Төрөх эмнэлэг төрд падгүй гэж үү

379362_524258984275344_676696034_nУлиг болсон сэдэвт утааны араас төрөх эмнэлгүүдийн асуудал жагсч байх шиг байна. Утаанаас арай ахицтай нь хоёр он дамнан ярьсан I төрөхийн өргөтгөл өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад орлоо. Гэхдээ тус эмнэлгийн барилгын санхүүжилтийг “Бороо гоулд” хийгээгүй бол өдгөө II,III амаржих газартай адилхан сууж байх байсан гэдэгтэй маргалтгүй. Учир нь II,III төрөх эмнэлэгийн өргөтгөлийг барих гэж амаараа “барьснаас” ажил болсон зүйл алга. Өргөтгөл барьж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдэл гэж нэрлээд байгаа шинэ төрөх эмнэлгийн тухай асуугаад ч нэмэргүй. Ажил явдаггүй нь нийслэлд тулгардаг нийтлэг шалтгаан болох хөрөнгө мөнгө, газар хоёр гэдэг. Тэгсэн мөртлөө хорих ангийн газар, мөнгө хоёрыг яасан хурдан шийднэ вэ. Нийслэлд төрөх эмнэлэг нэмж барих шаардлагатай болсон тухай ярьж эхэлсэн цагаас 24 хорих анги барьчихсан гэж байгаа. За яахав, Монголын төр хоригдлуудадаа эхчүүдээс илүү хайртай юм байж. Гэтэл олон жил он дамжин ярьсан төрөх эмнэлгийн асуудлын дундуур Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тухай “цохиод” орж ирсэн.  Өөрөөр хэлбэл бас төрийн албан хаагчид төрөх эхчүүдээс чухал хүмүүс болж таарсан. Барилга нь ч Засгийн газрын ордны хажууд хачин хурдан сүндэрлэж эхэлсэн.  Харамсалтай нь барилгын ажил цэгцрэх дээрээ иртэл зориулалт нь өөр болоод явчихна лээ. Энэ бүхнээс  төрөх эмнэлэг төрд падгүй юм байна гэж ойлголтыг олон нийтэд өгч байна.

Хүйн халдвараар “хөдөлсөн” I төрөх эмнэлэг
Үнэндээ I эмнэлэгт хүйн халдвар гарч, төрийг “түргэн авахуулаагүй” бол өдгөө өргөтгөл байгаа ч үү, үгүй ч үү. Тухайн үед хэвлэлээр хүйн халдвар гарч, хүүхдийн аминд хүрч байж хөдөлдөг төрийн тухай шүүмжлэн бичиж л байсан. Хаа очиж хувийн хэвшлийнхны хурдан гүйцэтгэсний дүнд өдгөө 150 ортой эмнэлэгтэй болоод байна. Төрөх эмнэлгийн ачаалал хэд дахин ихэссэн нийслэлд ийм ортой эмнэлэг барилаа ч байдал өөрчлөгдөхгүй. Харьцуулалт хэлье. 2010 оны байдлаар нийслэлд 380396 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байсан гэсэн судалгаа байна. Тэгвэл тэднийг хүлээн авдаг I төрөх өртгөтгөлтэйгээ нийлээд 390, хоёрдугаар амаржих газар 75, гуравдугаар төрөх эмнэлэг 45 ортой. Энэ чиглэлийн хувийн эмнэлгүүдийн ор нийлээд 420 болдог байна. 920 ор, 380 мянган төрөх эх гэхээр дэндүү харьцангуй байгаа биз. Тэгээд болоогүй, хол ойрын аймгуудаас төрөх эмэгтэйчүүд нийслэлд ирж байгаа. Нийслэл дэх төрөх эмнэлгүүдийн асуудал далан задгай байхад Төв аймаг, Багануур дүүрэг төрөх эхчүүдээ дийлэхээ болиод байгаагаа эмнэглгийн удирдлагууд нь нэгэн хэлэлцүүлэг дээр учирлаж байсан. Ер нь орон нутаг дахь төрөх эмнэлгүүдийн талаар ярих юм бол бүр ч зах замбараагүй асуудал гарч ирнэ. Түүнээс өмнө олон он дамжиж байгаа  II, III төрөхийнхөө барилгыг хэзээ барих гээд байна вэ, Эрүүл мэндийн сайд аа.

Хувь хүнээс болж хоёрдугаар амаржих газрын барилга гацсаар байх уу
Төр төрийнхөө өмчид хэрхэн сэтгэлгүй ханддагийн тод жишээ нь  II амаржих газар. 1959 онд анх барьсан тус эмнэлгийн барилга амаржих газрын стандартыг хангахгүй болсныг мэргэжлийн хяналтын газраас олон удаа анхааруулсан. Эцэст нь 2010 онд шинэ амаржих газар барих засгийн шийдвэр гарч, 2011 оны төсөвт барилгын зураг төслийн мөнгийг суулгасан гэдэг. Гэвч хоёр жил өнгөрсөн ч ажин түжин хэвээр. Шалтгаан нь өнөөх л газрын маргаан. Газар дээрхи талбайг нь аж ахуйн нэгжүүд хэдэн талаас нь сөөм сөөмөөр хумсалсаар эмнэлгийн барилгад тулж ирсэн бол газар доорхи нь ч бас хувь эзэмшлийнх болсон юм билээ. Тэрхүү газар доорхи зоорины эзэнтэй олон жил шүүх цагдаадаа тулаад авч чадалгүй өнөөг хүрсэн гэсэн. Нэг ёсондоо жилд 6000-гаад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд төрдөг эмнэлгийг дурын хувь хүн дарлаж байх жишээтэй. Уг нь II амаржих газрын барилгыг барьчихвал 180 төрөх ор шинээр нэмэгдэх учиртай.

