Д.Загдсүрэнг Ерөнхий прокурор Д.Дорлигжавын “явуулга”аар баривчилсан уу

f3a1025862e20a32f510cfe1192291a2_x3Өнгөрсөн оны 12 дугаарын 19нд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгууль болсон. Спортын холбоодууд одоогийн Д.Загдсүрэнг цаашид дэмжих боломжгүй, түүний авлига гэмт хэрэгтэй холбоотой хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Учир нь түүнийг мөнгө идэж уудаг л гэнэ, тамирчдаа хавчдаг л гэнэ, бизнес хийдэг л гэнэ, Олон улсын олимпийн хорооноос өгсөн мөнгөөр тансагладаг л гэнэ. Энэ нь бодитой юу эсвэл өрсөлдөгчдийнх нь захиалгатай пиар байсан уу гэдгийг ялгахад бэрх болоод байсан. Гэтэл дахиад л тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгч гэсэн гуншингаа авч үлдэж чадсан.

Гэвч түүнийг саяхнаас АТГ-ыхан шалгах болсон гэх мэдээлэл гарсан.Харин энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Д.Цоодолсэнгээгээс тодруулахад“Манайхаас тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй. Ташаа мэдээлэл байна” гэсэн хариулт өгсөөр нам жим болсон. Ийнхүү эрүү үүссэн, үүсээгүй хэмээх дуулиан дуусаагүй байхад Д.Загдсүрэнг өнгөрөгч баасан гарагийн шөнө 00:00 цагийн үед гэрээс нь баривчилжээ.

Одоо түүнийг хорих 461 дүгээр анги буюу Ганц худагт саатуулаад байгаа бөгөөд өнгөрөгч бямба гарагт түүний гэрийг битүүмжилжээ. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газар түүний гэрт нэгжлэг хийн, гэрт хэнийг ч оруулахгүй байгаа юм байна. Хэдийгээр АТГ эрүү үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч шөнө дөлөөр баривчилж, гэрт нэгжлэг хийн, гэрийг нь битүүлжилсэнийг бодоход түүнд томоохон шалтгаан байгаа бизээ.

Харин тэр нь юу юм бол. Түүнийг ийнхүү баривчлуулсан хүн нь хэн юм бол. Зарим учир мэдэх хүмүүс Д.Загдсүрэнг занганд оруулсан хүн нь өнөөгийн Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэх нь ч байна. Учир нь Д.Дорлигжав МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Загдсүрэнтэй өрсөлдөж байсан нэгэн.

Гэвч тэрбээр давхар албан тушаалтай байх ёсгүй гэсэн үндэслэлээр өөрөө сайн дураараа нэрээ татсан. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээгүй шарандаа түүний улыг шагайж, ийнхүү хорьж байна гэх хүн ч байна. Юутай ч Д.Загдсүрэнг ямар учир шалтгаанаар хорьж цагдан, гэрийг нь хүртэл нэгжиж, битүүмжилсэн нь тодорхойгүй хэвээр л байна.

www.noyon.mn


URL:

Сэтгэгдэл бичих