Дүлий иргэдийг мэдээллийн ертөнцөөс тусгаарласан Монгол

1_1361930112Хорвоо дургүй нь хүрвэл чамайг, намайг, таныг ч үл өршөөнө. Бас хүссэн үедээ хэнийг ч хагас, дутуу болгож чадна. Энэ чухам түүний цорын ганц хийж чадах ид шид нь юм.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрхзүйн орчин, тэднийг хүндэтгэх, нийгэмшүүлэх боломжийг нь Монгол Улс хэр биелүүлдэг юм бол оо. Ядаж тэргэнцэртэй хүн гудамжаар өөрийн хүссэнээрээ аялах тусгай зам, талбай байдаг бил үү. Нөгөөтэйгүүр сонсголын бэрхшээлтэй хүн гэхэд мэдээллийн ертөнцөөр чөлөөтэй аялах боломж нь бий юу гээд хөгжлийн бэршээлтэй иргэдийн өмнө толгойн үснээс их асуудал тулгарна. Тиймээс бид өчигдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, эрхзүйн орчны шийдэл, давхардлыг тодорхойлох” зэрэг асуудлын зөвлөмж боловсруулах уулзалтаас эл сурвалжлагыг бэлтгэлээ.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн бай­гууллагуудад тэр ялангуяа телевизүүд дүлий хүнд мэдээлэл хүргэх боломж маш мууг байгааг уулзалтад ирсэн нэг төлөөлөгч хэллээ. Ямар нэгэн аюул осол болж дуу, авиагаар дохио өглөө гэхэд дүлий хүн юу гэж байгааг нь сонсохгүй учраас муугаар бодоход осолд ч өртөж болно. Түүнчлэн хараагүй, хэлгүй, хөл, гаргүй гээд сонсголоос бусад эрхтний бэрхшээлтэй хүмүүс ямар нэгэн зар сурталчилгаа, мэдээ, кинонд юу гэж хэлж байгааг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, тэд орчлонгийн сайхан  муухай,  жаргал зовлон, үгийн увдисыг сонсох хувьгүй хүмүүс. Монголд үнэндээ Үндэсний телевизээс бусад хэвлэл мэдээллийн байгууллага дэлгэцийнхээ доод буланд хэлгүй, дүлий хүмүүст зориулсан тайлбар хийдэг нь огт үгүй. Мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалсан холбоо ч гэж ямар байгууллага байдгийг мэдэх хүн тун ховор. Уг нь Дүлий иргэдийн холбоо гэж нэг нэр бий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бусад холбоодтой харьцуулахад хаана, ямар ажил хийж яваа нь оньсого мэт. Харин Хараагүйчүүдийн үндэсний төв харааны бэрхшээлтэй хэдэн иргэдээ ажлын байртай болгож, нийгэмшүүлэх тал дээр арай гайгүй ажиллаж байгааг хуралд ирсэн төлөөлөгчид хэлж байсан.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ МЭДДЭГГҮЙ НИЙГМИЙН АЖИЛТНУУДТАЙ БАЙСААР БАЙХ УУ

Аймаг, сум, хороодын захиргаанд ажиллаж буй нийгмийн ажилтнууд өөрсдийнхөө харьяанд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн, ямар иргэн байдгийг ч мэддэггүй талаар олон хүн хэллээ. Түүнээс гадна тэд эдгээр иргэдэд холбогдох хууль, эрхзүйн орчны талаар ямар ч мэдлэг байхгүйг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийслэлийн зөвлөлийн дарга Н.Энхбаяр онцлов. Тиймээс цаашид хол­богдох хуулийн  найруулгад тухайн нийгмийн халамжийн ажилтан уг хуулийг зайлшгүй мэдэж байх ёстой гэх заалтыг оруулах хэрэгтэйг хэлсэн.  Жишээлбэл хорооныхоо тахир дутуу иргэнд сэтгэлзүйн ямар зөвлөгөө өгөх, мөн тусламж үйлчилгээнд хэрхэн хамруулах гээд тэр бүхэн нийгмийн ажилтны үүрэг байх гэнэ.

 

ТЭРГЭНЦЭР СУУМАЛ

ХҮНИЙ УНАА БИШ

Монголд хөлгүй, суумал, нуруу нугасны өвчтэй гээд тэргэнцэрт зайлшгүй суух шаардлагатай хүн олон бий. Гэтэл тэргэнцэр бүхэн ижил хэмжээ, нэг загвартай байдаг уу гэх асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ хүмүүсийн унаа бүхэн нэг загвартай байдаггүй аж. Харин ч бүр манай улс тэргэнцэрийн талаар ямар ч мэдлэггүйг хөгжлийн бэрхшээлтэй болон холбогдох холбооны иргэд хэлж байна. Тухайлбал, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн менежер, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Лхамжаваас дээрх асуудлын талаар тодруулахад “Тэргэнцэр гэдэг бол тухайн хүний бие махбодод нь яг таг таарсан байх ёстой. Гэвч манай улсад үүнийг дэндүү сохроор үзэж ирсэн. Тухайлбал, Японд гэхэд тэргэнцэр дээр суух хүний биеийн хэмжээгээр нь хийж өгдөг. Монголд хөлөөрөө явах боломжгүй иргэдэд ямар тэргэнцэр өгч байна вэ гэхээр эмнэлгийн зориулалттайг нь өгчихдөг. Размер нь буюу хэмжээ нь манай улсад ердөө 16-18-ын хооронд л байна. Хэрэв тэр 16-аас нь бага ч юм уу, 18-аас том байвал яах юм бэ. Нөгөөтэйгүүр нийслэлд гэхэд зам, талбай, гудамж, ядаж албан байгууллагаар ороход хүртэл бидэнд зориулсан зам байхгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа” гэв.

 

ДОТОР ЭРХТНИЙ СОГОГТОЙ ХҮНИЙГ ҮЛ ХАЙХРААД БАЙНА УУ

Гаднаас нь харахад цоо эрүүл мэт хүмүүс бидний дунд нэлээд бий. Гэтэл тэдний дотор ертөнцийн харанхуй хуччихсан байхыг хэн ч олж хардаггүй. Энэ үеэр хэзээ ч үл эмчлэгдэх элэгний хорт хавдартай  Д.Оюунцэцэг гэх хүнтэй тааралдлаа. Тэрбээр 20 гаруй жил элэг нь өвдөж, 2008 онд хорт хавдрын шинж илэрсэн гэнэ. Уг нь элэг бусад эрхтнүүдийг бодвол ургах чадвартай ч харамсалтай нь энэ эмэгтэйн элэгний гол судсынх нь хажууд хорт хавдар үүссэн болохоор эмч нар хавдрыг авч болохгүй гэсэн хариу өгчээ. Гэвч Д.Оюунцэцэг сэтгэлээр унасангүй. “Өөдрөг ухаан” төрийн бус байгууллагыг байгуулж ийн өвчтэй хүмүүсийн судалгаа хийж, зөвлөгөө өгдөг болсон гэнэ. Түүний хэлснээр “Би өдөрт 7000 төгрөгийн үнэтэй эм таван ширгийг хэрэглэдэг. Гэтэл надад төрөөс өгдөг мөнгө нь 100 гаруйхан мянган төгрөг. Нэг сарын хугацаанд тэр мөнгөөр би эмээ авахад хаанаа ч хүрдэггүй. Мөн хөлгүй хүнтэй намайг зэрэгцүүлээд ажил хийх ч юм уу компьютер дээр суулгахад би ихдээ гэхэд 4-6 цаг л сууж чадна. Харин хөлгүй, сонсголгүй хүмүүс 10 цаг ч ажиллах чадвартай байдаг. Түүнчлэн дотор эрхтний согогтой хүмүүсийг төр дэндүү ялгаж үздэг” гэж байв.

 

Л.Баатархүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих