Төрийн садизм

z9025555555Боловсролын яаманд олон жил шигдэн сууж, өнөөх л бахь байдгаараа өөрчлөгддөггүй хүмүүс цөөнгүй. Засаг солигдох болгонд өөр өөр юм ярьж, сайд болгонтой шинэчлэл хийлцдэг хүний нэг бол БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг. Энэ хүнийг Кембрижийн хөтөлбөрийн “эх баригч” байсан гэдгийг боловсролын салбарынхан андахгүй мэднэ. Учир нь тэрээр өнгөрсөн 4 жил зөвхөн энэ тухай л ярьж, сурталчилж ирсэн. Гэтэл одоо энэ хүний яриа огт өөр болжээ. Өчигдөр ярьснаа өнөөдөр мартдаг, өөрийн итгэл үнэмшлээр ажилладаггүй ийм хүмүүс дээшээ зусардаж, доош шатныхнаа дарангуйлагч садист үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүний талаар өмнө нь гарсан нэгэн материалыг уншигчдын хүсэлтээр дор татаж тавилаа.

2009 оны 11-р сарын 05, Пүрэв гариг, 02:39, Цаг төр, хүмүүс сэтгүүл
Намайг бага байхад орон сууцны гадаа айлуудын хог новш, мах тосоо хадгалдаг амбаарууд байдаг байлаа. Тэдгээр нь харин хүүхдийн бужигнаж тоглох “сайхан” орчинг бүрдүүлж өгдөг төдийгүй нохой шувуу ч орогночихдог, хааяа нэг мах тос нь алга болохоос өөр онц зүйлгүй бичил орчин байв. Байр болгон нохойтой, бас атамантай байлаа. Нэг өдөр манай байрны атаманууд амбаарын оройгоос төмөр утас бэхэлж байгаад энд тэндээс барьж ирсэн том жижиг нохойнуудаа ээлжлэн дүүжилж өлгөөд нэг хоёр гурав…гээд тоолж байгаад оосрыг нь сулруулан унагаж байв. Хэрэв нохой уяанаас газардахдаа амьд байвал “Наадахаа явуулчих” гэж “өршөөнө”. Харин босч чадахгүй хэмхэрсэн нэгийг нь трубадаад нэг мөр нам болгож байсныг байшингийн булангаас харж зогссоноо мартдагггүй юм.
     Гэхдээ иймэрхүү харгис, садист гэмээр үйлдлүүд байрны орчинд нэг бус удаа гардаг байсныг миний үеийнхэн ихэнх нь харж байсан биз ээ. Байр болгонд шахуу байдаг дээрэлхүү, зодоонч харгис авиртай хүүхэд “хүмүүжилгүй” гэж оношлогддог байсан хэдий ч цаагуураа нийгмийн хаагдмал, түгжигдмэл байдал, дарангуйлалтай холбоотой байж болох юм гэсэн бодол өнөө цагтай харьцуулан бодоход улам төрөх болов. Эрх чөлөөгөөр туйлын хязгаарлагдмал нийгэмд гадна талаасаа бүх юм айван тайван харагдавч айл гэрт найр наадам, дуу шуугаар эхэлсэн үйл явдал шөнө дунд хэрүүл маргаан, зодоон цохион болон хувирч, хана тааз нэвтлэн сонсогдох уйлаан майлаан үргэлжлэх нь хэвийн үзэгдэл байж билээ. Хүн хүнээ барьж зодох, харгислан зовоох нь хүмүүсийн харьцаанаас үүдэлтэй ч нийтлэг ийм дүр төрхийн цаана нийгмийн мөн чанар оршин байх ажээ. Хүнийг хүн ёсоор ойлгохоос илүү нийгмийн эрэг шураг мэт үзэж ашиглах, хүний мөн чанарыг огоорон бүгдийг нэг хэвэнд цутгах гэсэн санаархал хэзээ нэгэн цагт хувь хүний бухимдал хорслыг төрүүлж, түүнийгээ гэр орон, бичил орчиндоо гаргах хэлбэрээр уур уцаараа тайлдаг ч байсан байж болзошгүй.
Хүүхдүүд амбаарын оройгоос амьтан дүүжилж сэтгэлийн таашаал эдэлж байгаа үйлдэл нь нийгмийг бүрдүүлэгч эд эсийн хувьд нийгмийнхээ тусгал болж байсан гэдгийг одоо бодоход үгүйсгэх аргагүй. Харин садизм гэдэг нь зарим хүмүүсийн ойлгодог шиг бие махбодид шууд учруулж буй хохирлыг л хэлдэг биш бололтой. Хүний сэтгэл зүйд тойруу замаар дарамт учруулж таашаал авах нь садизмын гол шинж ажээ. Ардчилсан гэж нэрлээд байгаа өнөөгийн нийгэмд ч иймэрхүү дүр зургийг амьдралаас харж болохоор байна. Хүмүүс элдэв хүлээснээс тайлагдаж, хувь хүний эрх чөлөө урьд өмнөхөөс хамаагүй нэмэгдэж байгаа ч нийгмийн боловсрол доогуур, эмх замбараагүй байдлыг далимдуулан эрх мэдлээр далайлгаж шууд бус замаар бусдыг эрхшээлдээ оруулдаг садист зан төрх газар аваад байна. “Хүнийг сэтгэл санаа, бие махбодийн хувьд зовоон шаналгах,шархлуулах замаар хүч чадал, идэвх санаачлагыг нь барагдуулж, туйлдуулан ядраагаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгон эрхшээлдээ оруулах төрөлхийн дур хүсэл, сэтгэл санааны баясал эдлэх арга зам” гэж (E.Fromm “Anatomie der menschlichen Distruktivitaet”) хэмээх мэргэжлийн номонд садист үйлдлийг тайлбарласан байх юм.
Тиймээс садист зан төрх нь ялангуяа олон нийтийн эрх ашигт нийцсэн, ажил мэргэжлийн жинхэнэ шаардлагын улмаас үүсэх практик зорилготой хэзээ ч авцалдахгүй бөгөөд ихэвчлэн хүний бага насны хүмүүжил, орчинтой холбоотой бүрэлдэж бий болдог хувийн зан төрх юм. Дахин хэлэхэд, ажил мэргэжлийн гэхээс илүү өөрийн сэтгэл санааны зугааг хангах хувь хүний чанартай байдаг тул сэтгэл зүйчид садизмын мөн чанарыг нураах, сүйтгэх гэж үзсээр ирсэн байна. Юутай ч энэхүү садизмын үзэгдлийг БСШУЯ-наас явуулж буй сурах бичгийн тендертэй холбон тодорхой жишээгээр тайлбарлая. Жил болгон энэ Яамны хэдэн албан тушаалтан компаниудыг дарамтлахад чиглэгдсэн “журам” гээч бичиг үйлдэн сайдаараа батлуулж аваад “ажил”-даа ханцуй шамлан орцгоодог. Ерөнхийдөө манайд мөрдөгдөж буй хууль, дүрэм журам нь төрийн ажилтанд ээлтэй, илт давуу тал олгодог, хариуцлага тооцох механизм суулгаагүй учраас иргэд, хувийн хэвшлийнхэн л хохирч чирэгдэн, садист үйлдлийн хохирогч болон үлддэг. Тендерт оролцогчдыг санаанд оромгүй зүйлээр шантаажилж, элдэв бичиг цаас нэхэх нь энүүхэнд.
Компаниуд хэдэн сарын турш ажлаа алдан байж “цаасан овооны” ард нь гарах боловч, ажилд ямар ч хамаагүй өчүүхэн шалтгаар бүх хөдөлмөр нь үрэн таран болох тоолонд шантарч, эсвэл анхнаасаа л албан тушаалтнуудын “уурыг хүргэхээс” айж дуулгавартай боол болон хувирцгаадаг. Бусдыг өмнөө бөхөлзүүлэх нь төрийн садистуудын нийтлэг төрх. Энэ жилээс тендертэй холбоотой хүнд суртал хэрээс хэтэрч бүр “дуулгавартай” компаниуд хүртэл нэгдэж “бослого дэгдээх” санал гаргах болов. Эдгээр хүнд суртлын зах зухаас баримт түшин доорх маягаар томъёолов. (Цонхолсон хэсгийг анхаарна уу.)
оооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
•    Цагийг нь тулган тендер зарладаг учраас зохиогчид сарын дотор нойр хоолгүй сууж бичих, хэвлэх үйлдвэрүүд долоо хоногийн дотор хэвлэх, эсвэл БНХАУ-д аваачиж хэвлээд хугацаанд нь оруулж ирэх гэж тамаа цайдаг. (ТАМЛАХ)
•    Үйлээ үзэж хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж гурван сарын турш БСШУЯ-ныхныг гуйж гувшина. (ҮНЭД ОРНО)
•    Хэвлэх үйлдвэрүүдийг хэвлэхээс гадна тээвэрлэх, түгээх ажлыг давхар хийж гүйцэтгэхийг шаардана. (ЭС БӨГӨӨС ТЕНДЕРТ ОРУУЛАХГҮЙ ГЭЖ АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ)
•     Монголын бүх сургуулийн захирал нэг бүрээс тамгатай бичиг авчрахгүй бол гэрээ дүгнэхгүй, сумын нэг сургууль дутуу л бол бол мөнгө өгөхгүй. Уг нь аймаг хотын Боловсролын газраар дамжуулан БСШУЯ мэдээгээ бүрэн авчих тогтсон системтэй мөртлөө заавал ингэж компаниудыг чирэгдүүлдэг нь хачин. Компаниуд хөдөө орон нутагт хүн хүч явуулах,утас унааны хөлсөнд шатахаас гадна захирал эзгүй байх тохиолдол гарна. Зарим нь “Бичиг өгөхгүй” гэж адарна. Үүнээс болж хөдөө орон нутгийн зарим борлуулагчид сурах бичиг түгээхээс илүү харин бичиг цуглуулахаас шантрах жишээтэй. (БООЖ ХЯСАХ)
•    Хоёр талын гэрээгээр ажил гүйцэтгэж байж, урьдчилгаа төлөхгүйгээр барахгүй, тендэр шалгаруулалт гэж баахан чирэгдүүлж чадавхийг тодорхойлчихсон атлаа компаниудыг барьцааны мөнгө гаргаж банкинд байршуулахыг шаарддаг. (ТАМИРДУУЛАХ)
•     Олон жил хамтарч ажилласан найдвартай компаниасаа ч ямар ч хэрэггүй бичиг баримтыг жилийн жилд шаардах. Лавтайяа манай компанийн 20-30-аад гэрчилгээний хуулбар БСШУЯ-нд хадгалагдаж байгаа. Тэр ч байтугай БСШУЯ өөрийн гаргасан тогтоол шийдвэрүүдээ нотариатаар баталгаажуулан авчрахыг Компаниудаас шаарддаг. (ЗАЛХААХ ЗОРИЛГООР)
•     Сүүлийн үед нэг тендерийг хэд хэдэн багц болгон зарлаж байгаа нь бичиг баримт үйлдвэрлэлийг мөн л хэд дахин их болгож байгаа төдийгүй, тендерийн материалыг худалдаж авах үнийг өсгөх зорилго агуулж байгаа нь тодорхой. (ЗАЛХААХЫН ЗЭРЭГЦЭЭ ЗАЛИЛАХ ЯВДАЛ БСШУЯ-НААС ГАРЧ ХУВИЙН КОМПАНИЙГ ТӨДИЙГҮЙ УЛСЫГ ХОХИРООЖ БАЙГААГ ХЭН Ч АНЗААРАХ СОНИРХОЛ БАЙДАГГҮЙ)
•     Компаниудын хооронд яс хаяж муудалцуулах, аль нэгийг нь илт дэмжиж , нөгөөхийг нь ялгаварлан гадуурхах, Яамнаас гаргаж байгаа мэдээлэлдээ ч компаниудыг тэгш бусаар дурддаг. Гэрээгээр хүлээсэн үүргийг мөн ялгавартай дүгнэж, зарим компаниас ялихгүй өө сэв хайдаг бол зарим нь удаа дараа үүргээ биелүүлээгүй байсан ч анзаараагүй дүр үзүүлж нигүүлсэнгүй ханддаг. (ХҮЧИЙГ НЬ ТАРАМДУУЛАХ)
•    БСШУЯ-наас гаргасан асуудалд өчүүхэн ч гэсэн удаашралтай хандвал аль өнгөтэй өөдтэйгөөсөө үг дуугүй хасна, харин Яаманд ямар ч асуудлыг хэдэн удаа ч тавьсан хувийн компаниас л байвал хариу өгөх байтугай мартаж орхино. (ҮЛ ТООМСОРЛОХ)
ооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
Мэдээж төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс ийм биш ч халагдаж солигдсон ч яг л адилхан байдгийн учир нь энэ хүнд суртал, эрх мэдлийн төлөөх шунал хэчнээн халдвартай хор уршигтай болохыг харуулж байгаа юм. Жилээс жилд арга барил нь улам нарийсан, улам хорлонтой болж байгаа садист үйл ажиллагаа бүхний ард хувь хүн л байгаа нь тодорхой билээ. Ажил сайжруулахын төлөө бус, харин хүмүүсийг залхаах, туйлдуулах, гуйлгах царайчлуулах замаар БСШУЯ-ны нэгэн албан хаагч бүхнийг эрхшээлдээ авч буй ийм садист үйлдэл нь сүүлдээ бүр хуулийг ил цагаан, улаан цайм зөрчихөд хүргэж , иргэд , компаниудын хэвлэн нийтлэх болон зохиогчийн эрхийг булааж монопольчлон эзэмшихийг хүсэж байгаа нь харагдах болов.
Төрөөс болон Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн сурах бичиг худалдан авч байгаагаа далимдуулан сурах бичгийн зохиогчийн эрхийг хамт шилжүүл, эс бөгөөс танай сурах бичгийг авахгүй, нөгөө хувилбарыг авна гэх мэтээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж байгааг яаж тайлбарлах вэ. Эрхийг хэвлэлийн газар дангаараа бус зохиогчтойгоо хамтран эзэмшдэг бол уг сурах хичнээн сайн байх нь хамаагүй шууд хасч байгаа нь шударга үйлдэл мөн гэж үү? Сэтгэл зүйчдийн тодорхойлж байгаагаар садист этгээд нь юуны өмнө хүнд суртлыг үйл ажиллагааныхаа эх суурь болгох тул маш их бичиг цаас үйлдвэрлэхийг бусдаас нэхэж буй нь өнгөц харвал туйлын хариуцлагатай нягт нямбай ч юм шиг. “Цэгц, замбараатай” ийм ажлаа ухуулан тайлбарлахдаа “хувийн ашиг сонирхолд идэгдсэн этгээдүүдийн эсрэг” явуулж буй зөв алхам мэтээр удирдлагадаа ойлгуулах аж.
Судалгаагаар ихэнхи садист этгээдүүдийн хувийн зан чанар нь бүхнийг хараа хяналтандаа байлгах сонирхлоос гадна , туйлын нягт нямбай, тэвчээртэй, хүмүүстэй сэтгэлийн гүнээс мэт маш эелдэг соёлтой харьцаж, бусдыг итгүүлэх увидас , төрх байдал, дуу хоолойных нь өнгө хүртэл нялуун дотно байх тул хүмүүс төөрөлдөх ч үйл ажиллагааг нь харьцуулан сайтар ажвал танихад тийм ч хэцүү биш гэж бичсэн байх юм. Тэд хэзээ ч түрэмгий харагддаггүй боловч зарим хүмүүст зөвхөн уруулын нимгэн, хагас инээмсэглэл бүхий харцаар басамжлан харах төдийд маш эвгүй мэдрэмж төрөх тохиолдол гарах явдал тохиолддог. Тухайн нийгэм цаг үеийн нөхцөл байдал ийм зан төрх цэцэглэх нөхцөл болдог тул өндөр хөгжилтэй орнууд түүний сүйтгэх хор уршгаас сэргийлэхийн тулд хүүхдийг багаас нь ганцаардуулахгүй,нийтэч зан төлвөөр хүмүүжүүлэх, байгаль амьтныг хайрлан хамгаалахад сургах зэргээр анхаарал хандуулдаг ажээ. Хувь хүний төрөлхийн хүмүүжил, орчин нөхцөлөөс үүдэлтэй ийм зан төрх өнгөн дээрээ хүмүүс, хүүхдийн төлөө буяныг үйлдэгч бурхны дүрийг эсгэвч цаагуураа нийгэмд маш гүн гүнзгий хор хохирол учруулсан үйл ажиллагаа болон хувирч, ядарсан зүдэрсэн хүмүүсээр дэмжүүлж, хүчтэй хүмүүсийг нухчин дарах шинж төрх дарангуйлагчдад түгээмэл байдаг нь ийм учиртай.
Хүүхдийг үнэгүй сурах бичгээр хангах хэн нэгний “сайхан” сэтгэлийн цаана зах зээлийн жам ёсны зөв тогтолцоо төлөвшиж гүйцэхийнхээ өмнө нуран унаж, хийж бүтээх, урагшлах хөгжих оролдлого бүрийг шат дараатай хяхан хавчиж байгаа ерөнхий дүр зураг ийм хорлонтой аргаар хийгдэж байна. Сурах бичгийн агуулга, дидактик арга зүйг сайжруулах бүтээлч оюуны ажил эхлүүлж явсан олон багш эрдэмтэн, төлөвшиж эхэлж байсан Хэвлэлийн газрууд, хөл дээрээ босч ирж байсан хөдөө орон нутгийн номын худалдааны цэг салбарууд ийнхүү садист үйл ажиллагааны золиос болон нурж унаад, Монголын боловсролын тогтолцоо ноцтой гажуудалд орчихоод байгааг яалтай ч билээ.
Эх сурвалж: Цаг төр, хүмүүс сэтгүүл
http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1448

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих