Гэр хороолол бороо мэт арилж, харин орон сууц л шороо мэт үлдээсэй

a616267f1f94d229greatСаяхны нэг өдөр сонин гарчиглаж суухнээ Өдрийн сонины нэгэн дугаарт УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ингэж ярьсан байх юм.

1990 онд малчид малаа, 1996 онд иргэд орон сууцаа өмчлөөд авчихсан байдаг. Энэ хооронд малаа, орон сууцаа алийг нь ч өмчилж аваагүй иргэн олон бий гэжээ. Тэгвэл манайх гээд өмчилчих малгүй, орон сууцгүй иргэдээ өмчтэй болгох цаг энэ зууны энэ цагаас эхэлбэл зохих биш үү, барилгачид аа.

Манай барилгын компаниуд газар үнэтэй болохоор л байшин барьж чадахгүй байна гэх мэдэгдэл хийх боллоо. Фернандо Де Сото гэдэг эрдэмтэн “Монголд эдийн засгийн эргэлтэд ороогүй долоон мяллиард гаруй ам.долларын хөрөнгө байна. Энэ бол мэдээж газар” гэсэн байх юм.

Тэгвэл монголын барилгачдын өнөөх газар байхгүй болохоор хямд үнэтэй орон сууц барьж чадахгүй байна гэсэн залхуу бодлын хариу болгож одоо л хийхгүй бол хэзээ гэж гэсэн асуултыг зөрүүлээд шидчихье.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХЯМД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ

Айлаас эрэхээр авдраа ух гэдэг дээ. Хятад, Солонгос улсаас өндөр зардлаар барилгын арматур, цемент, тоосго, хадаас алхаа хүртэл чирч байхаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд түшиглэвэл өнөөх иргэдийг орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр тэр дундаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлж болмоор.

Мэдээж саахалт шахуу газраас бүтээгдэхүүн, материалаа татаж байгаа болохоор өнөөх аранга болоод байгаа метр квадратын үнэ ч төвөггүй буух юм биш үү.

Бид иргэдээ орон сууцжуулах нь нэн тэргүүний хийх ажил мөнөөс мөн гэх мөртлөө хэрхэн, ямар арга, бодлогоор хямд, чанартай барилга барих тухайгаа нэг их задалж ярихгүй байгаа нь энэ салбарын ажлыг үлгэр болгож харагдуулаад байгааг хаа хаанаа анхаармаар.

Техник, технологи, хүний хөгжил давамгайлсан энэ зуунд та хийж чадахгүй бол би хийнэ гэсэн зарчим үйлчлээд удаж байгааг бизнесийнхэн юу эс андах билээ. Заавал мэргэжлийн инженер ч биш сүйхээтэй жирийн иргэн хүртэл хөөсөөр блок цохиод барилга барьдаг технологийг нэвтрүүлээд байна. Тэр нь дулаан, дуу чимээнээс дээд зэргээр тусгаарладаг, барихад хялбар жишээ татаж болж байна.

Ийм байдлаар нэг хаусыг 10 хоногт барьж байна гэж бодохоор өнөөх төрийн ухаантнууд хийх гээд 20 гаруй жил түнтэгнэсэн орон сууцжуулах аян инээдэм болж хувирч байна. Ийм байдлаар 8-10, 20-25 сая төгрөгөөр л хачин тансаг хаус барьж болж байгааг дээдэсчүүдэд дуулгая. Юун нөгөө метр квадрат нь 1300 ам.доллараас буухгүй байгаа чанаргүй, сантехникийн болон хана, хаалга, шатны асуудалтай барилга вэ. Хэн нь ч мөрддөггүй, хэзээ хаанаас орж ирсэн нь үл мэдэгдэх стандарт ярьж “тусгай зөвшөөрөл” хэрэгтэй хэмээн хэдэн арван гар дамжуулж тамга дардаг хүнд суртал, гаж тогтолцоогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ, барилгынхаан.

Ардчилсан гэх орны ардчилагдаагүй салбар танайх болж хувирлаа. Дэлхийн чанарын стандартыг энэ салбарт зөв нэвтрүүлж чадвал заавал хятад, солонгос барилгачидгүйгээр хаус бариад амьдарч болж байна. Нэгэнт хямд, чанартай барилга энэ цагийн хэрэгцээ байгаа учраас дотоодынхоо үйлдвэрлэгчдийн хүч бололцоог энэ салбарт хэрхэн шингээж болох талаар ганц жишээ татъя.

Барилгын материалын үйлдвэр олонтой гэх Дархан-Уул аймаг дахь төмөрлөгийн үйлдвэрийн даргатай ийн ярьж байна. Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн гурван орд эзэмшдэг тус ТӨХК нь 1990 онд сууриа тавьсан үйлдвэрүүдийн нэг. Тиймээс ч “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн гол ачааг үүрэлцэнэ хэмээн албаныхан онцолдог. Мэдээж барилгын материалын гол тулгуур нь арматур байдаг. Тэгвэл жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Японы технологиор баригдсан тус үйлдвэр байгуулагдсанаасаа хойш бүрэн хүчин чадлаараа өнөөг хүртэл ажиллаагүй. Гол шалтгаан нь түүхий эд, хаягдал төмрийн нөөц багасч, хангалттай төмөр цуглардаггүй байсантай холбоотой гэнэ.

Тэгвэл энэ талаар тус компанийн захирал П.Эрдэнэцогт “Менежментийн шинэ арга барилаар ажилласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч байгаа. Манайх 2009 онд 49 мянган тн бэлдэц, 37 мянган тонн бүтээгдэхүүн, 2010 онд 62 мянган тн бэлдэц, 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ жил 52 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас эхний хагас жилийн байдлаар тал хувийг нь үйлдвэрлээд байна. Бидний хүлээгдэж буй гүйцэтгэлээр 63 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 82 тэрбум төгрөгийн орлого олж, 7.5 тэрбумын ашигтай ажиллахаар төлөвлөсөн” гэж байгаа юм.

Орон сууцны эрэлтийг дагаж үйлдвэрлэлийг нэмж, арматурын үнийг бууруулах боломж бий эсэхийг тодруулахад тэрбээр “Сүүлийн хэдэн жил хаягдал төмрийн үнэ өсч байна. Тухайлбал, 2008 онд төмрийн хаягдал тонн нь 60 мянган төгрөг байсан бол 2011 онд 240 мянга, 2012 онд 300 мянга болсон. Үйлдвэрийн нийт зардлын 38 хувийг эзэлдэг зардал өсөхөөр бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулна гэдэг хэцүү.

Яагаад гэвэл, нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулдаг цахилгаан, шатахуун цаашлаад ур чадвартай, мэргэшсэн ажиллагсдаа тогтвортой ажиллуулахын тулд цалин хөлсийг нь нэмэх ёстой. Өдгөө манайх 1300 гаруй ажиллагсадтай. Монгол Улсын гангийн хэрэглээ өсч, жилд 300 мянган тоннд хүрнэ гэсэн судалгааны дагуу барилгын компаниудыг хаягдал төмөр авчирвал арматурыг нь үйлдвэрлэн өгч байгаа” гэв.

Манай улсад тус компаниас гадна арматурын 16 үйлдвэр байдаг аж. Тэд нийлээд барилгын зах зээлд 180 мянган тонн арматур нийлүүлдэг гэнэ. Гэтэл 2011 онд нийтдээ 261.8 мянган тонн арматур ашигласан гэхээр тус үйлдвэр 50-60 хувийг нь хангадаг гэлээ. Тэгвэл энэ мэт орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ганц компани барилгын арматурыг үйлдвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зүтгэж байхад тоосго, цемент, блок үйлдвэрлэдэг дотоодын компаниуд ч энэ мэт хүчээ нэгтгэвэл гэр хороолол бороо мэт арилж, харин орон сууц л шороо мэт үлдэх боломж ойрхон байна.

ТЭД ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХААР ХИЧЭЭЖ БАЙНА

Барилгын салбарт нэлээд танил болж зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөөд эхэлчихсэн “Силикат” хөнгөн блокны үйлдвэр БНПАУ-ын техник эдийн засгийн тусламжаар 1966 онд шохой ба цагаан тоосгоны үйлдвэр нэртэй байгуулагдаж байжээ.

Тус компани гэхэд л өдөрт 80-100 шоо метр хөнгөн блок үйлдвэрлэдэг ба барилгын зах зээл дэх бүтээгдэхүүний нийлүүлэлт ямар байдаг тухайд тус үйлдвэрийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ц.Сэргэлэн “Барилга, уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор манай үйлдвэрийн бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй, 100 хувь зарагддаг. Жилд 22 мянган тонн хөнгөн блок үйлдвэрлэх ёстойгоос одоогоор 16 мянган тонныг нийлүүлдэг. Манайх өөрийн шохойн ордтой болохоор үйлдвэрлэлийн өртөг маш хямд гардаг. Удахгүй өргөтгөл хийхээр үйлдвэрлэлийн хэмжээ өсч, зах зээлийн багахан хувийг ч гэсэн хангана” гэсэн юм.

Тэгвэл дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нь ховордсон гэгддэг “Эрэл” компанийн хувьд жилдээ 185 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдгөө 50-55 хувийг нь ашигладаг буюу жилд 100 мянган тонн цемент үйлдвэрлэдэг аж. Нэг үеэ бодвол цементийн хэрэглээ 10 гаруй дахин өссөн ч зах зээлийг бүрэн хангах боломжгүй гэдгийг үйлдвэрийн удирдлага хэлсэн.

Тэрбээр “Цементийн хэрэглээ уул уурхай, барилгын салбарын хөгжилтэй холбоотойгоор өсч байна. Үндэсний үйлдвэрүүд зах зээлд нийлүүлж буй нийт цементийн тонн нь 420 мянга. Үүний 30 хувийг нь манайх, 20 хувийг нь Хөтөл, үлдсэнийг нь бусад үйлдвэр нийлүүлдэг. Тиймээс саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэгчлэн барилгын компаниудыг барилгын “талх” гэгддэг цементээр тасралтгүй хангая гэвэл агуулах саваа бэлдэх хэрэгтэй байна” гэдгийг онцлов.

Харин зах зээл дэх цементний хэрэглээний 50 хувийг нийлүүлнэ хэмээн зорилт тавьсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд нойтон аргаас хуурайд шилжихээр ажиллаж байгаагаа гүйцэтгэх захирал А.Шоовдор хэлж байна. Тус үйлдвэр нь жилд 650 мянган тонн шохой олборлож, 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Энэ онд хуурай аргын үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэв. Тус үйлдвэр шинэчлэлээ эхлүүлбэл цементийн үнэ одоогийнхоос бараг хоёр дахин хямдарна гэнэ.

Тэгэхээр дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжээд өгвөл маш хямдаар материалаа нийлүүлж орон сууцтай болох боломж байна. Бид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье гэх мөртлөө “Сэрэлт” киноны Думаа шиг гадныхан руу “хуушуур хайрч” гүйдэг байдлаа халж чадвал өнөөдрийн өндөр үнэтэй орон сууцууд жагсаалтаас гарах гарц энд байна.

М.Мөнхтунгалаг

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.