Ж.Батзандан шоудахаа боль

527-1362109072indexЭэжийнхээ түрийвчнээс 300 төгрөг авсаныхаа төлөө дөрвөн цаг орчим суран тэлээний төмөр арлаар хөх няц болтлоо зодуулсан долоон настай хүүг УИХ-ын гишүүн Ж.Батзандан эргэж очиж байлаа. Улмаар тухайн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчтай нь уулзаж, туслахаа гэж андуурав уу гэлтэй учиргүй загнаж харагдсан.

 

Хүүгийн биед хүнд гэмтэл учруулсан эцэг эхэд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр шууд суллаж явуулсан гэх үндэслэлээр ийнхүү мөрдөн байцаагчийг “эрүүдсэн” юм. Тэрбээр “Хүмүүс чамайг хэвтэрт ортол чинь дөрвөн цаг зодсон бол чи яах байсан юм.

 

Чамайг зодсон хүмүүсийг өөртэй чинь ижил цагдаагийн ажилтан зүгээр суллаад явуулчихвал та баярлах уу” гэхчлэн асуулт тавьж хэлэх үггүй болгосноо ч хэд хэдэн хэлэлцүүлгийн үеэр тодотгож байлаа. Гэвч тэр бүхэн шоу байж. Тэр олны анхаарлын төвд байсан хүүг эргэж очиж, мөрдөн байцаагчийг нь зандарснаас өөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх дорвитой ажил хийсэнгүй.

Үгүй дээ л хууль санаачлагчийнхаа хувьд Хүүхдийн эрхийн хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулна гэж орилсонгүй. Төрийн өндөр албан тушаалтан болох гэж байгаа бол эхнэр, нөхрөө хүртэл харж байж суух учиртай гэх зүйл ярьж, гадны хүнтэй гэр бүл болбол энэ парламентаас хол бай гэж ангийнхныхаа дургүйг хүргэх болсон нэгэн.

Бусдын эхнэр, нөхрөөр оролдож, шоудаж байхын оронд одоо л УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн үг хэрэгтэй байна. Сүүлийн үед хүүхдүүдтэй холбоотой элдэв хэрэг гарах нь элбэгшлээ. Тэр дундаа хорвоотой дөнгөж танилцаж байгаа бяцхан үрс амиа алдах болж.

 

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд, дөрөвхөн настай охин золбин нохойн гөлөг шиг зам дээр бяцартлаа дайрууллаа. Хоёрхон настай жаал автын ослоор мөн л хорвоогоос халилаа. Энэ мэтчилэн дурьдвал чамгүй үзүүлэлт гарна. Он гарсны дараахан буюу нэгдүгээр сард л гэхэд 34 хүүхэд автын осолд өртөж, хоёр нь нас барсан статистик Замын цагдаагийн газарт бий.

 

Гэтэл тэдний араас эцэг эхээс нь өөр хүн гашуудан шаналсангүй. Өнөөх том дуутай Ж.Батзандан ч ганц үг ган хийсэнгүй. Аавынхаа алганы амтыг үзээгүй хүү лав Монголд байхгүй. Долоон настай хүүгийн хувьд хэтрүүлэн зодсон явдал бий болохоос биш амь насаа алдсангүй. Ийм байхад сүржигнэж, хүүхдийн эрх гэж томорч байсан эрхэм түшээ худал шоуддагаа больж, харин энэ хийрхэлээ ажил хэрэг болговол яасан юм бэ.

Дахин нэг жишээ дурьдахад, Хэнтий аймгийн Хэрлэн сумаас аав, ээжтэйгээ хот орохоор явж байсан хоёр настай хүү машинаас унаж, амиа алдсан тохиолдол гарч байсныг бид мартаагүй. Тодруулбал, “Машины хаалга гэнэт онгойж, хүү нь унасан. Хүүгээ барьж авах гэж зүтгэсэн боловч цамцных нь захнаас ч барьж чадалгүй алдсан” тухайгаа эцэг, эх нь харамсан ярьж байсныг та харсан уу Батзандаан.

Машины дугуй хоёрхон настай хүүгийн цээжин дээгүүр гарчихсан. Осол болсон даруйд машинаа зогсоож хүүгээ авахад амьсгаатай байсан гэх гашуун нулимстай ээжийн үг өдгөө ч хоолой зурж байна. Харамсалтай нь, сумын эмнэлэг рүү явах замдаа хүү энэ хорвоогоос оджээ. Эцэг эхийн анхаарал болгоомжгүйгээс болж бяцхан хүү амиа алдсан ч бурууг тэдэнд тохоод өнгөрмөөргүй байна.

 

Тэд хүүхдээ “Унах гэж байхад нь бариад авахгүй яав даа” гэж халаглаж суугаа. Хүүгийнхээ өмсч байсан дээлийг үнэрлээд уйлж суугаа ижийг буруугүй гэж өмөөрье. Үрийнх нь юм бүхэн тэдэнд үнэтэй. Шөнө зүүдэнд нь, өдөр нүдэнд нь үзэгдэх жаахан хүүгийнхээ араас гашуудан суугаа гэр бүлд хөндлөнгөөс буруу өгч болохгүй. Тэртэй тэргүй тэдний сэтгэл дэх тэнгэр нурж цаг мөч бүрт үрээрээ дутаж суугаа. Тэгвэл бурууг бид хаанаас эрэх вэ.

Хууль тогтоох дээд байгууллагын зөөлөн сэнтийд тухалчихаад зураг­лаачийн дуран харахаараа өөрийгөө рекламдаж, хутган үймүүлж явдаг нөхдийг буруутгамаар. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах нэрийдлээр улсын төсвөөс хумсалж суудаг төрийн болон төрийн бус байгууллагынханд бурууг нялзаамаар байна.

 

Нөгөөтэйгүүр, долоон настай хүүгээр шоудаж байсан Ж.Батзанданг ч хүүхдийн эрхийн асуудлаар дахин чанга дуугарч, буруутныг “эрүүдэж”, цоорхой ихтэй хуульд гар хүрээсэй гэж бодож байна. Ярихад, бичихэд ядруухан сэдэв гэж бодохгүй байна, гишүүн ээ.

 

Үнэхээр л хүүхэд бүхэн зодуур, үхлийн шат руу хэн нэгний буруугаас болж түлхэгдэхэд ойрхон байгааг харсаар өмөрч яваа л бол энэ асуудлаар шоудахаа боль. Танд хийх ажлыг чинь заагаад өгье. Тэдэнд аюулгүй, амар сайхан амьдрах орчин хэрэгтэй. Хүүхдийн эрхийг траншейны нүхэнд ч, танихгүй олны хөлийн дунд ч эрхэмлэж байх таатай орчин хэрэгтэй байна. Ажил хэрэг болгооч.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих