны нэгэнд манайх багтдаг байсан. Одоо түүнээсээ бараг мултарчих шиг боллоо. Гол нь өмч хувьчлалаар тэмээн сүргээ сүйрүүлээд хаясан. Тэр үед буур хаашаа харж хэвтсэнийг ч анзаарах хүн байсангүй. Харин эдүгээ үед “Буур байна уу” гэж эрж сурахад хүрч байна. Иймд тэмээн сүргийнхээ зүг “шинэчлэлийн” нүдээр харах цаг яах аргагүй болчихсон төдийгүй хэтэрчих гээд байх шиг санагдсан учир үүнийг тэрлэвэй. Буур хаашаа харж хэвтсэн байна вэ? Гарах гэж байгаа Харагчин могой жилийн цагаан сарын шинийн нэгний өглөө гэхэд Монголын хамаг буур Төрийн ордны зүг харж хэвтсэн байх болтугай хэмээн залбирч явья
 Н.Энхболд

URL:

Tags:

Нэр: Намсрайн Алтангэрэл Огноо: 27 December 2015

Дээрх сайхан нийтлэлийг бичигч одоогийн энэ цаг мөчид амьд сэрүүн байгаа боловуу.Энэ эрхэм хүнтэй уулзах хувь тавилан дутсан л болуудаа гэж л харамсаж суунам.

Сэтгэгдэл бичих