Баянзүрх дүүрэгт эмнэлгийн шинэ байр үгүйлэгдэж байна

1_1363658335Саяхан интернэтэд  “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийн ачаалал хэрээс хэтэрч нэг орон дээр хоёр гурван хүүхэд хэвтүүлж байна” гэсэн мэдээллийг зурагтай нь нийтэлж бөөн хэл ам болсон. Бид тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны талаар сурвалжилсан юм. Баянзүрх дүүрэг бол хамгийн олон хүн ам оршин суудаг дүүргүүдийн нэг. 280 гаруй мянган хүн амьдардаг тус дүүрэгт 1983 оноос хойш нэг ч эмнэлэг шинээр ашиглалтад ороогүй байна. Дээр нь албан ёсоор 280 гаруй мянган хүн оршин суудаг гэх боловч аль хэдийнэ 300 мянга хол давсан байна. Ийм олон хүнд ганцхан эмнэлэг үйлчилж байгаа болохоор ачаалалтай байхаас аргагүй.

Гуравдугаар амаржих газрын хойно байрлах гурван давхар саарал тоосгон байшинг анх хүүхдийн эмнэлгийн зориулалтаар барьж байсан юм байна. Харин одоо бол хүүхэд томчуул нэг дор эмчлүүлж байгаа. Тус эмнэлгийн байранд анх ашиглалтад орсноос нь хойш дорвитой засвар хийгээгүй бололтой. Хуучирч навсайгаад цаанаа л өнгөгүй харагдана. Эмнэлгийн төв хаалгаар орж хүлээн авагчтай уулзаад хүүхдийн тасгийг нь заалгалаа. Шатаар дээш өгсөж гуравдугаар давхарт гарав. Хүүхдийн тасгийн үүдэнд арав гаруй хүн зогсож харагдана. Тэнд  гурван эмэгтэй хүүхдээ тэврэн эмчид үзүүлэхээр дараалалд зогсож  байв. Тэдний нэг болох н.Эрдэнэтуяа гэх бүсгүйгээс “Хүүхдээ үзүүлэх гэж байна уу. Ачаалал их байх шиг байна. Хэвтүүлэхгүй гэвэл яах вэ” гэж асуувал “Ачаалал ихтэй байна. Зарим нэг нь хэвтэж чадалгүй л буцаж байна. Хүүхэд хэд хоног халуураад эмнэлэгт хэвтүүлэх л шаардлагатай юм шиг байна. Эмчид үзүүлээгүй болохоор юу гэж хэлэхийг нь мэдэхгүй л байна” гэв.

Хүүхдийн тасгийн үүдээр орж эрхлэгч Ө.Туул гэх хүнтэй уулзлаа.  Тэрбээр “Нэг орон дээр хоёр гурван хүүхэд хэвтэж байгаа юм байхгүй бүх зүйл хэвийн байна. Одоогийн байдлаар манайд 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Ханиад томуу ихтэй үед 140-150 хүүхэд хэвтэх тохиолдол байдаг. Хэдхэн хоногийн өмнө 140 хүүхэд хэвтэж байсан. 2011 онд ханиад томууны дэгдэлт ихэсч 200 гаруй хүүхэд ирсэн учир  аргагүйн эрхэнд нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлж байсан юм. Түүнээс хойш нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлж байсан юм байхгүй” гэв. Ямар ч байсан одоогийн байдлаар тус тасгийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан зүйл байхгүй гэнэ. Үнэхээр ч хүүхдийн тасгийн ачаалал гайгүй байна.  Коридорт нь ч нэмж зассан ор харагдсангүй.

Гэхдээ 100 мянган хүүхэдтэй дүүрэгт 125-хан ортой тасаг үйл ажиллагаа явуулж байгаа нь яаж ч бодсон хэвийн зүйл биш. Нийслэлд эмнэлгийн шинэ байр барих шаардлага жил тутам нэмэгдэж байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд эмнэлгийн нэг ч шинэ байр баригдаагүйг юу гэж ойлгох вэ. Халамжийн бодлогыг хавтгайруулж иргэдэд бэлэн мөнгө тарааж байхын оронд нэг ч гэсэн эмнэлгийн байр барьж байсан бол өнөөдөр байдал арай л өөр байх байсан.

Өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд тус эмнэлэгт ажиллаж үйл ажиллагаатай нь танилцсан байна. Түүнчлэн Eрөн­хийлөгч Ц.Элбэгдорж  өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр зочилжээ. Салбарын яам, Монгол Улсын Eрөнхийлөгч анхаарал хандуулж байгаа болохоор удахгүй Баянзүрхчүүд эмнэлгийн шинэ байртай болно гэж нэгдсэн эмнэл­гийн ажилчид найдаж байгаагаа хэллээ.

Энэ үеэр Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмч Б.Сувдаагаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Хүүхдийн өвчлөл хэр байна вэ?

-Сүүлийн үед ханиад томууны дэг­дэлт их байсан. Гэхдээ ойрд гайгүй байна.

-Танай эмнэлэгт эмч, сувилагчдын хүрэлцээ хэр байна вэ?

-Бид орон тоогоороо ажиллаж байгаа. Олон хүүхэд эмчлүүлэх тохиолдолд дотоод зохицуулалт хийдэг.

-Ханиад томуу дэгдэж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо ихэссэн тохиолдолд аль нэг эмнэлэг рүү шилжүүлэх боломж бий юү?

-Манай дүүрэгт ганцхан эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг учраас өөр эмнэлэг рүү шилжүүлэх боломж байдаггүй. Ор нэмж дэлгэх, томчуудын тасаг руу шилжүүлэх зэргээр дотоод нөөц бололцоогоо л ашиглаж байна даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөл эрс ихэссэн тохиолдол гараагүй. Харин 2011 онд нэлээд ихэссэн.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд эмнэлгийн хүрэлцээ маш муу байна. Эмнэлгийн шинэ байр барих талаар хийж байгаа зүйл бий юу?

-Монгол Улсын Eрөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гарагт манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мөн ирсэн. Ингээд нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан учраас Баянзүрх дүүрэгт эмнэлгийн шинэ байр барих талаар нааштай үр дүн гарах байх гэж бодож байна.

-Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийг хэзээ шинэчилсэн бэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд байнга шинэчилж байдаг.

-Ачаалал ихтэйгээс шалтгаалж хүүхдүүдийг дутуу эмчлэх тохиолдол гарч болзошгүй. Ер нь энд хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд дахин ирэх тохиолдол хэр байдаг вэ?

-Хүүхэд эдгэрэхдээ хурдан бай­даг. Дээр нь аль болох хурдан эмчлээд гаргахгүй бол бусад хүүхдээс халдвар авах магадлал өндөр байдаг юм.

-Хүүхдийн тасгаас гадна том­чуудын тасаг ч ачаалал ихтэй байх шиг байна?

-Хэвтэж эмчлүүлэх гэсэн хүн маш их байдаг. Бид биеэ үзүүлж байгаа иргэдийг ангилаад хүнд өвчтэй хүмүүсийг эхний ээлжинд хэвтүүлж зарим хүнийг нь хэд хоногийн дараа ир гээд буцаадаг. Үүнээс болоод бухимдах хүн их байдаг. Тэрбээр ийн ярив. Ямартай ч Баянзүрх дүүрэгт эмнэлгийн шинэ байр үгүйлэгдэж байна. Харин хэзээ эмнэлгийн шинэ байр ашиглалтад орж гялайлгах юм бол доо.

 

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих