Хүүхэд ч гэсэн хүн юм шүү, гишүүд ээ

УИХ-ын эмэгтэй гишүүд “Март-8”-нд хамаг анхаарлаа хандуулаад ухаан сөхөөгүй явна. Д.Оюунхорол, Д.Арвин нарыг эс тооцвол УИХ-ын гишүүн болсноос хойшх анхны баяр нь. Иймээс ихээхэн ач холбогдол өгч, тойргийнхоо бүсгүйчүүдэд баглаа цэцэг барьж, халуун дотноор уулзалдах юм байх. Гэвч тэдэнд эргээд очих нүүр, эгцэлж  харах эрх бий бил үү гэх асуулт хариулт нэхэх боллоо.

Эх хүн, айл гэрийн эзэгтэй хүний зовлонг нэмэглэж, хүүхэд, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж, нэгэн сэтгэлээр ажиллана гэж байсан амлалт нь хаа байна. Тэд парламентад албан бус бүлэг байгуулж, ахлагчаар нь “Монос”-ын гэх тодотголтой Л.Эрдэнэчимэгийг сонгосон. Үүгээрээ албан ёсоор ажиллагаагаа эхлүүлээ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэд тангараг өргөснөөс хой527-1356077630kiwi-middle-300x231ш бараг есөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэд юу амжуулав.

Эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал харьяалдаг төрийн бус байгууллагуудтай Төрийн ордонд уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж амаржих газруудын хүрэлцээ, эх баригч, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх талаар ярилцсан. Тамхины эсрэг хуулийг санаачилсан гээд тоочвол чамлахааргүй ажлыг амжуулжээ. 

Гэхдээ хэлж байсан шигээ эх хүн, гэрийн эзэгтэйн ёсоор асуудалд хандаж чадсангүй. Эмч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж дөнгөж төрсөн нярай түлэгдсэн бол эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс бас нэг нярай эхийнхээ хөхөнд даруулж амьсгал хураалаа. Айлын бяцхан хүүхэд автобусны дугуйд золбин нохойн гөлөг шиг бяцартлаа дайрууллаа гээд тоочоод байвал парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог хэд дахин үржүүлсэнтэй тэнцэх биз.

Байнгын ажиллагаатай парламент 11 бүсгүйтэй болсны дараахан дээрх хэргүүд ар, араасаа хөвөрсөн. Хувьсгалын тохироо бүрдэв гэгчээр Эрүүл мэндийн сайд нь хүртэл бүсгүй хүн байхад нярай ар араасаа амь алдсаар… Арван нас ч хүрээгүй жаал аав нь суран тэлээнд амиа алдах дөхлөө. Энэ  мэт хэргүүд бүсгүй хүн, тэр дундаа   ээжүүдийн  нүдэнд нулимс хуруулж байхад УИХ дахь эмэгтэй гишүүд юу хийв. Хүүхдийн эрхийн төлөө нэг үг дуугарсан гэж үү. Тэд ч гэсэн эх хүн. Үүнийгээ ч сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, хамгийн том PR-аа болгосон биш үү. Тийм байтал эрүүл мэндийн сайдтай үдийн цай ууж, амаржих газрын тухай “буу халж” суух гэж. Ядаж ингэж суухдаа эх хүн хүүхэддээ гартаа таарсан эмээ өгч болохгүй гэдгийг нь сурталчил л даа. Өөртөө хэрэглэх гэж авсан лаагаа гуравхан сартай нярайн шулуун гэдэс рүү хийж болохгүй гэдгийг тэр эхийн тархинд шингээгээд өгөөч. Хорих ангиар эргэлдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдсөн хуурамч инээмсэглэл тодруулж байхаар Хүүхдийн эрхийг “тунхаглаж”, хүний дайтай авч хэлэлцээч. Хүүхэд ч гэсэн хүн гэдгийг сонгуулийн сурталчилгаа хийж байсан шигээ сурталчилаад өг, гишүүд ээ. Болохгүй бол хариуцлага алдсан аав, ээжид арга хэмжээ авч, ухаан суулгаач. Хоолондоо хүртэл хордож, сургуулийнхаа ойролцоо гэмт хэргийн золиос болох болсон ардын олон хүүхдүүдийг аварч өгөөч, гишүүд минь.

Нар туссан газар өвс ногоо ургадаг юм гэж тодотгодог та нар хорих ангиар эргэлдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тойглосоор үлдсэн гурван жилээ өнгөрөөж ч мэдэх нь, өнөөгийн нөхцөлийг чинь ажиглахад. Эрчүүдтэй парламентад давамгайлж олон жил болсон ч нийгмийн асуудал орхигдсон. Ажилгүйдэл, ядуурлыг халамжийн мөнгөөр хаачихна гэж ташаа бодож ирсэн гэж хэлдэггүйсэн бил үү. Тэгвэл та нар улиг болсон амаржих газрын асуудлыг дагалдах сэдвээ болгож, Хүүхдийн эрхийг хүндэтгэж, аюулгүй амар тайван амьдрахад нь эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өг.

 Л.НИНЖСЭМЖИД

Нийгмийн толь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.