Авлигатай тэмцэхийнхэн “SS”-ийг дахин дуудах уу?

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Би авлига өгсөн хүмүүстэйгээ зэрэгцээд сууж байна” хэмээн ярилцлага өгснөөрөө өөрийгөө Авлигатай тэмцэх газрынханд онилуулчихсан. Их хурлын гишүүн ширүүн ярилцлага өгөхийг алийг тэр гэхэв. Гэхдээ л энэ удаад байдал бишдэв бололтой.

Ш.Сайхансамбуу ч яахав, аливааг шүүмжилж, хатуу хөтүүг харамгүй хэлдэг юм хойно ам нь халаад тэгээд хэлчихсэн ч байж мэдэх юм. Харин түүнийг нь Авлигатай тэмцэх газрынхныг ажилтай байлгах том шалтаг болов.

“Хэнд хэдэн төгрөгийн авлига өгснөөс эхлээд хэн xэн авлигач вэ” гэдгийг үүн дээр дөрөөлөөд мэдээд авчихвал авлигачидтай тэмцдэг энэ газрынханд л хэрэгтэй. Тэгээд ч “Нэр нь тодроогүй баатрууд” гэдэг шиг манай авлигачид нэр нь тодроогүй байдаг хойно АТГ-ынхан нэг ч гэсэн хүний нэр хэлүүлээд авбал ажил хийсэн болж харагдах гээд байгаа юм.

Зарим хүн “УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Авлигатай тэмцэх газарт амаа асуулгаж байгаа яана даа хөөрхий” гэж өмнөөс нь шаналж байхад мань “SS” харин ч нэг тоохгүй байгаа бололтой. АТГ-ын асуултуудынхаа хажуугаар дахиад л нэгэн сонинд “С.Баярцогт, … хоёрыг авлигач гэдэг биз дээ” гээд ярилцлага өгчихөж. Энэ үгнийх нь төлөө Авлигатай тэмцэх газрынхан дахиад л түүний амыг асуух байх даа.

Б.Урам
зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих