Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчид тодорлоо

527-1362104920indexЭ.Батшугар намаасаа гарч байгаа тухайгаа өчигдөр мэдэгд­лээ. МАХН-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж бай­сан тэрбээр Монгол банкны дэд Ерөнхийлөгчийн алба хаших болсон тул ийнхүү намаасаа татгалзаж буй нь энэ. Харин Э.Батшугарын оронд У.Барсболд томилогджээ.

 

Энэ мэт бага чуулганаар хэлэлцсэн бусад асуудлын талаар намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар мэдээлэл өгсөн юм. 200 гаруй гишүүнтэй Бага чуулганы ирц 80 хувьтай  байсан бөгөөд энэ удаагийн бага чуулганы хурлын эхэнд генсек Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар улс төр болон өнгөрсөн хугацаанд хийгдсэн арга хэмжээнүүдийн талаар илтгэл тавьжээ.

 

Мөн МАХН-ын дүрмэнд нэмэлт өөрч­лөлт оруулах, МАХН-ын төв аппаратын бүтэц зохион байгуулалт болон Ерөн­хий­лөгчийн сонгуулиар аль намтай ажиллах талаараа хэлэлцжээ.

 

03.00 цаг хүртэл хуралдсан бага чуулганаар 21 нарийн бичгийн даргатай байсныг долоо болгон цөөрүүлсэн аж. Нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар Г.Бямбасүрэн, Орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Ангараг, намын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Намжид, намын сан хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар П.Хангал, Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар У.Барсболд,

 

Хэвлэл мэдээлэл, олон нийт­тэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар Ч.Чимидсүрэн, Төрийн бус байгууллага, зохион байгуулалттай арга хэмжээ хариуцсан нарийн бичгийн даргаар О.Лхагвацэдэн нар томилогджээ.

Бага чуулганы хурлын үеэр нэлээд онцгой яригдсан асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. МАН-тай эвцэлдүүлэхийн тулд ахмад гишүүд санаа бодлоо нэгтгэж, уриалга гаргаад байгаа. Гэвч Н.Энхбаяр АН-тай байгуулсан гэрээгээ нялталж, дахин хэлэлцээрийн ширээний ард суух чиглэл өгсөн гэх. Иймд бага чуулганы халуун сэдэв нь энэ байлаа.

 

Энэ талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Бага чуулганы хурлаар нэлээд халуун ярилцсан сэдэв нь Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээлэл байлаа. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд бусад намтай хамтарч ажиллахад нээлттэй. Гэхдээ бид Шударга ёс эвслийнхээ нэгдмэл байдлаар сонгуульд оролцоно.

 

Шударга ёс эвсэл байгуулахад хийгдсэн гэрээ байгаа. Тиймээс бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн болон өөр сонгуульд ч эвс­лийнхээ нэгдмэл байр суурьтай байна. Харин бусад намтай эвсэж хамтрах тал дээр улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө байх нь чухал. Мөн гадуур яригдаад байгаа шиг зөвхөн МАН-тай хамтарна гэсэн асуудал байхгүй” гэв.

 

Тэрбээр парламентад суудалтай болон тойргийн гаднах улс төрийн намуудтай ч хамтрах асуудал нээлттэй байгааг тодотголоо. Түүнчлэн Гүйцэтгэх товчоо эцсийн шийдвэрийг гаргах гэнэ. Энэ эрхийг нь бага чуулганд оролцсон гишүүд олонхиороо олгожээ.

Юутай ч гэрээний дагуу МҮАН-тайгаа Ерөнхийлөгчийн сонгуульд хөтлөлцөн орох гэнэ. Мөн Хамтарсан Засгийн газрын гэрээнд зааснаар “Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд оролцохдоо хэлэлцээр хийж хамтарч оролцох эсэхээ тохиролцоно” гэсний дагуу АН, ИЗНН-тай зөвшилцөх болно аж. Өөрөөр хэлбэл, МАН-тай нэгдэн нийлэх асуудал үндсэндээ худал бололтой.

 

Ерөнхийлөгчийн сонгуулиар ч эвсэж орох нь Ардын намынхны мөрөөдөл гэдгийг бага чуулганы гишүүд онцолсон сурагтай. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад заавал бусад намтай нэгдэх талаар яриад байгаа, бие дааж оролцох боломжгүй болоод тэр үү гэсэн сэтгүүлчийн асуултад Г.Шийлэгдамба “Бид анхнаасаа эвслийн гэрээ байгуулж Шударга ёс эвслийг байгуулсан.

 

Тиймээс сонгуульд  аль ч намтай хамтран ажиллаж болох талаар яриад байгаа юм. Энэ нь дангаараа сонгуульд орж чадахгүй, нэр дэвшүүлэх хүн байхгүй гэсэн үг биш. Бид ярилцаж үзээд намын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан нарыг нэр дэвшүүлж болох талаар ярилцсан. Гэхдээ энэ нь шууд нэр дэвшүүлэхээр боллоо гэсэн үг биш.

 

Тэдгээр хүмүүсийн талаар судалгаа хийж аль хүн нь илүү оновчтой гэдгийг бүх нийтээрээ шийд­вэрлэнэ” хэмээв. Мөн бага чуулганаар өнөө­гийн намын удирдлагуудаа солих асуудлыг зарим хүн гаргажээ. Тэднийг ажлаа сайн хийж чадахгүй байна хэмээн тодотгож, суудлаа өгөхийг шаардсан аж. Гэвч олонхийг хамарч чадалгүй намжсан байна.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.