III амаржих газрыг шинээр барих 13 тэрбум төгрөг хаачив
2011 онд сүр дуулиантайгаар шаваа тавьж, томоос том самбар дээр 2012 оны гуравдугаар сард гүйцэтгэлийн ажлаа дуусгахаа зарласан III  амаржих газрын ажил жил тойроод ойн дээрээ ирэхэд бас л таг чиг. Барилгын нийт төсөвт өртөг 2011 онд 9 тэрбум 044.40 сая төгрөг байсан бол  2012 онд 7 тэрбум 498 280 078 төгрөгийг нэмжээ. Тухайн үедээ төрөх эмнэлэг барихыг Засгийн газраар дэмжүүлэхэд гойдын хүчин чармайлт гаргаж байсан Д.Арвин гишүүн, барилгын ажилд ч бас “гар, бие” оролцжээ. Өөрөөр хэлбэл, түүний “Их өргөө” компани эмнэлгийн барилгыг барих тендэрийг авсан байна. Харамсалтай нь, тус компани барилгын суурийн талыг тавьсан төдийнхнөөр ажлаа “дуусгажээ”. Улмаар ашиглалтад орох байсан жилээ дахин тендэр зарлаж, “Цамхаг констракшн” компани гүйцэтгэхээр болсон ч зоорийн даврхрыг хийж байгаад бас л ажил зогсож. Өдгөө мөнгөгүйн улмаас барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэнэ. Тэгэхээр 13 тэрбум төгрөгийг суурь цутгаж, ганц давхар хийхэд зарцуулчихав уу, дээрхи хоёр компанийн нэгийнх нь халаасанд орчихов уу гэдэг хариулт нь тодорхой асуулт үлдэж байна. Уг нь III амаржих газар шинэ барилгатай болохын заяа байсан бол 125 ор шинээр нэмэгдэх байлаа.

30 тэрбум төгрөг “залгисан” IV төрөхийн ирээдүй бүр бүрхэг
Яармагт барих Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдлийг барих шийдвэрийг анх гаргахдаа эрүүл мэндийн салбар дахь сүүлийн үеийн хамгийн том бүтээн байгуулалт гэж ярьж байлаа. Гэвч өдгөө 30 тэрбум төгрөг “залгичихаад”, долоон давхар байшингийн араг яснаас цаашаа явсангүй. Тус эмнэлэг цаасан дээр байхаасаа эхлээд л маргаан дагуулсан. Учир нь зураг төслийг нь мэргэжлийн бус хүмүүс хийснээс болж, зарлага ихтэй барилга баригдах нь тодорхой болсон. Анх тус эмнэлгийн зураг төслийг хийх тендэрт ганцхан компани орж, мэдээж тэр нь гүйцэтгэхээр болсон байдаг. Тус компанийнхан 12 давхартай, 27 мянган м кв талбайтай барилга барихаар төлөвлөсөн нь эмнэлгийн барилга есөн давхраас дээш байж болохгүй гэсэн олон улсын стандартыг зөрчсөнөөс эхлээд сул талбай ихтэйгээс төсвөөс олгосон мөнгөний хэмжээнээс хэтэрсэн гээд олон алдаа гарсныг мэргэжлийн хүмүүс сануулж байсан. Гэвч энэ талаар Монголын архитекторын холбоо удаа дараа холбогдох яаманд нь мэдэгдсээр байтал тэрхүү зураг төслийг баталсан байдаг.  Түүний дээр барилгаа бариад эхэлсэн хойноо ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй газар гэдгээ “мэдсэн”. Тэгээд бантсандаа тэр нүсэр бүтэцтэй эмнэлгийн бохирыг зөөчихнө хэмээн утгагүйтсэн. Энэ мэтээр анхнаасаа л мордохын хазгай эхэлсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ажил шаасан гадас шиг зогсов. Энэ талаар  үг дуугарах албаны хүн ч алга. Монголын  маргааш олон тулдаа аливаа бүтээн байгуулалт болгоноо “Дараа жил ашиглалтад орно” гэдэг жишгээр хандаж байх шиг байна. Уг нь Яармаг  300 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орох юм бол нийслэл дэх эх, нярайд үйлчлэх орны тоо 755-аар нэмэгдэх юм билээ.
Шинэчлэлийн Засгийн газрын эхний жилд нэг ч гэсөн төрөх эмнэлэг ашиглалтад орлоо. Өвөл болгон утааг улиг болтол бичдэг шиг байхгүйн тулд үлдсэн гурван төрөх эмнэлгийнхээ хувь заяаг нэг тийш нь болгоно гэж найдах л үлдлээ.

Д.Пүрэвсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих