Нүхэнд унасан нь \ шог өгүүллэг \

54JHHGGFF Өглөө босоход хот нилдээ цан хүүрэг савсаж, сэвсгэр цагаан цасанд даруулжээ. Цагаан чандагны арьсаар хучсан юм шиг сэтгэгдэл анчин хүнд төрмөөр… Нямбай шиг айлын эхнэрт бол шинэхэн цагаан ноолууран бүтээлгээр ороо гоёх мэт… Гэрийн үйлчлэгч эмэгтэй нарт бол угаалгын өрөөнд хатааж өлгөсөн ор дэрний цагаан хэрэгслүүд мэт харагдах байх л даа. Цасанд нүд гялалзаад нүдээ анивчуулан сохор юм шиг дээгүүр харж явтал би гэдэг час өдрөө мэддэггүй дүнхүү амьтан сохор номин шиг хэн нэгний ухсан гүнзгий нүхэнд пидхийтэл уналаа. Зоо нуруу гурав дөрвөн хэсэг тасарчихав уу гэтэл өвдлөө. Хэдэн мөч хэвтсэнээ мэдэхгүй. Ямар ч байсан босохоос өөр зам байсангүй. Өвлийн хүйтэнд дахиад жаахан “янгуучилж” хэвтвэл хөлдүүс болох янзтай.

Ёолж ярвайж арайхийн бослоо. Гар хөлөө хөдөлгөвөл хэдэн өдрийн акт авч гэртээ видео кино шиг үзсэн шиг дулаахан хөнжилдөө жаргаж хэвтэх шаардлага хангаагүй бололтой. Чигчий хурууны хумс хугарсаныг эс тооцвол бүрэн бүтэн байх нь тэр. Юм гэдэг сонин шүү. Үлийнд бүдрээд өөд болсон хүн байхад өндөр тэнгэрээс онгоцтой унаад хамар нь ч шалбараагүй хачирхаж гайхаад шогшроод боссон хүн байдаг…

Амьд мэнд үлдсэнээс хойш амьдрах хэрэгтэй биз дээ. Нүхэнд унахаас өмнөх хэвийн амьдралдаа буцаж орохын тулд энэ  нүхнээс ямар ч үнээр хамаагүй гарах нь зүй. Толгойноос минь дээшээ дахиад таван алдын цаана нүхний ам байх шиг бололтой намайг унахад ил гарсан шороо чулуу харлан харагдана. Хэд хэдэн удаа дээш авирах гэж амжилтгүй оролдсоныхоо дараа хүчээ алдан доош унасан би өөр оролдлогод шилжлээ. Хашгирч хүн амьтанд дуу чимээ өгөхгүй бол миний гар утас унахад маань сугарч унаад чулуун дээр унан бяц үсэрчээ. Холбоо барих өчүүхэн ч найдваргүй болсон хүн хоолойндоо л найдахаас өөр аргагүй болов.

-Байна уу? Хүн байна уу? Туслаарай гэж хоолойгоо сөөтөл хашгирлаа… Хэргээ болохоор хэрэгт дуртай “хэрээ хошуутнуудаас” нэг нь ч алга. Хашгирсаар байтал  сүүлдээ хоолой гэж “хошног” боллоо. Дуугарах гэтэл дуу ч гарахаа байв. Энэ нүхэнд иймэрхүү байдалтай дахиад хоёр цаг болбол “хөлдүү”-гээрээ бурхны оронд залрах шинжтэй. Бурхан ч тэгээд хөлдөөд үхсэн хүнийг гэсгээж авах дуртай ч юм билүү… Амраар нь хүйтэн там руу илгээчих ч юм билүү… Ерөөсөө амьд гарах минь чухал гэж бодлоо.

Бодоод бодоод бодын шийр гэж хоосон бодоод яах билээ. Хэн нэг нь ирж туслахгүй бол миний бие үнэн худлын хооронд хорин дөрвөн цагийн зайтай арван хоёрдугаар сарын хорин хоёрныг  үзэхгүй цаг бусаар хорвоог орхин одох гучин хэмийн хүйтэнд чоно шиг “боорлуулж” байлаа… Зам товчилж явсан минь гай боллоо. Хөргөгч шиг автобус хүлээхийн оронд хоёр зээрдээрээ “дэгдээд” ажилдаа очъё гэдэг маань буруутав. Өнөөдөр арван цагт манай агентлаг дээр дээр ирэх шадар сайдад би албаныхаа сүүлийн гурван сарын ажлын тайланг тайлагнах учиртай байсан юм. Ажлаас “хусагдах” нь тодорхой… Амьд мэнд энэ нүхнээс хөлдөж үхэхгүй гарч байвал албан тушаал “ахих” ч хамаа юутай…

Гэрлэх бодолтой бүсгүйгийн минь төрсөн өдөр маргааш. Тэр минь хэт гомдомтгой бүсгүй. Утсаа авахгүй утасны дуудлага гурав дуугаргах юм бол гомдчихдог юм. Түүний нэр утасны нүүрэнд гарлаа л бол би ногоон товчоо дарах ёстой юм гэдэг. Зоогийн газар ширээ захиалчихсан. Насных нь тоогоор улаан сарнай авчихсан байдаг… Шинэ жилээр японд амьдардаг сумочин найзынхаа урилгаар очих төлөвлөгөөтэй. Тэр найз минь дээд зиндаанд одоохондоо гарч амжаагүй ч дунд зиндааныхны “сүнс”-ийг авдаг сайн бөх л дөө. Хамаг санаж бодсон ажил минь талаар нэг болох нь дээ.

Хоолойгоо түр амрааж байгаад дахиад хашгирав. Тэгтэл хоёр халтайсан жаал нүхний амсраар болгоомжтой өнгийлөө.

-Ах нь нүхэнд уначихаад гарч чадахгүй байна. Цагдаа дуудаж өгөөч гэж гуйлаа. Буржгар үстэй нь өлөн нүдээр доош тонгойн ажигласанаа,

-Та бидэнд буузны мөнгө өгөх үү? гэж намайг буузны гуанзны эзэн шиг шүлсээ залгин асуув.

-Өгөхөөр барах уу та хоёрыг шагнана. Та хоёр ойр хавьд чинь хүн байвал яаралтай дуудаад өгөөч. Хашгирсаар байгаад ахын чинь хоолой сөөчихлөө гэхэд тэд хоолой нийлүүлэн “Туслаарай туслаарай… Нүхэнд хүн уначихлаа” гэж зэрэг бахирч гарлаа…

Нөгөө хоёр уул нь гайгүй сайн хашгирсан боловч тэдний дуугаар хэн ч ирсэнгүй. Ноосон малгай дух руугаа дарж өмссөн жижиг нь нүх рүү халтар царайгаа гарган айсан маягтай шагайж,

-Ах аа, хүмүүс ирэхгүй байна шүү дээ. Халтар царайтай, ноорхой хувцастай болохоор бид хоёрыг нохойн гөлөгөө ч тоохгүй байна гэж гомдоллов.

-Та хоёр цасаар нүүрээ угаагаад, хувцсаа эргүүлээд дотрыг нь харуулаад өмсчих. Тэгээд энд үхсэн хүн байна гэж хашгир гэж би арга олон хэлэхэд хоёр жаал “Хүмүүс ээ… хүмүүс ээ. Энд нүхэнд “үхсэн” хүн байна гэж хашгиралдахад хэрэгт дуртай хэдэн хүн хаанаас ч юм бэ төдхөн хүрч ирлээ. Хүмүүсийн ирэх чимээнээр би үхсэн хүн шиг нуруугаараа нүхний хана налан суугаараа нүдээ анин хүлээлээ. Хүмүүс ирсэнээ хоорондоо чанга чангаар ярилцах сонсогдов.

-Яаж яваад энэ нүх рүү унаад үхчихдэг байнаа?

-Яахав дээ, согтуу салгалж яваад…

-Харахгүй юү. Хамаг хувцас нь шавар шавхай болсон амьтан байна шүү дээ. Гудамжны архичин л биз.

-Энэ хоёр халтар жаалын аав нь юм биш үү.

-Цагдаа дуудаад хэрэг байна уу? Аягүй бол маниусыг түлхээд унагаачихсан гэж гөрдөнө шүү

-Мөрөөрөө явсан нь дээр. Хурдан холдоцгооё.

Бурхны авралаар олон хүн шавааралдан зогссоныг хараад эргүүлийн машин таарч, хоёр цагдаа ирлээ. Тэд утсаараа түргэн дуудах нь сонсогдоно. Хөл гар минь үзүүрээрээ чим чим хорсож байсан ч би тэсвэрлэн хэвтсээр… Дохиогоо орилуулан сүртэй ирсэн түргэний эмч доош тонгойсоноо,

-Энэ хүйтэнд энэ хүн яаж тэсэх вэ. Хэдийн өнгөрсөн биз. Харин та нар учрыг нь олж, энэ үхдлийг дээш нь гаргах хэрэгтэй гэж цагдаа нарт “тушаав”. Хоёр цагдаа хоорондоо маргалдах нь тэдний хариуцдаг нутаг дэвсгэр биш болоод явчихав. Хаяад бүгдээрээ алга болчихоос нь эмээсэн би ухаан орсон хүн болж, муухан ёолсоноо, толгойгоо барин өндийн бослоо.

-Босоод ирлээ.

-Энэ согтуу туучий чинь үхээгүй юм байна.

-Согтуу хүн чинь ийм тохиолдолд амьд гардаг гэдэг шүү.

-Энэ чинь хүн мөн үү? Сайн хар даа. Сүг сүүдэр бишүү? Царай нь аймаар цагаан… Нүд нь гялалзаад…

-Хүн битгий айлгаад бай л даа…

Хүмүүс намайг “хүн”, бас “амьд хүн” гэдэгт итгэсэнийхээ дараа энэ ухсан нүхийг хариуцах эзэн хайж маргалдаж гарав.

-Ёроолд нь нил нойтон шавар байна шүү дээ. Дулааны шугам сүлжээнийхэн хариуцах ёстой.

-Өмхий үнэртээд байна. Бохирын шугам мөн дөө. Орон сууцныханд хэл.

-Шилэн кабелийнхан ч юмуу хэн мэддэг юм бэ? Аврах анги дуудаж болохгүй юү?

Эмч дээрээс гар хөл чинь зүгээр үү, толгой тархи чинь өвдөж байна уу? гэж асуугаад үгүй гэвэл би одоо яаралтай дуудлагатай гээд явж өглөө. Хоёр цагдаа нутаг дэвсгэрийн асуудлаа шийдэж чадалгүй дарга нартайгаа богино долгионы холбоогоор ярьж байсанаа цаанаас нь үүрэг өгсөн бололтой нүхний амсар дээр шавсан хүмүүсийг холд гэж хөөгөөд улаан тууз гарган нүхний дээгүүр хаалт татаад “Аюултай” гэсэн тэмдэг тавив. Хөл гар тасрах шахсан би жонгиносон дуугаар ажлынхаа газрын дарга руу утастдаж өгөхийг гуйлаа. Нэг цагдаа нь даргатай ярьж дуусаад надад хандан “Чи нээрээ бүтэлгүй хүн юм аа. Чамайг ажлаас чинь халсан байна” гээд “баяр хүргэн” инээд алдлаа.

Миний оронд орох хүмүүс дипломоо бариад боловсон хүчний туслах дээр дугаарлаж байгаа тул ажил бол ойлгомжтой… Гэтэл хаанаас гараад ирсэн юм бол “Нууц дуран” нэвтрүүлгийнхэн ирчихсэн надаас ярилцлага авав.

-Та яаж яваад энэ нүхэнд уначихав аа?

-Цасанд нүд гялбаад…

-Та харааны шил зүүдэг үү?

-Зүүдэг.

-Хасах уу нэмэх үү?

-Аль аль нь…

-Та шилгүй явсан юмуу?

-Шилээ гэртээ мартчихсан юм аа

-Таны сэтгэл санаа ямар байна?

-Ямар байхав дээ. Муу байна. Энэ нүхнээс гаргаж өгвөл “сайн” болох байх.

-Танд одоо ямар тусламж хэрэгтэй байна?

-Асуух юу байх вэ. Дээшээ гаргаад өгөөч. Утсан чинээ улаан амийг минь авраач.

-Аврах анги дуудсан гэсэн. Та тэр хооронд өөрийн сэтгэгдлээ үзэгчид хүргэхгүй юү.

Урт утастай микрофоноо доошлуулахад нь би,

-Хөвсгөл аймгийн Тариалан суманд суугаа ээж Должин, ах Баатар нарт шинэ жилийн мэнд хүргэж, урт удаан наслахыг хүсэн ерөөе… гэж шивнэх төдий хэллээ.

-Таны мэндчилгээг ёсоор хүргэе. Таныг нүхнээсээ амжилттай гарахыг манай студын хамт олны зүгээс танд ч бас хүсэн ерөөе…

Аврах ангийнх нь ирсэн бололтой том машины дуу гарсанаа эрээн хувцастай баахан хүмүүс барим хирийн бүдүүн олс доошоо унжуулаад “биенээсээ бэхлээд сайн бариарай” гэж заалаа. Би хэлсэнээр нь биенээсээ уяад дээшээ явж байтал нөгөө олс нь тасраад нуруугаараа тас хийтэл дахин газар унав. Дуугарах гэсэн дуу гардаггүй. Хөдлөх гэсэн хөдөлж чаддаггүй. Хичнээн хэвтсэнийг бүү мэд. Нэг хартал дээр бөөн хүмүүс тэр дээр хэрэлдээд ч байх шиг, хэлэлцээд ч байх шиг…

-Өөр олс байхгүй юмуу?

-Байгаа ганц нь энэ.

-Энэ чинь бүр илжирсэн олс байна шүү дээ.

-Онцгой байдлын газраас олс олж ир.

-Шадар сайд аа, тэндэхийн агуулахын олснууд нь бороонд нороод бүгд адилхан илжирчихсэн байна.

-Хариуцлагагүй нөхдүүд шүү. Намайг огцорвол та нар ч бас огцорно гэж мэдээрэй. Улсын хэмжээнд энэ нүхний доошоо тавих ганц шат ч байхгүй гэжүү дээ.

-Модон шатнууд нь өмхөрсөн. Төмөр шатнуудыг нь зэвтэй байна гээд өмнөх дарга нь төмрийн хаягдалд тушаасан…

Энэ мөчид би миний өнөөдөр шадар сайдад танилцуулах тайлан дээр гадаад орны тусламжаар орж ирэх авран хамгаалах хэрэгслийн захиалга байсаныг саналаа. Одоо бол тэр өнгөрсөн. Би ажлаасаа “хусагдсан” хүн. Харин эсэн мэнд энэ нүхнэээс гарвал дараагийн хүндээ уг тайлангаа хүлээлгэж өгье гэж бодов. Хөл шагайгаараа гол тасартал өвдөөд байцаа болтол хавджээ. Нуухы нь авах гээд нүдий нь сохлов гэдэг болж дээ… Аврах биш алах байна шүү дээ муусайн шаарнууд…

Юмны эзэн сумны занги гэсэндээ шадар сайд л ухаанаа “ухаж”, Эрээн хот руу нисдэг тэрэг явуулж, олс худалдаж ир гэж үүрэг даалгавар өгөх аж. Гэтэл мөнгө байхгүй гэнэ. Шинэ оны төсөв батлагдаагүй болохоор данс нь улааанаараа… Засгийн газрын бонд зарагдсан цагт мөнгөтөй болно ч гэх шиг. Юу вэ эднийг олс авчирч ирэхийг хүлээвэл мөдхөн зоорины гулууз мах болох янзтай…

Аврах ангийнхан яахаа мэдэхгүй маргалдаж байтал нэг хүн дээрээс “Миний дүү наад бүснийхээ үзүүрээс сайн бариарай” гэх дотно дуу гарав. Цочин хартал зурагтаар шууд нэвтрүүлэг үзсэн төрсөн ах минь нутагт нь “ан хийж” явсан нэг сайдын нисдэг тэргэнд суугаад хүрээд иржээ. Хүний төрсөн гэж цаанаа өөр юм аа. Дээлийнхээ дурдан бүсийг тайлаад намайг татаж гаргалаа. Ахын бүснээс хоёр хүүхэд хамжин татахыг харвал нөгөө хоёр “халтар царайт” нусаа татчихсан зогсож байв. Бууз авч өгч өрөө төлөхөөс өөр аргагүй боллоо доо, бурхан минь…

2012-12-12

Л.Эрдэнэмөнх (Женев)


URL:

Сэтгэгдэл бичих