Хүмүүнлэгийн цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд жиндүүхэн хүмүүжиж байна

5cf62463a7be96foriginal- Г.Уянга гишүүн тэдний хүсэлтийг хүлээж аваагүй -

Манай улсад цорын ганц хүмүүнлэгийн цэцэрлэг үүд хаалгаа нээсэн. “Ивээл” хэмээх нэрнээсээ утга учир өгүүлэх уг цэцэрлэг өнгөрсөн есдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Телевизийн шинэ эцсийн буудлын наахна талд “Зочид буудал”, “Баар”, “Ресторон” гэсэн хаягтай таван давхар саарал байшин байсныг тэр хавийнхан андахгүй. Гэр хороолол дунд цэнгээний төв байгуулагдсан нь согтуу хөлчүү хүмүүс холхиж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байгаа талаар иргэд өмнө нь гомдоллодог байсан. Үүнийг тус цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, Монголын үндэсний хүмүүнлэгийн сангийн тэргүүн С.Пүрэвсүрэн гэгч эмэгтэй худалдаж аваад цэцэрлэг болгосноор ойр орчмынхон амар амгалан амьдраад зогсохгүй, үр хүүхдээ цэцэрлэгт явуулах болсондоо туйлын их талархалтай байдаг юм билээ. Нийслэл маань хаяа тэлэхийн хэрээр сургууль, цэцэрлэг дутагдаж, улс орны шийдвэрлэвэл зохих эн тэргүүний асуудал болчихоод байгаа. Ийм л хүнд хэцүү үед зайлшгүй халамж шаардлагатай гэр бүлийн хүүхдүүдэд соёлын үр түгээж, сурган хүмүүжүүлэхээр сэтгэл зүрх шулуудан яваа тус цэцэрлэгийн хамт олноор бахархахгүй байхын аргагүй. Өмнө нь согтуу хөлчүү хүмүүсээс айж дальдарч явдаг байсан уг байшингийн хажуугаар одоо өнгөрөхөд хүүхдийн дуу цангинаж, дуу хуур эгшиглээд урьдын таагүй байдал замхарчээ.
Төрөөс нэг ч төгрөгийн татаасгүй эл цэцэрлэгт Баянгол, Чингэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн хагас өнчин, амжиргааны төвшин доогуур өрхийн 300 гаруй хүүхэд хүмүүждэг юм байна. Мөн хорих ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн зарим нэг хүүхэд ч байдаг гэнэ. Элэг нэгт монголчуудын хандив, сэтгэлийн дэмээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг цэцэрлэгт өдөр тутмын урсгал зардал хичээлийн хэрэглэл, хоолны мөнгөнөөс эхлээд ахуйн хэрэглээнд чамгүй мөнгө шаардагдах нь лавтай. Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэгсэд хэдийгээр тусалж байгаа ч 50 гаруй багш ажилчны цалин, цэцэрлэгийн тохижилтод зарцуулах мөнгө төдийлөн хүрэлцдэггүй гэнэ. Эл санхүүгийн байдлаас болж “Ивээл” цэцэрлэгийн цахилгааныг тав хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн цахилгаан шугам сүлжээний газраас хязгаарлажээ. Гэсэн хэдий ч биднийг очиход гал алдсан гээд хүүхдүүдээ тараалгүй гаазан плетка дээр хоолоо хийж, цэвэр тохь тухтай орчин угтсан юм. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг “Ивээл” цэцэрлэгт ороход орчин үеийн тохижилттой, ёстой л жишиг цэцэрлэг байсныг нуух юун. Даанч тэд өнөөдөр тоггүй, жиндүүхэн сууж байна. Учир нь 1700 метр кв талбай бүхий байрыг өмнө нь бага оврын нам даралтын зуухаар халааж байсан аж. Гэтэл утааг бууруулах хүрээнд цахилгаан халаалтад холбуулжээ. Мэдээж чамгүй том цэцэрлэг учраас сард цахилгааны төлбөр нь 3-4 сая төгрөг гарч сандаргаж, төсөв хүрэлцэхгүй болсон байна. Бусдын үр хүүхдийн сайн сайхны төлөө цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлүүлсэн С.Пүрэвсүрэн эрхлэгч хүүхдүүдээ цэцэрлэгээс нь завсардуулахгүйн тулд төр, засагт удаа дараа хандсан байна. Гэвч үүнийг анхааралдаа авч, гар сунгасан сэхээтэн байсангүй. Улс орон, аж ахуйн нэгж, иргэн хүүхдийн асуудлыг эн тэргүүнд тавих ёстой хэмээн үндсэн хуулиндаа заасан байдаг ч хэрэгжиж байгаа нь үгүй. Харин ч эсрэгээрээ болчихсон манай улсын бодит үнэн эндээс л харагдаж байх шиг. Эмэгтэй гишүүдийн санаачилсан цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд харах орчинг сайжруулах хуулийн төсөл улиг болтлоо л яригдаж байгаа. Гэтэл уг хуулийн төслийн багт ажиллаж байгаа Г.Уянга гишүүний нэрийг мандуулж, УИХ-ын сэнтийд залсан Чингэлтэй дүүргийн нутагт “Ивээл” цэцэрлэг байрладаг. Тэгэхээр Г.Уянга гишүүн “өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав” гэдгийн адил болж байна. Учир нь ийм орчин үеийн цэцэрлэг үүд хаалгаа нээж, эмзэг бүлгийн өдий олон хүүхдийг нэгтгэж, байр холоор хангаж байхад, хүнд үед нь яагаад тэдэнд сэтгэл гаргахгүй байна вэ. Тус цэцэрлэгийн удирдлагууд удаа дараа Г.Уянга гишүүнтэй уулзахаар очиход хүлээж аваагүй байна. Мөн л уг дүүргээс сонгогдсон төрийн түшээ Г.Баярсайханд 10 гаруй хоногийн өмнө эл асуудлыг хүргүүлэхэд “Очиж байдалтай танилцана” гэхээс өөр тус болоогүй аж. Ийм байхад хууль төрөөд ч яах билээ. Ядаж цахилгааны төлбөрөөс тэднийг хөнгөлөөд өгөхөд юу нь болохгүй гэж. Манай улсын Ерөнхийлэгч 20 хүрэхгүй асрамжийн хүүхдээрээ сурталчилгааны “бай” хийдэг. Гэтэл эгэл жирийн нэгэн хүмүүнлэгийн үйлстэн бүсгүйн нуруун дээр 300 гаруй хүүхэд байна шүү дээ. Хэдийгээр хүүхдүүдийн эцэг эх туслахыг хүсдэг ч боломж тааруухан айл өрх байдаг аж.

“Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй”
Саяхан фэйсбүүкээр зочилж явтал “Та Монголын үндэсний хүмүүнлэгийн санд нэгдэж, жилдээ нэг удаа 10800 төгрөгийг бусдын төлөө сайн үйлсэд хандивлаарай. Таны чин сэтгэлийн өглөг Чингэлтэй дүүргийн VII хороонд байрлах “Ивээл” халамжийн цэцэрлэгийн 346 хүүхдэд зориулагдана. Энэхүү халамжийн цэцэрлэг нь төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Сайхан сэтгэлт, элэг нэгт монгол ахан дүүс та нарын дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Таны сэтгэлийн өглөг 108 дахин арвижих болтугай” гэсэн захидалтай таарсан юм. Эндээс л уг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах сэдэл төрж тэднийхийг зорьсон юм. Би гэдэг хүн очих замдаа юу эсийг бодох билээ. “Халамжийн цэцэрлэг гэхээр цөөхөн хүүхэд л байгаа байх. Хүмүүнлэг нэрээр мөнгө идэж ч байж болох талтай. Ямартай ч гэр хороолол дунд нэг их тохилог цэцэрлэг угтахгүй л болов уу” гэж бодож явсандаа үүдээр нь ороод л ичсэн. “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” гэсэн уриа чанх өмнөөс угтана. Тэдний үйл ажиллагаа энэ зарчмаар явдаг нь сайхан санагдана. Одоо 12 бүлэг, 300 гаруй хүүхэд, 54 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа дан ганц хүүхдүүдэд чиглэдэггүй, тэдний эцэг, эхэд чиглэсэн амьжиргаагаа хэрхэн дээшлүүлэх талаар сургалт явуулж, ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг гэж дэд захирал Б.Алтантуяа нь онцолж байсан. Энэ зуур С.Пүрэвсүрэн эрхлэгчээс Монголын үндэсний хүмүүнлэгийн сан байгуулах болсон талаар лавлахад “Бүх улс орон аливаа эрсдэлээс хамгаалсан Үндэсний хүмүүнлэгийн сантай байдаг. Алийн болгон гадаадын хандив тусламжаар асуудлыг шийдэх билээ дээ. Энэ үүднээс Үндэсний хүмүүнлэгийн санг байгуулсан. Үүний үр дүнд манай цэцэрлэг үүд хаалгаа нээсэн” гэж байна. Бяцхан үрсээ эрүүл, аюулгүй орчинд хүмүүжүүлэхийн тулд тус цэцэрлэгийн багш, албан хаагчид нэн түрүүнд анхаарлаа хандуулдаг. Үүний нэгэн жишээ нь улсын цэцэрлэгт нэг хүүхдэд өгөх өдрийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр төсөвлөсөн байхад энэ цэцэрлэгийн үрс өдөрт 2800 төгрөгийн хоол хүнс хэрэглэдэг аж. “Ивээл” цэцэрлэг үдээс хойш дахин хоёрдугаар хоол хүүхдүүддээ өгч, гэртээ харихад нь “тэднийг хуурах” чихэр, жимс, ундаа өгч явуулдаг нь хэвшил болжээ. Таван давхар цэцэрлэгийн нэг давхарт хүүхдүүдийн өвөө эмээ нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан сандал ширээ байрлуулж, шатар даам өрсөн харагдав. Цөөнгүй буурлууд тухалж сонин сэтгүүл харах нь харж, зарим нь даам нүүж байв. Тэднээс хүүхдүүд нь цэцэрлэгтээ хэрхэн ханддаг талаар тодруулахад “Манай хүүхэд гэртээ ирээд хоол бараг иддэггүй. Амттай хоол өгдөг гэдэг юм. Түүнээс гадна хүүхэд маань маш тухтай, цэвэр цэмцгэр орчинд хүмүүжиж байна. Гэр хороололд хаана ч ийм цэцэрлэг байхгүй” гэж байлаа.

“Өндгөн цэцэрлэг”
“Ивээл” цэцэрлэгийн анги танхимаар ороод явж байхад бяцхан хүүхдүүд өндгөн хэлбэртэй саванд цэцэг ургуулсан байв. Түүнийгээ “минийх ийм гоё ургаж байгаа юм чинь” гээд л ам уралдан шулганах нь өхөөрдмөөр. Багшаас нь энэ талаар сонсвол Монголын үндэсний хүмүүнлэгийн сангийн санаачлагаар “Өндгөн цэцэрлэг” төслийг тус цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа нь энэ ажээ. Зориулалтын баглаатай өндгөн савтай цэцгийг ургуулахын тулд дээх нь хэсгийг нь хагалж хөрсөнд нь үрийг нь суулгаж, арчилсаар шар, цэнхэр, цагаан дэлбээтэй цэцэг ургадаг байна. Хүүхдүүд өглөө бүр өөрсдийн цэцгэндээ “Би чамд хайртай” хэмээх үгээр урамшуулж, усалж торддог гэсэн. Багш нар “Бид хүүхдүүдийг зүгээр нэг стандартын дагуу сургаж хүмүүжүүлэхээсээ илүүтэй, эх дэлхий, эцэг эх, найз нөхдөө хайрлах ухаанд өдөр бүр сургаж хүмүүжүүлдэг” хэмээн ярьж байлаа. Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж яваад хамгийн их дуу чимээтэй бүлгийн үүдэнд очлоо. Энэ нь Д.Тунгалаг багштай хөвгүүдийн дөрвөн настны бүлэг аж. Учир нь тус цэцэрлэг хүүхдүүдээ эмэгтэй, эрэгтэйгээр нь мөн нас насаар нь анги болгон хуваажээ. Энэ ангид ороход хөвгүүд ноцолдох нь ноцолдож, тоглох нь тоглож байгаа харагдсан. Д.Тунгалаг багш “Миний хүүхдүүд чинь сахилгагүй ч гэсэн хамгийн мундаг шүү” гэсэн үгээр тэднийг “өмөөрч” байсан юм. Цаашлаад охидын өрөөнд ороход тэд их эмх цэгцтэй байсан бол хоёр, гурван настнуудын зарим нь аав, ээжийгээ санасан уу, бишүүрхэнгүй сэтгэлээ дийлж ядан уйлж харагдсан.

Жишиг цэцэрлэг болох тэдний зорилго
С.Пүрэвсүрэн эрхлэгч юмны нарийн учрыг олж юмханаар юм хийчихдэг сэргэлэн, дайчин бүсгүй шиг санагдсан. Улсын болон ямар нэгэн байгууллагын хараа хяналт дор санхүүжилтээ зохицуулдаггүй атлаа энэ их айлыг нуруун дээрээ үүрч яваа “ганц” хүн. Халамжийн цэцэрлэгээ анх байгуулчихаад олны хэл аманд өртөж олон саад бэрхшээлтэй тулгарснаа ч нуугаагүй. Энэ бүгдэд шантрахгүй 2014 он гэхэд жишиг цэцэрлэг болох зорилго тавин аймаг, сум, дүүрэг болгонд “Ивээл” халамжийн цэцэрлэг байгуулна гэж ярьж сууна. Тиймдээ ч СХД-ийн 28 дугаар хороо, Сүхбаатар дүүрэгт салбараа нээж цэцэрлэгийн засвараа эхлээд дуусах шатандаа яваа гэнэ. Улсаас та бүхэнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү гэхэд “Бид хүүхдүүдийнхээ ядаж хоол хүнсний зардлыг төсөвтөө тусгаж өгөхийг уламжилж байгаа. УИХ- гишүүн Г.Уянгатай энэ асуудлаар олон дахин уулзах гэтэл ганц ч, эерэг хариу өгөөгүй” гэв. Учир мэдэхгүй шулганасан энэ олон хүүхдийн ээжийг орлож яваа энэ сайхан сэтгэлтэй эмэгтэйд туслах уудам сэтгэлтэй хүн олон бий гэдэгт итгэсээр “Ивээл“ цэцэрлэгээс гарлаа. Бусдын төлөө хийсэн буян тань буцаад дэлгэрэх болтугай.

О.Анужин: Олон дуу, шүлэг мэддэг болсон

 Гурван настнуудын бүлгийн О.Анужинтай цөөн хором ярилцлаа.

-Чиний цэцэг хамгийн гоё ургасан байна. Цэцгээ өдөр бүр усалдаг уу?
-Тийм ээ. Би бас цэцгэндээ өдөр бүр хайртай гэж хэлдэг. Тэгээд л гоё, хурдан ургаад байгаа байх.

-Ямар мундаг хүүхэд вэ. Цэцэрлэгт явах гоё байна уу?
-Гоё байна. Зөндөө олон найзтай болсон. Бас олон шүлэг, дуу мэддэг болсон. /Дуулж үзүүлэв/.

-Цэцэрлэгийнхээ хоолонд дуртай юу?
-Цэцэрлэгийн хоолондоо дуртай. Бас манай багш орой явахад гоё алим, ундаа өгдөг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

 


URL:

Сэтгэгдэл бичих