Өнөөдрөөс эхлэн шинэ монгол боллоо

1_1362100861Хүсэн хүлээсэн гурав­дугаар сарын 1 боллоо. Өнөөд­рөөс тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Олон нийтийн газар тамхи татсан нэгнийг нь торгоно. Эл “гэмт хэрэг”-ийг нуун дарагдуулсан байгууллагаас бүр их мөнгө авна. Жигтэйхэн юм болно гэж байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нийг угтаж тамхичид эмгэнэл зар­лаж, тамхиа хэтрүүлэн татаад сүйд болцгоож гэнэ. Тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө гаргасан энэ хуулийг эсэр­гүүцэх нэгэн нь тамхины утаанаас нь “хумсалж” бай­гаа хүмүүсийг шүүхэд өгөх тухай хүртэл ярьж бай­гаа сурагтай. Ямартай ч зарим нэгнийг нь ийнхүү гонсойлгосон ч нөгөө хэс­гийг нь баярлуулсан там­хины хяналтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэл­лээ. Ганц энэ ч биш юм. Бас хажуугаар нь Хүнсний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хүчин төгөл­-дөр болж байна. Энэхүү хууль Монгол Улсын хилээр хувь хүн хүнсний бүтээг­дэхүүн оруулж ирэхийг хориглож, гадны импортыг хязгаарлах зэргээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг бүхий л талаар нь хөндсөн билээ. Тэгэнгүүт хүнсний наймаачид нь барайж, худалдан авагчид нь баясаж эхэлсэн юм. Ингээд бас болоогүй. Үүрэн телефоны оператор ком­паниуд өнөөд­рөөс ярины тарифаа секун­дээр тооцох болно. Хэрэглэгчдийг шулж байна гэж адлагддаг тэдний хувьд О.Магнай даргын “нударга”-ны амтыг нэг сайн үзэж аваад хашрав бололтой, “Хэрэглэгч бол хаан” гэж үнэн голоосоо ярьж суугаа. Тиймдээ ч товлосон хугацаанаасаа өм­нө ярианы төлбөрийг минутаар биш, секундээр тооцож монголчуудыгаа баяр­луулж байгаа бололтой. Ин­гээд өнөөдрөөс эхлээд Монгол Улс өөрчлөгдөх нь. Цоо шинэ супер улс болох нь. Үүнээс хойш эрүүл хоол хүнсээ гахай болтол идэж, тамхины утаанаас татгалзаж, чөлөө завгүй утсаар ярьцгаан өдөр хоногийг өнгөрүүлэх боломжтой боллоо. Шинэ Монголын шинэ иргэд гэж үүнийг л хэлэх байх. Дахиад өөр ямар шинэ зүйл биднийг хүлээж байгаа бол. Хүлээж тэсэхгүй нь ээ.

 

Э.Баясгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.