Дөтгөөр ерөнхийлөл буюу харь шошготой Монгол

elbegee-300x199Тэр бол хамгийн их ярьдаг нь. П.Очирбат ярихаасаа илүү маасайх нь, Н.Багабанди ярихаасаа илүү мушийх нь, Н.Энхбаяр ярихаасаа илүү малийх нь их байсаан. Энэ бол ёж санаа. Харин мань Ц.Элбэгдоржийн тухайд ёжлоод байх ч хэрэггүйгээр хэлэхэд хийхээсээ илүү ярьдаг. Яриа нь үнэн худал байх нь чухал биш. Ярьж байх нь л түүний хувьд чухал ач холбогдолтой. “Нүүх үү, үлдэх үү” гэж ярьж явснаас биш, нүүдлийн ачаа баглаад зогсож байсан нь үгүй. Түүний хамгийн томоохон факт бол гадаадын санхүүжилтээр Монголд улс төр хийдэг гэх харийн нэр шошго нь юм. Өөрөөр хэлбэл, түүнийг Монголын эрх ашгийг төлөөлдөг гэж үзэхээсээ илүүтэй гадаадын ашиг сонирхлыг тууштай дэмжигч, хамгаалагч, хаацайлагч гэж нэрлэх нь бий. Энэ бол өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаал, эрх мэдлийг хэрэгжүүлэгч хүнд байж боломгүй, зүүж тохирохгүй нэр шошго билээ. Монголчууд хятад шошготой барааг хараад андахгүй. Ямар ч тохиолдолд эргэлзээгүйгээр түүнийг “хулхи бараа” хэмээн тодорхойлчихож дөнгөнө. Харин Хятадаас өөр шошготой барааг танихдаа маруухан гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүгээр ч зогсохгүй, зарим тохиолдолд Америк, Орос, Япон, Солонгос гэсэн шошготой бараанд “Made in Mongolia” шошготой бараанаасаа ч илүү талтай хандах гээд байдаг талтай.

Ц.Элбэгдоржийн тухайд гадны захиалгатай улстөрч гэдэг бор шувуу эртнээс л Монголын тэнгэрт жиргэсээр буй. Америкаас санхүүжилт авч жагсаал зохион байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа өмнө Солонгост очиж хандив гуйсан уулзалт зохион байгуулсан баримт дэлгэгдсэн гээд л тоочвол цөөнгүй ийм тохиолдол бичигдэнэ.

Нөгөөтэйгээр мань хүнийг “Рио Тинто”-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер гэж шууд нэрших нь ч бий. “Рио Тинто” гэж манай өнөө алтны үүц болох “Оюутолгой” ком­панийн гол хувьцааг эзэмшигч компани шүү дээ. Оюутолгойн хө­рөнгө оруулалтын гэ­рээг одоо­гийнхоор нь явуу­лах хэрэгтэй гэж хамгийн ихээр хам­гаа­лагч нь Ц.Элбэгдорж. Өдгөө тус компанитай бай­гуул­сан Оюутол­гойн гэрээ нь Монголын ард түмэнд огт ашиггүй гэдэг нь илэрч эхлэхэд дуугаа хураачихлаа. Гэх­дээ үүнээс өмнө тэр­бээр хэдийнэ тараа таниул­чихсан бөлгөө.

Тэрбээр “Монгол дэл­хийн нүд чих байнга харж, сонсож байдаг орны нэг болчихжээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын асуудал дээр Монголыг харж байгаа дэлхийн чих нээлттэй байна. Оюу толгой Монголын бүтээн байгуулалт, Эрдэнэтийг зууны бүтээн байгуулалт гэж ярьдаг. Оюу толгой бол 21 дүгээр зууны Монголын нэг том бүтээн байгуулалт гэдэгт би эргэлзэхгүй байна. Яг тэр үеийн Эрдэнэтийн бүтээн байгуулалтын гэрээнд учир дутагдалтай зүйл маш их байсан. 2003 он хүртэл татвар төлдөггүй, хувь нь тодорхой биш гээд. Гэхдээ зогсоолгүй бүтээж чадсан. Оюу толгой дээр ингэх ёстой гэж бодож байна. Оюу толгойг Эрдэнэттэй харьцуулбал ашиглалтад орохоороо түүнээс гурав дахин том, өнөөдрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөгөөрөө хоёр дахин их байна. Өнөөдөр ямар нэг шалтгаанаар Эр­дэнэт үйлдвэр зогсвол юу болох вэ. Тэг­вэл Эрдэнэтээс илүү том асуудал /Оюутолгойг хэлсэн нь илэрхий/ үүсвэл яах вэ” гэж их л сүртэй мэдэгдэж байсан билээ. Ганц тал тохой татаж, өмгөөлөл хаацайлал үзүүлэх ёстой хүн маань өрөөлийн өмнөөс өөрийн талынхнаа сүрдүүлж байгаатай утга авцалдаа ойролцоо сонсогдож байгаа биз. Манай тал, дайсны тал хэмээн хуваагдаж, нэр хоч зүүж арсалдаж, барьцалддаг цаг өнгөрсөн ч гэлээ манай талын эрх ашиг гээч юм хэзээд л баймаар даа, уг нь. Манай буюу Монголын талын эрх ашгийн төлөө л мань Элбэгээ зогсох учиртайсан.

Аман дээрээ шударга ёс, үндэсний эрх ашиг гэж ярих дуртай Ерөнхийлөгчийн маань байр суурь нөгөө талд зогсож байгаа нь харамсал төрүүлдэг. Тэрбээр ам нээх бүрдээ одоогийн Оюутолгойн гэрээ ашиггүй, алдаатай болсон байлаа ч огтхон ч хөндөж, оролдож, цуцалж, өөрчилж болохгүй гэх нохой үгийг унагасаар ирсэн. Европын Холбооны элчин сайдуудыг хүлээн авч уулзах үеэрээ тэрээр “Оюу Толгойн гэрээний талаархи миний байр суурь тодорхой. Яахав, энэ гэрээ бидэнд сургамж болж үлдэх байх” хэмээн өгүүлсэн нь баримт болон үлджээ. Юу гэсэн үг вэ. Сургамж авахуйц алдаатай болсныг мэдсээр байж, “яахав, тэр хэвээр үлдэг” гэж хээв нэг мэдэгдэж байх яасан том хэнэггүйтэл вэ.

Эдгээр үйлдэл нь магадгүй хэнэггүйгээс болоогүй, хэргээс тийн мугуйдлан өмгөөлж байж болох л талтай. Дашрамд дурьдахад Монгол улсын Тэргүүн хатагтайн тэргүүлдэг санд “Рио Тинто” компани их хэмжээний мөнгө хандивлаж байсан гэдэг. Дорнодын Халх голын сав нутагт солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахыг зөвшөөрсөн шийдвэртэй бас түүнийг холбодог.

Нөгөөтэйгүүр, үндэсний эв нэгдлийг илэрхийлэх учиртай Ерөн­хийлөгч маань өнөөдөр жинхэнэ ялган ангилагч болж хувирсан нь нууц биш. Авилгатай тэмцэх, шүүхийг шинэчлэх нэрийдлийн дор тэрбээр сөрөг хүчин, өрсөлдөгчдөө намнах асар том машин түлхүүрээ түлхсэн юм. Энэ машин Монголыг талцуулж, монголчуудыг хагалан бутаргаж байгаа нь нууц биш. Авилгын хэрэгт идсэн, уусан, завшсан, баяжсан олон эрх мэдэлтнийг шалгасан нь сайшаалтай боловч тэдний дунд мөнөөх АН-ын нэг эрхэм байхгүй байгаа нь нэгийг хэлнэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа юун түрүүнд АТГ-ын даргын асуудалд ихээхэн ач холбогдол өгч, өөрийн хүнийг тавихаар илэрхий чармайж эхэлсний цаад учрыг тухайн үедээ олон нийт төдий л ухаж ойлгоогүй. Авилгатай тэмцэх амлалтаа хэрэгжүүлэхийн оронд АТГ-ын даргатай тэмцээд байна уу даа ч гэж харагдаж байсан юм. Гэтэл өдгөөгийн өндөрлөгөөс эргэж харахад бүх зүйлийн учир Н.Энхбаярыг зохиомол хэргээр унагахад тухайн үеийн дарга Ч.Сангарагчаа тохирох хүн биш байжээ. Тийм үйл хэрэгт зөвхөн өөрийн талын хүн л хэрэгтэй. Яг л Ерөнхий прокурор Д.Дорлигжав шиг өөрийн хүмүүсийг тэрбээр шаардлагатай албан тушаалуудад томилсноор Н.Энхбаярыг барьж хорих хүртэлх томоохон зохиолыг тэрбээр найруулан тавьж чадсан гэх нь бий.

Түүний замаасаа зайлуулж, золигт гаргасан анхны том акул нь Н.Энхбаяр, дараагийн сүрэг загас нь МАН-ын С.Баяр, Д.Сугар мэтийн хуучин дарга даамлууд болох янзтай. Ц.Элбэгдорж нэгэнтээ “Монголд олигархиудын хувьд нэг л нам, нэг л эрх ашиг байна. Дээрх гэмт бүлэглэл хуулийн засаглалыг хөсөр хаяж, ард түмний эрхийг булааж, өөрсдийн дур хүслийн засаг тогтоохыг чармайж байна” гэж хэлсэн. Чухам М.Энхболд тэргүүтэй хотын фракц, У.Хүрэлсүх тэргүүтэй ардчилсан социалист залуучууд, Н.Алтанхуяг тэргүүтэй алтангадасынхныг хэлсэн үү, хэнийг хэлснээ одоо ч дэлгэсэнгүй.

Ийн үг унагах үед нь дээрх нөх­дүүд л засаглаж, дунд нь мань хүний өөрийнх нь “эсер” бүлэг ч дав­хил­даж явсан гэвэл хилс үг бус аа. Х.Баттулга тэргүүтэй Ц.Элбэгдоржийн “эсер” бүлэг бол үнэндээ нэг намын гэхээсээ илүүтэй тодорхой эрх ашгийн төлөө эвсэж, нэгдэж чаддаг эсэн бусын нөхдийн нэгдлийг хэлж буй юм. Ц.Элбэгдорж нэгэн цагт М.Энхболдыг унагахын тулд хүзүүгээ нугартал зүтгэлж байсан бол өдгөө М.Энхболдтон тэргүүтэнтэйгээ хүзүү толгойгоо холбон сүлбэлдсэн байгаа нь үүний томоохон жишээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга Ц.Элбэгдоржийн гол санхүүжүүлэгч гэгддэг нь бас л учиртай үг. “Шударга байцгаая л даа” хэмээн сонгуулийн гол лоозонгоо болгон гарч ирсэн эрхэм Ерөнхийлөгч маань өдгөө өөрийн нэрлэж асан олигархиудаа нэр цохон илчлэх цаг болоогүй юм байх даа…

Эсвэл шударга байх тухай үг ердөө л хөөрүү илтгэгчийн хоосон үг байв уу, яав. Өөртөө дандаа л уран гоё, чамин тансаг шошго наахыг чухалд үзэвч төрийн тэргүүн гэх ганц шошго нь ядаж Монголоороо байгаасай гэж түмэн зон тань боддог билээ. Мориндоо ядаж модон хайрцаг ивэлгүйгээр мордчихдог байхыг л монгол шошго хэмээмүй.

Д.ДОРНО

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих