Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар тооцох асуудлаар хэлэлцлээ

440c4b4c81a953bb5b63aaa43bad770820a24afd ТЕГ-ын дэргэдэх Бизнес зөвлөл болон Монголын Банкуудын холбооноос хамтран Монгол улсын Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцлээ.
Уулзалт хэлэлцүүлэгт Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай, ТЕГ-ын даргын зөвлөх А.Тамир, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал, татварын улсын байцаагч  М.Загдсүрэн, Д.Болор-Эрдэнэ, Н.Бямбаа нар оролцлоо. Хэлэлцүүлэгт Монголын банкуудын холбоог төлөөлж, Гүйцэтгэх захирал Б.Найдалаа, хуульч Ч.Намжилмаа, Тээвэр хөгжлийн банк /Д.Энхтайван/, Худалдаа хөгжлийн банк/Ц.Ганбаяр/, “Капитал” банк, “Капитрон” банк, Улаанбаатар хотын банк /Ж.Эрдэнэбилэг /, “Голомт” банк/ Б.Баяраа /, “Эрэл” банк / Ц.Баярмаа, Саранцэцэг, / “Чингис хаан” банк / Туул/, Үндэсний хөрөнгө оруулалтын банк /Б.Алтанхуяг/-наас тус тус удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн.
Уулзалт хэлэлцүүлгийн үндсэн сэдэв болох Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Татварын Ерөнхий Газрын татварын улсын байцаагч М.Загдсүрэн танилцуулга хийж, тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан байр сууриа солилцов.
Арилжааны банкны төлөөллүүд хуулийн шинэчлэлийн хүрээнд ажиллахад гарч буй зарим асуудлаар Татварын албаны удирдлагуудаас асуулт асууж, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар хариулт авлаа.

Тухайлбал, банкны төлөөлөл:
-    Гадаадын элчин сайдын яамны ажилтан, албан хаагч Монголын арилжааны банкинд хадгаламжтай бол ХХОАТ-ын хуулийн дагуу татвар төлөх үү??
-    Хадгаламжийн хүүгээс гадна татвартай холбоотой асуудал байна. Жишээ нь олон улсын стандартад ч тэр, татварын хуулинд ч гэсэн аккурэль сууриар тооцно гэж байдаг гэтэл зарим орлогыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу зээлийн шимтгэлийг мөнгөн сууриар тооцож татвар төл гэсэн шаардлагыг тавьдаг, энэ бүгдийг цэгцлэх ямар боломж байгаа вэ хэмээн асуусан.
Банкны төлөөллийн асуултад Татварын Ерөнхий Газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал  хариулахдаа,
-    Гадаадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнуудын тухайд Олон улсын гэрээ, Женевийн конвенциор батлагдсан хоёр  улсын хоорондын гэрээ болон бусад эрхзүйн актаар тухайн ажилтанд олгосон эрх ямба нь хадгалагдаж буй тохиолдолд Монголын тал тус гэрээний дагуу татварыг тооцохгүй байж болно. Хэрэв тухайн улстай тусгайлан заасан гэрээ, заалт байхгүй бол Монгол Улсын ХХОАТ-ын тухай хуулийн дагуу татвар ногдуулна.
-    Харин татвар тооцох суурийг цэгцлэх асуудлаар Татварын алба нэлээд нухацтай ажиллаж байгаа бөгөөд Сангийн яаманд хандаж ярилцан нэгдсэн журмыг гаргаж шийдвэрлэх болно гэсэн хариултыг өглөө.
Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл: Гадаадын хуулийн этгээдүүд Монголын арилжааны банкууд дээр данс нээх асуудалтай холбоотой хүсэлтүүд ирдэг тухай болон гадаадын болон дотоодын иргэд үл хөдлөх хөрөнгө түрээслэхтэй холбоотой асуудлууд их гардаг. Энэ тохиолдолд татварыг иргэн жилийн эцэст тайлагнах үед заавал банкуудаас тодорхойлолт авчрах шаардлагатай болдог нь хүндрэл учруулж байна. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар тооцох тохиолдолд НӨАТ-ын асуудал давхар  хүндрэл болдог талаар,  татварын төлөлт хийгдсэний дараа банкин дээр олон улсын компани аудит хийж нэлээд цаг хугацаа шаарддаг. Аудитын шалгалтын дараа банкнууд засвар оруулах шаардлага гардаг боловч засвар хийх боломж байдаггүй гэх мэт олон асуудлаар Татварын албаны удирдлагуудаас хуулийн хэрэгжилтийг хангахад гардаг, гарч болох хүндрэлийн талаар дэлгэрэнгүй асуулт асууж, хариулт авч, харилцан байр сууриа солилцсон.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллахад банкуудад эхний ээлжинд учирч буй бэрхшээлийн талаар банкны төлөөлөл дараах байдлаар тайлбарлав. Тухайлбал,  Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар суутгахад гарч буй нэлээд хүндрэлтэй асуудал нь тухайн 1 хүн 5 хадгаламжтай байлаа гэж бодоход нэг данс нь 24 сарын хугацаатай байхаас гадна, бас өөр нэг хүний хадгаламжид давхар эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. Энэ нь хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу татвар тооцох хувь, хугацааг тооцоход банкуудын зүгээс үйл ажиллагааг маш их болгож байна гэлээ.
Банкуудын төлөөллийн нийтлэг асуулт гэвэл, хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу татвар ногдуулахдаа арилжааны банкинд данстай 18 насанд хүрээгүй хүүхдийн хадгаламжинд татвар ногдуулах эсэх тухай тодруулга байлаа. Энэ асуултад Татварын Ерөнхий Газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал хариулахдаа, хуульд заасанчлан “Хувь хүний орлогод ногдож буй татвар” тул татвар ногдоно гэдгийг тайлбарлалаа.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд хэрхэн ажиллах талаарх уулзалт хэлэлцүүлэг ийнхүү амжилттай, ажил хэрэгч болж өндөрлөсөн. Уулзалтын үеэр Татварын Ерөнхий Газрын удирдлагууд хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан татварын эрхзүйн зарим зөвлөгөөг анхаарч ажиллахыг Монголын банкуудын холбооны гишүүн банкуудад зөвлөв. Монголын Банкуудын Холбоо нь Татварын Ерөнхий Газрын дэргэдэх  “Бизнес зөвлөл”-ийн гишүүн учраас төлөөллөөрөө дамжуулан өөрсдийн санал бодлыг хэлж Татварын албатай бүхий л талаар хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Уулзалтын эцэст хуулийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэлийг шийдвэрлэх, шаардлагатай асуудлаар хамтарч ажиллахад  бүрэн нээлттэй байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Т.Батмагнай илэрхийллээ.
 

Татварын Ерөнхий Газрын Татвар Төлөгчдөд Үйлчлэх Газар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих