Харилцааг “уландаа” гишгэсэн ХАДГАЛАМЖ БАНК

“Харилцааг эрхэмлэнэ” гэсэн хачин сайхан уриатай Хадгаламж гэж нэгэн банк байдаг аж. Харамсалтай нь бодит байдал дээрээ бол “Харилцааг уландаа гишгэсэн” газар байдгийг биеэр мэдэрч нүдээр харж нэлээдгүй хугацааг өнгөрөөв.  Ийм сайхан уриатай олон харилцагчтай газар үйл ажиллагааны дампуу байдалдаа анхаарал тавьж удахгүй засчих байх гэсэн итгэл тээн өчнөөн сарыг ардаа орхив. Улам дордоод улс амьтны уур бухимдалыг барж, хараал идсэн газар болсоор…
Урд нь бол миний бие Хадгаламж банкны талаар “Ч гэгч нягтлан этгээд нь банкныхаа мөнгийг туугаад казино тоглоод алдсан, оросын мафийн мөнгө угаадаг газар байж болзошгүй гэнэ” гэх мэт гадуур байдаг үнэн худал нь мэдэгдэхгүй нийтлэг шуумаас өөр мэдээлэлгүй байсныг нуух юун…
Ингээд тэсгэлгүй хэрэглэгч харилцагч иргэн хүний хувиар хэдэн мөр хэлхэж санал бодлоо илэрхийлэв. Нэг талаар олон зуун харилцагчдын үгийг эрхэм Хадгаламж банкны дарга удирдлагуудад хүргэж байна.
Уг нь манай байгууллага Монгол шуудан банкны харилцагч байлаа. Гэтэл нэг өдөр Хадгаламж гэгч банктай нэгдэж би хүчээр энэ банкны үүд сахиж дараалалд зогсогч болж хувирав. Бас шинэ байранд орсон чинь өнөөх Хадгаламж банкиндаа  сар бүр байр гэрлийн мөнгө төлөх ажилтай болов. Ингээд л би гэдэг хүн “шинэ найз”-ынхаараа сардаа нэлээд олон орж гардаг харилцдаг ажилтай болсоноос хойш “үгээ барж үстэй толгойгоо зулгааж” явна.
Сүүлийн үед Хадгаламж банк орно гэхээр л хүйтэн хөлс гарч сэтгэл хямрана. Урт дараалал бухимдсан хүмүүс… хэдэн цаг зогсож хамаг цаг зав ажлаа барна гэхээс …

ХАДГАЛАМЖ БАНКНЫ ҮҮДЭЭР
ШАГАЙН ЗУРАГЛАХАД ИЙМ БАЙНА

1-Р АСУУДАЛ БУЮУ ХАРИЛЦАА
-Нэг л их хөмсөг зангидсан уурлаж бухимдсан ажлын ачаалалдаа түүртэж ядарсан хөөрхий ажилчид, /үнэн өрөвдмөөр, бас гомдмоор/ Загнаж зандарсан цэвэрлэгч
-Хэн хүнгүй бүгд уурлаж бухимдсан хүмүүс /шуурхай ажиллахыг шаардаж үглэнэ/
2-Р АСУУДАЛ БУЮУ УРТ ДАРААЛАЛ
-Нүсэр урт дараалал яарсан ядарсан үйлчлүүлэгчид өрөөгөөр пиг, үүдээр гараад гадуур пиг
/90-ээд онд картын бараанд очерлож байсан үе шиг хөлс урсаж үнэртэнэ/
-Хүүхэд хөгшид голдуу хүмүүс урт дараалалд хэдэн цаг зогсож байж нэг юм байрны мөнгөө тушаана, эс бол 21 мянган төгрөгөө асууж “орж иргээгүй байна” гэсэн хариу сонсож уурлаж гомдолсоор ”шуурхай үйлчилэх боломж байдаггүй юм уу” гэсээр гарна
3-Р АСУУДАЛ БУЮУ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
-Үйлчилгээний цонхнуудынх нь хэд нь заавал ажиллахгүй. Хэдхэн цонхон дээр урт дараалал үүсгэж зориуд хүндрэлтэй үйлчилнэ. Бодвол боловсон хүчний хувьд асуудалтай байдаг бололтой эс бол дарга нар нь ингэж цалингаа зардалаа хэмнэх ухаант аргатай байх.
-Хэдэн цаг очерлож байж нэг юм ирэхэд нь “ энэ цонхон дээр үйлчлэхгүй, халамжийн, тэтгэврийн… мөнгө орж ирээгүй байна, бичиг баримт, гарын үсэг дутуу байна” гэхчилэн буцааж хөөрхий үйлчлүүлэгчдийн тамыг цайлгана. Уг нь бол мэдээлэл өгдөг нэг ажилтан үүд хавьцаанаа суулгачихмаар санагдана…
Ингээд бодит байдлыг харуулсан цөөн зураг бяцхан бичлэгийг хавсаргав.

Иргэн. Б.Болд
/Үргэлжлэл бий/


URL:

Сэтгэгдэл бичих